Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Тариаланчдад 25 тэрбум төгрөгийн ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ олгохоор болжээ

Г.Номин, iKon.mn
2016 оны 4 сарын 1
iKon.MN
 

Тариалалтын бэлтгэл ажил, тариаланчдын зээл болон хаваржилт, мал төллөлтийн талаар ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Б.Манансан нар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын эхэнд ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун тариалан эрхлэлтийн талаар мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр "2016 оны хаврын тариалалт хаяанд ирсэн байна. 

УИХ, ЗГ-ын шийдвэрийн дагуу 2016 оны тариалалтыг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 25 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж тариаланчдад зээл олгох шийдвэр гаргасан байна. 

ХХААЯ-ны зүгээс 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл гаргуулах шийдвэрийг ЗГ-аас гаргуулж, хүсэлтийг Хөгжлийн банканд  хүргүүлсэн. Ингээд Хөгжлийн банк  гуравдугаар сарын31-нд зээлийн хорооны шийдвэрээ гаргаж эхний ээлжинд 25 тэрбум төгрөгийн зээл гаргахаар тогтжээ.

Энэхүү хөнгөлөлттэй зээлийг Худалдаа Хөгжлийн банк, Хаан банк, Голомт банкаар дамжуулан тариаланчдад олгохоор болсон бөгөөд хоёр жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл гарна.

Ирэх долоо хоногоос ААН-үүд банкан дээр очиж зээлээ судлуулах нөхцөл бүрдэж байна. Ингэснээр хаврын тариалалт эхлэх боломжтой гэж үзэж байгаа" хэмээн ярилаа.

2015 оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан 6.4 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлсэн бөгөөд үрийн буудайн дутагдалтай байдлыг харгалзан дөрвөн аж ахуйн нэгжтэй дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулан нэмж найман мянган тонн үрийн буудайг импортоор авч 10-30 хувийн урьдчилгаатайгаар олгохоор хэрэгжилтийг зохион байгуулж байгаа ажээ.

Түүнчлэн тариалангийн үйлдвэрлэлд төрөөс үзүүлдэг уламжлалт дэмжлэгүүдийг өнгөрсөн оныхоос бууруулахгүйгээр олгохоор төлөвлөсөн байна. Үүнд,

  • 2016 оны тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд нийтдээ  5.5 мянган тонн шатахууныг 50 хувийн, 7.9 мянган тонн, нийлмэл бордоог 1 тонныг нь 400 мянган төгрөгөөр тооцож 75 хувийн, 447 тонн ургамал хамгааллын бодисыг 10-30 хувийн урьдчилгаатай олгож байгаа.
     
  • Нийлбэр дүнгээрээ 2016 оны тариалалтад импортын найман мянган тонн үрийн буудайг оролцуулахгүйгээр 20.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлтэй нөхцлөөр олгохоор шийдвэрлэжээ. 
     
  • 2015 оны ургацаас гурил үйлдвэрлэлд хүнсний буудай нийлүүлсэн 608 аж ахуйн нэгж, иргэдэд дөрөвдүгээр сарын 20-ны дотор багтааж мөнгөн урамшуулалыг олгох юм байна.

 

"Зудтай буюу зудархуу сумын тоо буурч хаваржилт сайжирч байгаа"

Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал Хаваржилт, мал төллөлтийн талаар мэдээлэл өглөө.

 

"Мал  төллөлтийн  хувьд  улсын хэмжээнд гуравдугаар  сарын 31-ний өдрийн байдлаар нийт эх малын 24.3 хувь  буюу 5.5 сая эх мал төллөж 5.4 сая төл хүлээн аваад байгаа нь  өмнөх долоо хоногоос 2.7 саяар нэмэгдлээ.  

Үүнээс 20.2 мянган ботго, 20.3 мянган унага, 101.3 мянган тугал, 2.7 сая хурга, 2.5 сая ишиг бойжиж,  төл бойжилт 97.8 хувьтай байна.

Аймгуудаас авсан цаг үеийн мэдээллийг нэгтгэн дүгнэж үзэхэд: одоогийн байдлаар нийт малын хорогдол 799.7 мянга болж,  өмнөх долоо хоногоос 118.6 мянгаар нэмэгдлээ. Үүнээс тэмээ 255, адуу 29.3 мянга, үхэр 79 мянга, хонь 286.3 мянга, ямаа 404.8 мянга буюу оны эхний нийт малын 1.4 хувийг эзэлж байна. 

Хамгийн их мал хорогдолтой аймгууд нь Сүхбаатар (130,211),  Увс (122,275), Архангай (95,517), Баянхонгор (78,287), Завхан (77,745), аймгууд байна. 

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд цастай байгаагаас

  • Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Завхан аймгийн Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Идэр, Отгон, Улиастай, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Яруу, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цэцэн-Уул сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Хяргас, Түргэн, Малчин, Тэс сумын нутгаар цасны зузаан 20-64 см (нягт 0.12-0.35 гр/см3)-т хүрч нийт 3 аймгийн 22 сум “Цагаан зуд”-тай;    
     
  • Увс аймгийн Давст, Улаангом, Сагил сум, Завхан аймгийн Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Чандмань-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум цасны зузаан 10-19 см (нягт 0.10-0.27 гр/см3)-т хүрч нийт 4 аймгийн 10 сум “Цагаанаар зудархуу” байна. 

Зудтай буюу зудархуу сумын тоо буурч хаваржилт сайжирч байгаа" гэлээ.

Цаг агаарын сэрэмжлүүлэг
Ус, цаг уур орчны шинжилгээний газрын сэрэмжлүүлэх мэдээгээр өнөө шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурах, өнөө, маргаашдаа нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг нийт малчид, иргэдэд анхааруулж байна.