Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

АТГ-ын даргын томилгоог хэлэлцсэнгүй

Ж.Отгон
2016 оны 5 сарын 19
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын даргын томилгоог хэлэлцэх байсан. Гэсэн ч уг асуудал хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй байна.

Тиймээс энэ талаар хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “АТГ-ын даргын томилгоог Хууль зүйн байнгын хороогоор хэзээ хэлэлцэх вэ. Байнгын хороо хууль зөрчөөд удаж байна. Танай бүлгийн завсарлагын хугацаа ч дууссан. Гэтэл яагаад одоо болтол хэлэлцэхгүй байна вэ” гэлээ. 

Үүний хариуд Байнгын хорооны дарга Д.Ганбат “Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхлэхээс өмнө цагтаа орж ирээд асуудлаа ярих хэрэгтэй. Өөрөө хоцорч ирчихээд янз бүрийн юм ярих хэрэггүй. Өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын даргын асуудлыг хэлэлцэхгүй. Байнгын хороо хууль зөрчөөгүй” гэв.

Уг нь Ерөнхийлөгчөөс АТГ-ын даргаар хурандаа Х.Энхжаргалыг томилуулах тухай хүсэлтийг УИХ-д энэ сарын 04-нд өргөн мэдүүлсэн. Хуулиараа УИХ-д нэр өргөн мэдүүлэгдсэн нөхцөлд долоо хоногт багтаан хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Гэвч эл асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан.

Завсарлага авах болсон үндэслэлээ тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Бүлгээр ярилцах шаардлага байна” гэж үзсэн юм. Харин тус бүлэг өнгөрсөн Даваа гарагт болох хуралдаанаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан билээ. Тэгвэл УИХ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Комиссар Н.Ганболд нь эрүүл мэндийн шалтгаанаар албанаасаа чөлөөлөгдөх шаардлага үүслээ гэсэн хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн байсан юм.

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар нийт таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтлоо. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн хуулийн төслүүд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг дэмжлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Комиссар гэдэг үг Монголын хөрсөнд хир нийцдэг юм. Гадаад орнуудад комиссар гэдэг нь АТГ, мөрдөх албанд тохирох байх. Түүнээс нийтийн хэв журам хамгаалах чиглэлийн цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх, тахарын алба зэрэг байгууллагад Комиссар гэдэг тохиромж муутай нэр томьёо болоод байна” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Комиссар гэдэг цолыг генерал болгож өөрчлөх Д.Лүндээжанцан гишүүний санал гаднаас харахад гадаад үгийг өөрчлөх гэж байгаа мэт харагдах ч тийм биш. Maнай том улс гөрийн тэнцвэрт байдлыг өөрчлөх санал. Цол дагаж бяр гэдэг үг байдаг. Том цол авах тусам том бяр ордог. Мөн цолыг олгож байгаа хүний бяр гэж нэг зүйл байдаг.

Одоо генерал цолыг Ерөнхийлөгч, комиссар цолыг ярьж байгаа төслөөр Засгийн газар олгоно. Тиймээс комиссар гэдгийг генерал гэдэг үгээр сольсоноор Ерөнхийлөгч эрх мэдлийг эрс нэмэгдүүлэх гэж байгаа шүү. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч прокурор, ATГ, Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрынхаа бүх цолыг шийдэх учир ирээдүйн Ерөнхийлөгч бүх эрх мэдлийг гартаа авсан хүн гарч ирэх гээд байна. Тиймээс комиссар гэдэг үгээ байлгах хэрэгтэй” хэмээлээ.

Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санаачлан боловсруулж, өнгөрсөн сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжив.

40 сая еврогийн зээл авах нөхцөл бүрдэх нь

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо найман асуудал хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлуудаас онцолбол, Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэн, дэмжив. Улмаар санал дүгнэлтээ Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Уг зээлийн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс 40 сая еврогийн зээл авах нөхцөл бүрдэх аж.

Зээл нь нэн хөнгөлөлттэй нөхцөлд хамаарч байгаа бөгөөд хугацаа нь 18 жил юм. Задаргааг нь сонирхвол 40 сая еврогийн долоон саяыг нь Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, долоон саяыг Эх хүүхдийн эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, долоон саяыг Улсын нэгдүгээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийг чадавхижуулахад зориулах аж.

Мөн долоон сая еврог Төрийн тусгай албаны эмнэлэг төсөлд, таван сая еврог Онцгой байдлын газрын гал унтраах техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөлд, долоон саяыг нь Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэхэд тус бүр зарцуулахаар төлөвлөжээ.

Үүний дараа Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх экспортыг дэмжих төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Харин УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дугаар шилжих мөчид үргэлжилж байлаа.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Батлан хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгаж дуусган, чуулга-ны нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Үүний дараа Зэвсэгт хүчний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байлаа. Харин УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байлаа. Уг нь өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг үдээс хойш хуралдуулах чиг барьсан ч хуралдаж амжихгүй боллоо.

Зураг