Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Ойрын 5 жилд НАРНЫ болон САЛХИНЫ эрчим хүчний 10 гаруй төсөл хэрэгжүүлнэ"

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 6
iKon.MN

Эрчим хүчний яам, Монголын салхины эрчим хүчний ассоциацийн хамтран зохион байгуулж буй Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долдугаар форум Корпорэйт зочид буудалд эхэллээ.

Үндэсний форумыг нээж УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ "Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд нар, салхи, ус, газрын гүний дулааны нөөцөө ашиглан 2.6 тера ваттын чадалтай эх үүсвэр байгуулах боломжтой гэж судлаачид тогтоожээ.

 

Тухайлбал, 2001 онд АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лаборатори болон монголын мэргэжилтнүүдийн хамтран боловсруулсан Монгол орны салхины нөөцийн атласт Монгол орны нийт газар нутгийн 10 гаруй хувь нь салхины арвин нөөцтэй бөгөөд энэхүү нөөцөө ашиглан 2.5 сая Гвт.ц цахилгаан үйлдвэрлэх боломжтойг тогтоожээ.

Мөн жилийн 270 хоногт цэлмэг, нартай байдаг Монголын говь нь нарны энергийн нөөцөөрөө дэлхийд Сахарын цөлийн дараа хоёрдугаарт ордог. Энэ бүгдээс үзвэл Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний асар их ирээдүй бий.

Бид эрчим хүчний бие даасан байдлаа нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэлээ хүчтэй тэлэхэд сэргээгдэх эрчим хүч чухал ач холбогдолтой. Өнөөдөр манай эрчим хүчний системд суурилагдсан сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээ нь 8 хувь байна.

Ойрын 5 жилд, нийт 1.5 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт бүхий нарны болон салхины эрчим хүчний 10 гаруй төсөл хэрэгжсэнээр бид сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ 600 МВт-аар нэмэгдүүлнэ.

Монгол Улс нь уул уурхайн салбараас хүчтэй хамааралтай. Тухайлбал өнөөгийн байдлаар манай нийт экспортын 80 хувь нь уул уурхайгаас бүрддэг. Гэсэн ч уул уурхайн салбар нь дэлхийн зах зээлийн үнээс хэт хамаардаг, ажил эрхлэлтэд онцын сайн нөлөөгүй, хязгаарлагдмал тул дангаараа бидний ирээдүйн хөгжлийн шаардлагыг хангаж чадахгүй. Иймд Монгол улсын хувьд эрчим хүчний экспортын гарцыг нээн, үүнд сэргээгдэх эрчим хүчийг оруулж өгөх нь чухал болоод байна." гэлээ. 

 

Нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нар үг хэлж, оролцогчдод амжилт хүсэв. 

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум нь 2008 оноос уламжлал болгон зохион байгуулагдаж буй салбарын албан ёсны хурал юм. Энэхүү форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарт өрнөсөн тухайн жилийн үйл ажиллагааг хэлэлцэн, ирээдүйд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл явцыг олон нийтэд танилцуулах, цаашид энэ салбарт хийгдэх шаардлагатай байгаа ажлуудыг хэлэлцдэг байна. 

Долдугаар форумын хүрээнд салбар хуралдаанууд зохион байгуулагдан, хэлэлцүүлгүүд явагдах юм.

Форумд гадаад улс орны төлөөлөгчид болон албаны хүмүүс, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, ТББ-ын төлөөлөл 300 гаруй оролцогч оролцож байна.

 
 


Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс