Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Ганзориг: 2020 он гэхэд ТУУЛ усан цогцолборыг барьж дуусах боломжтой

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

"Туул усан цогцолбор" төслийн техник, эдийн засгийн үндэслэл, техникийн зураг боловсруулах талаарх хэлэлцүүлэг уулзалт өнөөдөр Чингис зочид буудалд боллоо.


Тус төслийн талаар зөвлөх байгууллага буюу "Prestige group"-ын дэд захирал Ш.Ганзориг хэлэхдээ "Монгол Улс нь хэрэглээний усаа ганцхан эх үүсвэр буюу газрын доорх усаар хангадаг. Гэтэл дэлхийн томоохон улс орнууд гадаргын усыг ашигладаг.

Манай улсын усны мэргэжилтнүүд гадаргын усыг ашиглах талаар 1970 оноос хойш ярилцаж, судалгаа хийж байсан. Гэвч тухайн үеийн эдийн засгийн байдал, мөн техник, эдийн засгийн үндэслэл, техникийн зураг боловсруулах ажил чанартай хийгдээгүйн улмаас энэ асуудлыг шийдэж чадаагүй.

УБ хотын газрын доорх усны нөөц хомсдож байгаа бөгөөд 2020 он гэхэд нөөц нь хязгаарт хүрэх аюултай байна. Ийм учраас нэмэлт эх үүсвэр буюу Туул голын гадаргын усыг хэрхэн ашиглах вэ гэсэн санаа гарч ирсэн.

"Туул усан цогцолбор" төслийн хүрээнд техник, эдийн засгийн үндэслэл, техникийн зураг боловсруулах ажлыг Ус сувгийн удирдах газар, НЗДТГ-аас захиалга өгч, манай байгууллага болон Солонгосын "Yooshin" инженеринг корпораци ахлан хариуцсан бөгөөд "Kyunghwa", "Ecobase" компаниуд хамтарч тус судалгааны ажлыг хийсэн. 
 

Өнөөдөр бид судалгааны ажлынхаа талаар мэргэжлийн хүмүүстэй санал бодлоо солилцож байна.

Гадаргын усны онцлог:

  • Богинохон хугацаанд нөхөн сэргээгдэх
     
  • Усны нөөцийг зөв, зохистой ашиглах
     
  • Байгаль орчныг хамгаалах

Ач холбогдол:

  • Эх үүсвэрийн асуудлыг шийдэх
     
  • Үерийн хор, хөнөөлөөс сэргийлэх /үерийн үед усыг хурдан хуримтлуулж авах/
     
  • Байгаль орчныг хамгаалах /гол таслалт асуудалгүй болох/

Боомт барих байршлын хувилбарууд:

  • Гачуурт, Налайх хоёрын дунд
     
  • Туул, Тэрэлжийн бэлчир дээр
     
  • Туул голын ойр хавьцаа барих боломжтой гэж судалсан.

Төсөв: 400 орчин сая ам.доллар 

Жич: Санхүүжилтийн асуудлыг ЗГ шийдэх болно.

Хугацаа: Санхүүжилт болон ажлын зураг, байршил зэрэг нь шийдэгдвэл ойролцоогоор 4-5 жилийн дараа буюу 2020 он гэхэд барьж дуусах боломжтой.

Техник, эдийн засгийн үндэслэл, техникийн зураг боловсруулах ажлын талаар хэлэлцүүлгээс гарсан нэмэлт санааг нэмээд ирэх сард батлуулах төлөвлөгөөтэй.

Үүний дараа хэн барих, ажлын зураг, хаана барих, санхүүжилт гэсэн асуудлуудыг НЗДТГ болон ЗГ шийдэх болно" гэлээ.