Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

"АСЕМ-ийн сайн дурын ажилд 1,500 шигшмэл оюутан хэрэгтэй"

ikon.mn
2016 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Энэ оны долдугаар сард Монгол Улсад болох АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажил, уулзалтын үйл ажиллагааны үеэр Монголын их, дээд сургуулиудыг сайн дурын ажилд хамтран оролцохыг урьсан арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт боллоо. 

Их, дээд сургуулиудын удирдлагын уулзалт дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “АСЕМ-д Европын 30, Азийн 21 улс, олон улсын хоёр байгууллага, нийтдээ 53 субъект багтсан нэр хүнд бүхий олон улсын байгууллага юм. АСЕМ нь дэлхийн нийт хүн амын 60 хувь, дэлхийн эдийн засгийн 58 хувийг багтаасан байдаг. АСЕМ-ийн үйл ажиллагаа нь улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын гэсэн гурван чиглэлтэй.

Түүний нэг онцлог бол өөрийн гэсэн суурин бүтэц байдаггүй. Албан бусаар уулзаж, тэр үеэрээ дээрх 3 чиглэлээр уулзалт, яриа зохион байгуулдаг. Монголд хийх арга хэмжээний үеэр 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт, 20 жилийн ой нь давхцаж байгаа. Хоёр жилд нэг удаа уулзалт болдог. Нэг нэг улсад ээлжлээд явах юм бол 100 жилд нэг л удаа нэг гишүүн оронд болохоор байгаа.

Монголд ийм олон улс цуглаж байсан түүх миний мэдэхээр 1600-гаад оноос хойш байхгүй. Хэдэн зуун жилийн дараа Монголд ийм олон орны төр, засгийн тэргүүнүүд ирэх хариуцлагатай ажил ногдож байна.

АСЕМ-ийг зохион байгуулна гэдэг бол нэгд, нэр төрийн хэрэг. Хоёрт, асар том хариуцлагатай ажил юм. Энэ ажлыг хэвлэл мэдээлэл, зочид буудлынхан, ард иргэд, улс төрийн намууд бүгд дэмжиж байгаа. АСЕМ-ийн 20 жилийн ойн үеэр Монголд олон чухал үйл явдал болно. Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, УИХ-ын сонгууль гээд олон үйл явдал болно.

АСЕМ-ийн чуулганы хүрээнд ирэх 4 дүгээр сараас эхлээд долдугаар сарын 16 хүртэл 10 гаруй том арга хэмжээ болно. Эдгээрт 4,000 гаруй зочид, төлөөлөгчид, 800-1,000 орчим сэтгүүлчид ирнэ.

Аливаа ажлыг бүгдээрээ хамтарч хийдэг. Энэ ажлыг Монголын их, дээд сургуулиуд маань дэмжээч гэж хүсч байна. Их, дээд сургуулиудыг сайн дурын үндсэн дээр, сайн оюутнуудаа сонгож, сайн дурын багт ажиллуулаач гэж хүсэлт тавьж, урилга өгч байна. Сайн дурын ажилд нийтдээ 1,200-1,500 шигшмэл оюутан хэрэгтэй гэж үзэж байна” гэлээ.

Сайн дурын ажил хийх оюутнууд АСЕМ-ийн зочдыг угтах, үдэх, баримт материал тараах, сэтгүүлчдэд туслах, хэрэгтэй үед хэлмэрчлэх, шаардлагатай үед ачаа бараа зөөлцөх, замын хөдөлгөөн зохицуулах зэрэг ажилд туслах ажээ. Ажиллах оюутнуудад сэтгэл, зүтгэл, сахилга, хариуцлага хамгийн чухал гэдгийг мөн хэлж байлаа.

 

Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар энэ үеэр хэлэхдээ “Хэвлэл, мэдээллийн байгууллагууд АСЕМ-ийн төлөө хамтарч ажиллахаа мэдэгдэж хамтарсан арга хэмжээ зохион байгуулж байсан. Зарим хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай Монголд хийх АСЕМ-ийнн чуулганыг гадаадад сурталчлах, иргэдэд АСЕМ-ийг зөв ойлгуулах чиглэлээр гэрээ хийсэн.

Зарим PR компаниуд зөвлөгөө өгөөд ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр хөршөө урьж Монголоо дэлхий дахинд таниулж байсан бол одоо 2 тивийг урьсан том арга хэмжээ зохион байгуулахаар болоод байна. Тухайн үед Монголд АСЕМ-ийг хуралдуулахаар болсон нь Монголд Улс төрийн олимпийн эрх авсантай дүйх явдал боллоо гэж хэлж байсан. Хэвлэл, мэдээллийн ажилтнууд АСЕМ-д нэгдэж ажиллахаар болсны дараа 3 дугаар сарын 16-нд дэмжигч байгууллагуудын хандивын үдэшлэг болсон. Тэнд хэвлэл, мэдээллийн байгууллагууд оролцож, нийт дүнгээрээ нэг тэрбум 500 сая төгрөгийн эфирийн цаг, сонины талбайгаа хандивлахаар болсон.

Үүнтэй адилхан та бүхэн бидэнд оюутнуудаараа хандив өгөөч гэж урьж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт АСЕМ-ийн дараа бий болсон дэд бүтцээ ашиглан улс төрийн туризм хөгжүүлнэ гэдгийг хэлж байв.

Их, дээд сургуулиудын удирдлагууд АСЕМ-ийн үйл ажиллагаанд оюутнуудынхаа хүчээр хамтарч оролцоно гэдгээ илэрхийлэв.

Ерөнхийлөгчийн  дэргэдэх Иргэний танхимд болсон уулзалтын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Ерөнхий сайдын зөвлөх Есөнмөнх нар болон АСЕМ-ийн ажлын хэсгийн гишүүд, их, дээд сургуулиудын удирдах ажилтнууд оролцсон юм.

 

Эх сурвалж: president.mn