Монгол Улсын Гадаад хэргийн яам, Нидерландын Вант Улсын Гадаад хэргийн яам хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо амжилттай явагдаж өндөрлөв.
Талууд хоёр улсын харилцааг бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлж, хамтын ажиллагааг хоёр улсын хуримтлуулсан нөөц боломжид тулгуурлан хөдөө аж ахуйн чиглэлд идэвхжүүлж, худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хамтран ажиллахаар тогтов.
Түүнчлэн зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэхэд анхаарч, боловсрол, соёл зэрэг боломжтой бүхий л салбарт хөгжүүлэх боломжуудыг эрэлхийлж, тодорхой саналууд дээр хамтран ажиллахаар тохиролцов.
Нидерландын Вант Улс нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг анхнаас нь дэмжиж ирсэн Баруун Европын орнуудын нэг бөгөөд 1990-2011 онуудад хөгжлийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг дэмжих чиглэлд олон төслийг буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж ирсэн.
Үүний нэг тод илрэл нь Монголд төдийгүй дэлхий даяар устах аюулд өртөөд байсан зэрлэг тахийг Хустайн байгалийн цогцолборт газарт нутагшуулсан төсөл юм. Ирэх жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохионо.