Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: Ерөнхийлөгч та эвлэрүүлэгч бус эвдлэгчийн үйл ажиллагааг явуулсаар ирлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн засаглалын төлөө хамтран ажиллах саналд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хариу өгчээ. 

Н.Алтанхуяг “Шударга бусын хонгилыг бий болгосон хүн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” хэмээн мэдэгдээд байсан билээ. Энэ сарын 4-нд Төрийн ордонд тэрбээр мэдээлэл хийх үеэрээ “Хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг цөөхөн хүн бүхий хонгил бий болсон. Тэд таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ энэ хонгилоороо ямар ч шударга ёсны хэмжүүргүйгээр  зохиомол хэрэг бүхий ялтан, хэрэгтэн болгож явуулж байна. 

Энэ хуйвалдагчид Монгол Улсын тусгаар тогтнолд аюул занал учруулах бүхий эрх мэдэлтэй болж хүссэн шийдвэрээ зоргоороо гаргадаг боллоо. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг өнөөдөр нэр цохон хэлэхээс өөр аргагүй боллоо. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн байгуулсан шударга бусын хонгилоос айдаг. Тэр хүн бол “Шударга байцгаая”  гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” гэж байсан билээ. 

Харин Н.Алтанхуяг гишүүний энэхүү мэдэгдлийн хариуд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Миний тухай ярихаас хэн ч айх ёсгүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая” гэсэн саналыг жиргэсэн байсан. 

Ерөнхийлөгчийн энэхүү саналд Н.Алтанхуяг гишүүн “Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн Тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн" гэж заасан. 

Гэтэл Та сүүлийн хэдэн жилд эвлэрүүлэгч бус эвдлэгчийн үйл ажиллагааг явуулсаар ирлээ. Өнөөдөр Монгол Улсад маань Шударга ёсны хямрал бий болж, төрийн үйл ажиллагаанд хуйвалдааны бүлэглэл оролцох болсноор тэд нэр дэвшүүлэх болон томилох эрх мэдлээ увайгүй ашиглан хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг цөөн хүмүүсийн “Хонгил" үүслээ. 

Монгол Улсад Үндсэн хуулиар хууль тогтоох эрхийг Улсын Их Хурал, гүйцэтгэх дээд байгууллага нь Засгийн газар, Шүүх эрх мэдлийг гагцхүү Шүүх хэрэгжүүлэх ёстой. Гэтэл зарим Ерөнхийлөгчийн ажиллах үед Үндсэн хуульд байхгүй томилгооны эрхийг хуульд оруулах замаар өөртөө авч эдгээр институцүүдийн үйл ажиллагаа, эрх үүрэгт хөндлөнгөөс оролцсоноос төрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж төр самуурч түмэн олон гайхшаа барах боллоо

Та өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдоогүй олон томилгоонд оролцож байна. 

Тодруулбал: Төрийн албаны зөвлөлийн даргыг, Сонгуулийн ерөнхий хорооны 2 гишүүн, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг, ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 4 хүнийг, Хүний эрхийн үндэсний комиссын нэг гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон 4 гишүүнийг томилж байна. 

Та эдгээр томилгоонд оролцох Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүрэг байхгүй юм. 

Жишээ нь: Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана; 3 дахь хэсэгт “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана" гэж заасан байх авч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон 4 гишүүнийг Ерөнхийлөгч томилж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулж, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосноор мөн л Ерөнхийлөгч томилж байна. Энэ нь өөрийн томилсон хүмүүсээр шүүгчдийг санал болгуулан өөрөө томилж байгаа нь Шүүхийн хараат бус байдалд шууд нөлөөлж байгаа явдал юм.

Эдгээр томилгоонд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцох шаардлагагүйг анхааралдаа авч хуулийн засаглалыг зөв болгохын төлөө эдгээр томилгооноос татгалзах хуулийг Та санаачлан УИХ-д өргөн мэдүүлнэ үү

Төр төвшин түмэн олон амгалан байг” гэжээ.