Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Бургастайн боомтод дэд бүтэц ОГТ БАЙХГҮЙ"

Г.Номин, iKon.mn
2016 оны 2 сарын 23
iKon.MN

Гадаад Хэргийн Яамны "Мэдээллийн цаг" уулзалтад ГХЯ-ны Олон Улсын эрхзүйн газрын дэд захирал Д.Билэгдорж оролцон БНХАУ-руу албан ёсоор түүхий мах экспортолж эхэлсэн талаар мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг mpa.mn 2016.02.23

Тэрбээр "ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн хоёрдугаар сарын 19-нд Говь-Алтай аймгийн Бургастайн боомтод томилолтоор ажиллалаа. Томилолтын гол зорилго нь Монгол Улсаас Хятад улс руу түүхий мах экспортлох үйл ажиллагааг эхлүүлэх байлаа.

Бургастайн боомт нь Говь-Алтай аймгийн Алтай суманд байрладаг. 2004 оны Монгол Хятадын хилийн боомт болон тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн дагуууг боомт нь жил бүрийн тэгш тоотой саруудад 11-30 хооронд ажиллахаар тогтсон байдаг. Үүний дээр  жил бүхэн хоёр улсын гадаад хэргийн яам нот солилцох замаар  нэмэлт өдрүүдийг томилдог. Сүүлийн жилүүдэд хэлэлцээр дээр тохирсон өдрүүдээс гадна тэгш тоотой саруудын 1-10-ны өдөр боомтыг нээнэ гэж харилцан тохиролцон ажиллаж байгаа. Тэгш тоотой саруудад Бургастайн боомт сарын турш бүтэн ажиллаж байгаа гэсэн үг.

Боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэх Засгийн газрын тогтоол 2012 онд гарсан байдаг. Мөн Хятадын талтай яриа хэлэлцээр хийж тохиролцчихоод байгаа. 

Цаашид уг боомтыг хоёр улсын яамдууд харилцан тохиролцсоны дагуу Монгол Улсын баруун таван аймгаас БНХАУ-руу мах экспортлох боомт байхаар тогтоод байна. Баруун аймгуудын махыг ганцхан Бургастайн боомтоор гаргана" гэлээ. 

 

"Боомтын ажилтнууд тоггүй гэрт амьдарч, 30 гаруй км-н зайнаас ундны усаа зөөж хэрэглэж байна"

Түүнээс Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын үйл ажиллагааны талаар зарим зүйлийг тодрууллаа. 

- Боомтын байнгын ажиллагаанд шилжүүлэх ЗГ-ын тогтоол гарчихсан. Хоёр улс ер нь тохиролцчихсон гэлээ. Хэзээнээс байнгын ажиллагаанд шилжих вэ?

- 2012 онд гаргасан ЗГ-ын тогтоолоор дөрвөн боомтиыг байнгын ажиллагаанд шилжүүлэх болсон. Үүний дагуу бид Хятадын талтай хамтран ажиллаж, дөрвүүлэнг нь байнгын ажиллагаанд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн хариуг аваад байгаа. Ингээд шилжүүлэх гэхээр хамгийн эхэнд тулгарч байгаа бэрхшээл дэд бүтцийн асуудал байна. 

Бургастайн боомтод гэхэд дэд бүтэц бараг байхгүй гэж хэлж болно. Тэнд ажиллаж байгаа боомтын ажилтнууд гэрт амьдарч, 30 гаруй км-н зайнаас ундны усаа зөөж хэрэглэж байна. Цахилгаан, дулаан байхгүй.  Боомтын албан тасалгаа стандартын шаардлага хангахгүй байгаа. 

Мөн шалган нэвтрүүлэх цэгээс хилийн зурвас хүртэл 5 км хар зам байх ёстой. Гэтэл одоо болтол шороогоороо байгаа. Дэд бүтэц огт байхгүй учраас байнгын ажиллагаанд шилжүүлэх боломжгүй байна. 

 

- Эхний удаад 16 тонн мах экспортоллоо. Боомтын хувьд өдөрт, сард ч юмуу хэчнээн тонн мах хилээр гаргах хүчин чадалтай вэ?

- Боомтын хувьд тодорхой хугацаанд тийм хэмжээний мах гаргах боломжтой гэсэн тоо өгөөгүй. Гэхдээ өнгөрсөн жилүүдийнх нь үйл ажиллагаанаас харахад ачаалал ихтэй өдрөө 200-250 машин гаргаж байсан. 16 тонн мах гэдэг бол нэг контейнер мах. Тэгэхээр боомтын хүчин чадал бол хангалттай.

Тэнд яригдаж байгаа гол асуудал бол дэд бүтэц болон боомтын ажилтнуудын ажиллаж амьдрах нөхцлийн л асуудал байгаа.