Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

"АСЕМ-ын уулзалтад зориулж машин худалдаж авахад төсвөөс нэг ч төгрөг гараагүй"

Г.Номин, iKon.mn
2016 оны 1 сарын 26
iKon.MN
 

Гадаад Хэргийн Яамнаас долоо хоног бүр зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

АСЕМ-ын 20 жилийн ойн арга хэмжээг Чингисийн талбайд зохион байгуулна

Мэдээллийн цагийн эхэнд ГХЯ-ны ТНБД Д.Ганхуяг АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд зургаан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгүүд тогтмол хуралдаж, асуудлуудаа шийдээд явж байгаа. Ерөнхий бүтцийн хувьд ГХЯ голлон ажиллах учраас ажлын хэсгүүдийн нарийн бичгийн даргаар яамнаас хүмүүс томилсон. 

Мөн улс хариуцсан ажилтнуудыг томилсон байгаа. 51 улс хоёр ОУ-ын байгууллагыг төлөөлсөн 53 дипломат ажилтнууд томилоод ажилд нь оруулсан. Эдгээр хүмүүс тус тусын улсаа дагнан хариуцаад явна.

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг дагалдаж олон хурал, уулзалт төлөвлөгдсөн. Эдгээр уулзалтууд дөрөвдүгээр сараас долоодугаар сар хүртэл хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд нийт есөн уулзалт болно. 

Ингээд долоодугаар сарын 15,16-нд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болж, гол арга хэмжээнүүдийг Шангри Ла зочид буудалд зохион байгуулна. 

Эхний өдөр буюу долоодугаар сарын 15-нд АСЕМ-ын 20 жилийн ойн арга хэмжээ болно. Ойн арга хэмжээг Чингисийн талбайд зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 

Уулзалтын үеэр ирсэн зочид төлөөлөгчдийг ангилан албаны хүмүүсийг Шангри Ла, Туушин, Блү Скай зочид буудлуудад буулгах бөгөөд бусад зочдыг сонгогдсон 47 буудалд байрлуулна" гэлээ.

 

Ерөнхийлөгч энэ сарын 19-23-ны өдрүүдэд Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад амжилттай оролцлоо

ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал Д.Гэрэлмаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод ирсэн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны нэгдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад амжилттай оролцоод ирлээ.

  • Нэгдүгээр сарын 19-ний өдөр ДЭЗЧ уулзалтыг үндэслэгч, тус байгууллагын тэргүүн МУ-ын Ерөнхийлөгчид бараалхаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон. Тухайлбал, 2017 онд Зүүн Азийн Эдийн засгийн форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулах  талаар ярилцсан.
     
  • Нэгдүгээр сарын 21-ний өдөр ДЭЗЧ уулзалтын  хүрээнд зохион байгуулагдсан Дэлхийн усны асуудлаарх тусгай хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч оролцож, улсынхаа байр суурийг илэрхийлэн үг хэлсэн. 
     
  • Нэгдүгээр сарын 22-ны өдөр Дэлхийн лидерүүдийн тусгай буюу өндөр түвшний уулзалтад Ерөнхийлөгч оролцсон. 

ДЭЗЧ уулзалтад оролцох үеэрээ МУ-ын Ерөнхийлөгч НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүн, Дэлхийн банкны ерөнхийлөгч, Олон Улсын Валютын Сангийн ерөнхийлөгч, Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгч зэрэг олон улсын байгууллагын удирдлагуудтай уулзсан. 

Мөн Давосын чуулга уулзалтын үеэр нэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсыг сурталчлах зорилготой "Монголын үдэш" нэртэй соёлын арга  хэмжээ зохион байгуулж, Ерөнхийлөгч нээж үг хэлсэн" хэмээн ярилаа.


Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- АСЕМ-ын хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ, уг уулзалтад зориулж 50 ширхэг бенз автомашин худалдаж авсан гэсэн мэдээлэл байсан?

- 2016 оны төсөвт АСЕМ-ын арга хэмжээнд зориулж 20 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. 

Автомашин бол худалдаж аваагүй байгаа. 45 машин шаардлагатай хэдий ч уулзалтын дараа зарах боломжгүй учраас авах шийдвэрийг яаран гаргаагүй. 

Төрд үйлчилж байгаа авто машинуудаас гадны төрийн тэргүүн, төлөөлөгчдөд унуулах боломжтой эсэхийг судалж үзсэн. Гадны төрийн тэргүүнүүдэд унуулчихаар тийм машин бол байхгүй юм билээ. 

Тиймээс хувийн компаниуддаа санал тавьж байгаа. Хувийн компаниуд гаднаас машин оруулж ирээд гурав хоног улсад хэрэглүүлээд дараа нь зарах боломжтой гэвэл бидний зүгээс Гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх боломжтой гэсэн санал тавиад, УИХ-д хуулийн төсөл өргөн барьчихсан байгаа. Уг хуулийн төсөл батлагдаад гараад ирвэл том дэмжлэг болно.

Та бүхэнд хариуцлагатайгаар хэлье. АСЕМ-ын уулзалтад зориулж машин худалдаж авахад төсвөөс нэг ч төгрөг гараагүй. 

- "АСЕМ Вилла" хотхоныг байгуулж байгаа. Уулзалтын дараа тус хотхоныг ямар зориулалтаар ашиглах вэ?

- Бид хувийн хэвшлийг дэмжиж, банкнаас зээл авах, байшин барилга барихад нь дэмжлэг үзүүлсэн. Улсаас ямар нэгэн хөрөнгийн дэмжлэг үзүүлээгүй. Хувийн хэвшлийн таван компани хамтарч, өөрийн хөрөнгөөрөө барьж, байгуулж байгаа.

Уулзалтын дараа "АСЕМ Вилла" хотхоныг хэрхэн ашиглахыг хувийн хэвшлийнхэн өөрсдөө шийднэ.