Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Байнгын хороон дээр унасан ч ЧУУЛГАНаар дэмжигдсэн хуулийн төсөл

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

- УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаас -

Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан "Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай" хуулийн төслийг гишүүдийн 87.9 хувь нь дэмжснээр хэлэлцэхээр боллоо.

Төрийн байгуулалтын Байнгын хороогоор дэмжигдээгүй уг хуулийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ "Гишүүдийг анхааралтай сонслоо. Бидний мөнгө зарахгүйгээр, өр тавихгүйгээр шийдэж болох асуудал бол хариуцлага.

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай бие даасан хууль байхгүй.

Төрийн өндөр албан тушаалтны хариуцлагын тухай яриад байдаг. Хариуцлага гэж ийм юм байдаг гэдгийг хуулийн хэлбэрээр харуулдаг болно. Төр хариуцлагатай байвал засаглал ёс зүйтэй болчихож байгаа юм. УИХ дээр үүнийг яриад хууль болгоод шийдчихвэл ёс зүй бий болно. 

Улс төрийн хариуцлага гэж юуг хэлээд байгаа юм бэ. Улс төрийн албан тушаалтан хариуцлагатай байх ёстой. Буруу зүйл хийсэн бол уучлал гуйдаг л байх ёстой. 

Хурлаа таслаад байдаг хүмүүстэй яаж хариуцлага тооцох вэ гэдгийг тодорхой харуулмаар байна.

Хэн нэгний дураар биш хуулиар хариуцлагын тогтолцоогоо зааж өгье. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх нь иргэдэд байх ёстой. Эгүүлэн татах асуудал гарлаа гэхэд хороо бүхэн дээр санал авдаг больё." гэв.

Хуулийн төслийн танилцуулгаас

Хуулийн төслөөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлохыг зорив.
Сахилгын хариуцлагыг хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд оногдуулахаар тусгалаа.
Улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 эсхүл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгав.
Албан тушаалтан өөрийн санаачилгаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг Монгол Улсад төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон зааж өгсөн бөгөөд  хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан.

Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төсөл