Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Баярцогтоо чи сонгуульд дэвшихээ болио” ДУУТ МЕССЭЖИЙГ олон улсын үйлчилгээ ашиглаж илгээжээ

Б.Ану
2016 оны 5 сарын 19
IKON.MN

"12345" гэх дугаараас өчигдөр зарим хүнд улстөрийн агуулга бүхий дуут мессэж ирсэн тухай иргэд өөрийн сошиол сувгаар мэдээлсэн билээ. 

Өмнө нь УИХ-ын гишүүдийн дугаараас бусдад улстөрийн агуулга бүхий мессэж ирж асуудал өндрөө авч байсан. Тэгвэл өчигдрийн дуут мессэж мөн л улстөрийн агуулгатай байсан нь анхаарал татаж байгаа юм. 

Энэхүү дуут мессэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн "Баярцогтоо чи сонгуульд дэвшихээ болио" гэсэн утга бүхий дуут мессэж байсан байна. 

Энэ талаар Мобиком Корпораци өөрийн вебсайт дээрээ "2016 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 16:25 цагт Мобиком Корпораци болон бусад үүрэн холбооны операторын зарим хэрэглэгчийн гар утсанд улстөрийн утга агуулга бүхий дуут мессэжийг зохион байгуулалттайгаар илгээсэн үйлдэл гарлаа. Мобиком Корпораци шуурхай арга хэмжээ авсны үр дүнд тус дугаарыг хааж, холбогдох байгууллагуудад мэдэгдээд байна..." гэсэн мэдэгдэл гаргаад байна. 

Тус асуудлаар өнөөдөр Мэдээлэл Технологи, Шуудан, Харилцаа, Холбооны Газар  шуурхай хуралдаан хийсэн байна. Хуралдааны талаар ХХЗХ-ны Зохицуулалтын албаны дарга Л.Гантулгатай холбогдож тодруулахад “ХХЗХ дээр оператор компаниуд болон манай хорооны холбогдох албан тушаалтнууд оролцсон шуурхай хурал хийлээ. Өчигдрийн дуут шууданг олон улсын үйлчилгээ ашиглан Монголын үүрэн болон суурин утас хэрэглэгчид рүү дуут шуудан илгээсэн болох нь тогтоогдсон.

ХХЗХ ажлын хэсэг байгуулж энэ санаатай үйлдлийг шалгахаар болсон. Гэхдээ чухам ямар хүн энэ үйлдлийг хийснийг манай байгууллага тогтоохгүй. Холбогдох хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэж ойлгож байна” гэлээ. 

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар хөгжихийн хэрээр улстөрийн бохир, захиалгат явуулга цаашид даамжрахыг үгүйсгэхгүй. Тиймээс ч олон нийтийг хамарсан онцгой арга хэмжээ, үйл явдлуудын үеэр мэдээлэл, харилцаа холбооны мэргэжилтнүүд, холбогдох төрийн байгууллагын харьяа аюулгүй байдлын ажлын хэсэг байгуулах талаар яригдаж байгаа талаар Л.Гантулга нэмж мэдээллээ.