Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мэнджаргал: 11.9 сая төл хүлээн аваад байна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал мал төллөлт, хаваржилтын байдлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар мал төллөлт ид явагдаж, нийт эх малын 50.3 хувь буюу 12.1 сая эх мал төллөж, 11.9 сая төл хүлээн аваад байна. Төлийн тоо өмнөх 7 хоногоос 1.9 саяар нэмэгдсэн байна.  Үүнээс 34.2 мянган ботго, 103.2 мянган унага, 309.9 мянган тугал, 6.2 сая хурга, 5.2 сая ишиг бойжиж, төл бойжилт 92.7 хувьтай байна.

Нийт малын хорогдол 931.4 мянга болж өмнөх 7 хоногоос 27.0 мянгаар нэмэгдсэн байна. Үүнээс: тэмээ 325, адуу 34.2 мянга, үхэр 90.5 мянга, хонь 334.6 мянга, ямаа 471.7 мянга буюу оны эхний нийт малын 1.7 хувийг эзэлж байна.
 
Хамгийн их хорогдолтой аймагт Сүхбаатар (149,220), Увс (147,994), Архангай (101,630),  Завхан (93,559), Баянхонгор (87,100)  аймгууд багтаж байна. Энэ нь оны эхний нийт малын 2.3-5.4 хувийг эзэлж байгаа юм.

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй, салхи шуурга ихтэй байгаа ч малын зүй хорогдлоос бусад хохирол гарсан мэдээ одоогоор ОБЕГ болон яамны Шуурхай штабт ирээгүй байна" гэлээ.

Дөрөвдүгээр сарын 21-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 22-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 24,25-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно.

Салхи 22-25-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар дулаан байна.

Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.