Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Найдалаа: Цэцийн шийдвэрийг эсэргүүцэх нь энэ чигээрээ ломбард шиг байцгаая гэсэнтэй адил

Хөдөлмөрийн Үндэсний Нам
2016 оны 1 сарын 15
Хөдөлмөрийн Үндэсний Нам
Зураг зураг

Эдийн засагч, санхүүч Б.Найдалаатай ярилцлаа.

-Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлт гарсантай холбоотойгоор арилжааны банкууд ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн олголтоо түр зогсоосон нь олон хүний бухимдлыг төрүүлэх шалтгаан болоод байна. Цэцийн дүгнэлтээс үүдэж найман хувийн зээл зогслоо гэж ярих улстөрч олон болж байх шиг. Цэцийн шийдвэрээс үүдэж үнэхээр ийм нөхцөл байдал үүсчихэв үү?

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт ипотекийн найман хувийн зээлтэй огт хамааралгүй асуудал.

Энэ бол зөвхөн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлтэй холбоотой шийдвэр. Харамсалтай нь, үүнийг олон хүнд таалагдах, сонирхол төрүүлэх, улс төрийн өчүүхэн хонжоо олох үүднээс нь улс төржүүлж, гол асуудлаас нь зайлуулаад байна уу гэж бодож байна. Цэцийн дүгнэлт бол найман хувийн хүүтэй зээлийг зогсоох эсэх тухай огт биш, харин Монгол Улсад үл хөдлөх хөрөнгийн барьцааны харилцаа ямар байхыг, ямар чиглэлд хөгжих ёстойг тодорхойлсон маш чухал шийдвэр.

Энэ асуудал дээр улс төрчид, их мэдэгч их хурлын гишүүд дураар дургиж дунд чөмгөөрөө жиргэж байхад учрыг мэдэх хуульчид, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд чимээгүй байгаа нь харамсалтай.

Энэ бол улс төрийн бодлогын асуудал биш, мэргэжлийн, салбарын асуудал.

-Цэцийн дүгнэлт гарсан даруйд найман хувийн хүүтэй зээлийг зогсоолоо, иргэдэд халтай шийдвэр гаргалаа гэсэн чимээг олон нийтэд өгчихсөн болохоор иргэдэд эмзэг туссан байх. Арилжааны банкууд ч найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгох боломжгүй боллоо гэсэн мэдэгдэл гаргасан шүү дээ?

-Асуудлыг улс төрийн зорилгоор нийтэд буруу ойлгуулж, улс төржүүлж, олон нийтийн тархийг угаасны, бид угаалгасны нэг тод жишээ.

Угтаа бол иргэн таны эрхийг баталгаажуулж байгаа хэрэг. Зээл зогсоочихлоо гэж муйхар буруутгахаас өмнө ямар учир начиртайг сайн тунгаах хэрэгтэй. Банкныхныг бас шууд буруутгаж болохгүй юм. Хэрвээ улс төржүүлж, олныг төөрөгдүүлж, турхирч, сонгуулийн шоу болгоогүй бол банк зээлдэгчидтэйгээ шинэ нөхцөлд ойлголцоод ажиллаад явах байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Давтаж хэлэхэд Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр зөв. Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа гуай ярилцлагадаа маш тодорхой тайлбарласан байна лээ. Харамсалтай нь учрыг ойлголгүй, эсвэл зориудаар хэсэг нөхөд бүдүүлгээр дайрч давшилсан байсан.

-Яагаад зөв гэж?

-Энэ их хялбархан.

Иргэд барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөө өөр газар давхар барьцаалж, эсвэл бүр зарж болох ёстой. Энэ эрхийг л цэц хамгаалж шийдвэр гаргасан. Бидний хүсч тэмүүлээд байгаа АНУ, Японд байна уу гадаадын тогтсон эдийн засаг, хөгжсөн улсын санхүүгийн салбарт яг ийм харилцаа байдаг.

Гэтэл өнөөдөр Монголд зээлээ төлж дуусч, бүртгэлийн газраас гэрчилгээгээ салгаж байж сая нэг зарах, эсвэл шинээр зээл авах боломжтой болдог доо. Зээл авч төлж үзсэн бүх хүн мэднэ. Энэ бол ломбардны түвшний харилцаа. Тэгэхээр Цэцийн шийдвэрийг эсэргүүцнэ гэдэг нь барьцааны харилцаагаа, салбараа хөгжүүлэхгүй, энэ чигээрээ л ломбард шиг байцгаая гэсэнтэй адил.

Харин энэ харилцааг зохицуулсан зөв, нээлттэй бүртгэлийн системийг хөгжүүлэх, шаардлагатай зуучлагчдын эрх үүргийг тодорхой болгох нь маш чухал. УИХ-ын гишүүд уг нь ганцхан энийг л хийх ёстой хүмүүс.

-Цэцийн дүгнэлтээс үл хамаараад найман хувийн хүүтэй зээлийг хэвийн олгоод явах боломжтой байсан гэсэн үг үү?

-Хэрвээ олны анхааралд аваачиж, улс төржөөгүйсэн бол болно гэж бодож байна.

Арилжааны банкуудыг ойлгож болно. Тэдний буруу биш. Богино хугацаанд эрсдэл үүсэхэд түүнийг нь шийдэх нарийн зохицуулалт, эрх зүйн орчин байхгүй. Дээрээс нь, зээлдэгчид, олон нийт, банкууд өөрсдөө ийм харилцааны туршлагагүй байна. Хамгийн гол нь, найман хувийн хүүтэй зээл зогсоосныг улс төрийн оноо авахад ашиглаж байгаа нь ноцтой асуудал юм.

Салбарынх нь хөгжлийг харахгүй, мэдэхгүй байж УИХ-ын гишүүд нь дур мэдэн Цэцээс давсан, дахиад Иргэний хуульдаа өөрчлөлт оруулах тухай мэргэжилтний хувьд огт ойлгохгүй утгагүй шийдэл барьж аваад түүнийгээ олон нийтэд буруу тайлбарлаж байгаа нь зохисгүй.

Найман хувийн хүүтэй зээлийг зогсоосон нь Цэцийн шийдвэртэй холбоотой мэтээр мушгиж байгаа өөрөө байж болохгүй зүйл. Үнэхээр Монгол Улсын санхүүгийн салбарыг хөгжүүлэе гэж байгаа бол зайлшгүй барьцааг давхар олгох замаар эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой.

Үүнийг ойлгохгүй бол энэ асуудалд УИХ-ын гишүүд оролцоод хэрэггүй гэж хэлмээр байна.

 

-Таныхаар ипотекийн зах зээлийг яаж явуулах ёстой юм бэ?

-Маш энгийнээр тайлбарлая.

Таны барьцаанд тавьсан байр таных хэвээр учир худалдах, дахиж барьцаалаад зээл авах нь таны эрх гэсэн үг. Үндсэн хуулийн цэцийн саяын дүгнэлт үүнийг л баталгаажуулсан юм. Харин тэрхүү эрхийг нь баталгаажуулж, нээлттэй мэдээлэл өгдөг бүртгэлийн тогтолцоог бий болгож, давхар барьцаалж болдог, зээлүүлсэн банк эвсэл хувь хүн нь эрсдэлд ордоггүй тийм харилцаа, процессийг хууль журмандаа оруулах ёстой юм.

Хэрвээ үүнийг хийж чадахгүй бол манай арилжааны банкууд зүгээр л ломбардаас ялгагдахгүй. Зээл олгогчийнхоо гэрчилгээг сэйфиндээ хийж цоожлоод зээлээ төлж дуусахыг нь хүлээнэ.

Өөрөөр хэлбэл, иргэний эрх нь хамт банкинд барьцаалагдчихаад байгаа юм. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд банкуудын буруу биш гэдгийг дээр өгүүлсэн. Гагцхүү асуудалд хандахдаа улс төрчдийн тоглоом болчихолгүй, салбарын хөгжлийн хандлагыг зөв тодорхойлж, барьцааг тойрсон харилцааг сайжруулахын төлөө мэргэжлийн санал санаачлага гарган ажиллах ёстой.

Үүнд Банкны холбоо илүүтэй санаачилга гаргаж, тэргүүлэгч хөдөлгөгч үүрэг гүйцэтгэх ёстой. Одоогийн УИХ-ын гишүүдээс олигтой зүйл горьдоод хэрэггүй нь тодорхой болж байна.

-УИХ-аас мөнгөний бодлогыг батлахдаа банкуудын зээлийн хүүг 1-3 хувь бууруулах чиглэлийг Монголбанкинд үүрэг болгосон. Энэ нь хэр бодитой чиглэл вэ. Банкуудын зээлийн хүүг бууруулах боломжтой юу?

-Энэ бол жилээс жилд өгч л байдаг мөрөөдлийн гэмээр зүйл болчихоод байна.

Гурван жилийн өмнө банкуудын олгосон зээлийн дундаж хүү 17 хувь байсан. Одоо 19.5 орчим байх шиг байна. Бууруулна гэж төлөвлөсөн ч нэмэгдчихсэн байгаа биз. Тэгэхээр зээлийн хүүг чиглэл өгөх байдлаар эсвэл телевизээр Ерөнхий сайд нь гэнэт яриад бууруулдаггүй юм. Энэ бол иргэдээ учрыг ойлгохгүй, мэдэхгүй гэж доромжилж байгаа хэрэг.

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн системээ сайжруулаад, зээлдэгч, банк хоёр хоорондоо элдэв чирэгдэлгүйгээр мэдээллээ солилцдог, УИХ-ын гишүүд нь банкны ажлыг хийхгүй, ерөнхий сайд нь зээлийн хүү тогтоож гүйхгүй, бизнест саад болдоггүй тийм харилцаа тогтсон үед зээлийн хүүг бодитой бууруулж болно. Мөн инфляци, бизнесийн орчин, эрсдэлийн төвшинг бууруулж байж хийдэг зүйл. Түүнээс биш нэг дарга нь өглөө сэрээд зээлийн хүү өндөр байна гээд болдог зүйл биш.

Санхүүгийн салбар, Монгол Улсыг хөгжүүлэхэд хамгийн гай болж байгаа асуудал нь энэ. Өөрөөр хэлбэл, дарга нар, УИХ-ын гишүүд юу ч мэдэхгүй байж салбарын бизнесийн харилцаанд оролцдог, жижиг эрх ашгийн төлөө шийдвэр замбараагүй гаргаж самардаг нь бизнесийн орчинг эрсдэлтэй болгож байна. Мөнгө тараадаг байсан бол одоо зах зээлийн хүүгээр, үнээр тоглодог боллоо. Ийм нөхцөлд зээлийн хүү буурах ямар ч боломжгүй.

-“Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд Төв банкнаас хэдэн их наяд төгрөг хэвлэж тараасан байдаг. Харин одоо ипотекийн зээлийг хэрэгжүүлэхийн тулд дахин мөнгө хэвлэж тараах тухай яриа гарсан байна лээ. Таны бодлоор ингэх хэр оновчтой шийдэл юм бэ?

-Онцолж хэлэхэд найман хувийн хүүтэй зээл олгох хөтөлбөр яах аргагүй байх ёстой хөтөлбөр.

Иргэдийг орон сууцжуулах хэрэгтэй хөтөлбөр. Үргэлжлүүлэх ч ёстой. Болж өгвөл хүүг нь ч бууруулах ёстой. Гэхдээ энэхүү хөтөлбөрийг зах зээлийн жамаар бус хиймлээр бий болгосон. Хиймлээр бий болгосон хөтөлбөрийн хүүд инфляц нөлөөлнө гэх нь утгагүй.

Харин дахин санхүүжилтийн схемийг яаж Монголбанк, төсвөөс хамааралгүй хийх вэ гэдэг дээрээ илүү сайн ажиллах хэрэгтэй байгаа юм.

-Тэтгэврийн сангийн мөнгийг эргэлдүүлэх замаар дахин санхүүжилтийг хийх боломжтой гэж яриад байгаа?

-Анхнаасаа л тэгж хийх байсан юм. Бүр мөнгө хэвлэж нийлүүлэхгүй хийх сонголт ч байсан бишүү.

-Ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй гэсэн үг үү?

-Зах зээлийн хүүнээс илт багаар эс үүсвэр гаргаж байгаа хөтөлбөр болохоор хаа нэгтээ алдагдал зөрүү заавал гарна.

-Инфляц буурсан болохоор зээлийн хүүг бууруулах боломжтой гэж Төв банкныхан хэлж байгаа?

-Инфляц гурван хувьд хүрсэн гэж байна.

Инфляц яагаад гурван хувьд хүрсэн гэхээр нэгдүгээрт махны үнэ буурсан. Энэ нь зуд болох хүлээлттэй байгаа болохоор малчид зах зээлд махаа их хэмжээгээр нийлүүлсэнтэй холбоотой. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөртэй ямар нэгэн холбоогүй.

Хоёрдугаарт дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ буурсантай холбоотойгоор манайд багахан хэмжээгээр буурсан. Зөвхөн энэ хоёроос хамаарч байгаа бодит инфляц нь одоо яриад байгаа гурван хувь. Үүний цаана суурь инфляц гэж байдаг. Богино хугацааны хэлбэлзлээр бус ирээдүйн жинхэнэ хандлагыг тодорхойлдог эдийн засгийн индикатор нь. Энэхүү суурь инфляц Монголд 5.7 хувь байна. Тэгэхээр суурь инфляц 5.7 байгаа нөхцөлд гурван хувь боллоо гэж баярлах нь эртдэнэ.

Өөрөөр хэлбэл, суурь инфляцаас зээлийн хүү илүү хамаардаг. Хэрвээ ипотекийн зээлийн хүүг бууруулж байгаа бол сайн хэрэг. Харин бусад зээлийн хүүг яг энэ зарчмаар бууруулах ёстой болно. Тэр логик хаана байна вэ? Үнэхээр инфляц буураад ипотекийн зээлийн хүү буурч байгаа юм бол бусад өндөр хүүтэй зээлийн хүү буурах нөхцөл бүрдсэн байх ёстой.

-Үүнд холбогдох тайлбар өгөх хүн төдийлөн гарахгүй байгаа шүү дээ?

-Бусад зээлийн хүүгээ буулгах нөхцөл бүрдээгүй л гэсэн үг.

Орон сууцны хөтөлбөр бол зах зээлийн биш хөтөлбөр, иймд зах зээл, инфляцаас хамаарал гэж байхгүй.

-Одоо бол найман хувийн хүүтэй зээл гэхээсээ таван хувь болгож бууруулах тухай яриа олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа. Таныхаар ипотекийн зээлийн хүүг таван хувьд хүргэснээр ямар үр дүнг авчрах бол?

-Наймыг тав болгоход асуудал байхгүй.

Ингэснээр иргэдийн халааснаас гарах мөнгө ч багасна. Гэхдээ найман хувь өөрөө зах зээлийн хүү биш. Тэгэхээр зах зээл, мөнгөний бодлогын хүүгээс ч багаар өгөхөөр тэр хоорондын зөрүү ямар нэгэн алдагдал үүсгэнэ. Өөрөөр хэлбэл, наймыг тав болгохоор алдагдлаа л нэмнэ.

Цаанаа заавал зардалтай. Бид бүгдээс гарч байгаа зардал. Нэг ёсондоо найман хувийн хүүтэй зээл зах зээлийнх биш болохоор эргээд бидний халааснаас нь гарна.

Бүгдийнх нь халааснаас аваад найман хувийн хүүтэй зээл шинээр авах хүнд өгч байгаа гэсэн үг.

-Нэгэнт ипотекийн зээл асуусных энэ жил Монгол Улсын эдийн засгийн төвшин ямар байх прогнозтой байна вэ. Одоо бол Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт орж ирснээр бага ч гэсэн сэргэлт авчрах найдлагыг хаа хаанаа тавьж байгаа шүү дээ?

 

-Бидний хувьд эдийн засгийн өсөлт бууралт, уналтыг сайн мэдэхгүй, мэдрээгүй ард түмэн юм шиг байгаа юм.

2010, 2011 онд хамгийн таатай үе нь таараад жилд 5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсноор эдийн засгийн огцом үсрэлт болсон. Гэтэл үүнийг байнга давтагдах юм шиг хүлээлт манай улс төр, Засгийн газар, бизнесийн хүрээнд байна. Аргалж байтал тэр сайхан үе ахиад ирнэ гэсэн гэнэн харанхуй хүлээлт.

Дэлхийн эдийн засгийн байдал, судлаачдын ярьж байгаагаас харахад тийм үе ирэхгүй. Монгол Улсын хувьд эдийн засаг үнэхээр хүнд байгаа. Инфляц буурсан гэж ярьж байна. Гэтэл эдийн засаг нь тогтворжоод халалт нь буурч байгаадаа биш идэвхжил нь буураад байна. Үүнийг худалдааны эргэлт буурч, тоног төхөөрөмжийн импорт эрс буурснаас харж болно.

Инфляц буурсан гэж байгаа ч суурь инфляц өндөр хэвээр байна. Хүнээр бол үхлүүт болж даралт нь буурч байгаа болохоос бие нь сайжирч даралт тогтворжсон зүйл алга. Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн өсөлтийг 2.5 хувь гэж тодорхойлсон байсан. Энэ төвшиндөө хүрвэл сайн л байна.

-Зарим улстөрч ялангуяа Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа хүн эдийн засгийн өсөлт нэг хувьд ч хүрэхгүй гэж мэдэгдсэн...

-Санаа зовж байгаа зүйл гэвэл энэ жил сонгууль болно.

Та бүхэн анзаарч байгаа бол эрх баригчид, дарга нарын үг, дууны өнгө өөр болчихлоо. Тэрний энэний зээлийн хүүг бууруулах тухай амархан ярьж, үүрэгдэж байна. Маргааш бууруулаад өгье гэж байна. Өмнө нь мөнгө тараадаг байсан бол одоо зээлийн хүүгээр дамжуулж бизнесийн салбар руу хутгалдсан маягийн популизм хийж байгаа нь тун осолтой.

Энэ бол эдийн засгаа богино хугацаанд сэргэсэн болгож харагдуулаад оны сүүлээр унагаах зүйл болж болзошгүй.

-Томоохон мега төслүүдээ хөдөлгөчихвөл энэхүү хүндрэлээс гарна гэсэн өөдрөг төсөөлтэй хүмүүс олон байгаа шүү дээ. Таныхаар суурь инфляцийг багасгах, энэхүү хямралаас гарах гарц нь юу байна?

-Өөрсдөөсөө л эхлэх хэрэгтэй байна. Ялангуяа төр нь ийм улайрсан, мэдрэл муутай юм шиг байхаа болих хэрэгтэй.

-Мэдрэл муутай гэдэг нь?

-Бодлогын ганц дэмжлэг үзүүлэхгүй хэрнээ мэргэжлийн салбар руу улс төрийн өнцгөөр бүгдийг мэддэг юм шиг хутгалддаг байж болохгүй.

Манай дарга нар том лидер байх тусмаа том жүжиг зохиогч, том популист шинжтэй болж байна. Ийм нөхцөлд юун бизнесийн орчин, хөрөнгө оруулалтыг дэмжих, бодлого, улсын хөгжлийн тухай яриад хэрэггүй. Тэгэхээр үүнийгээ л зогсоомоор байна. Одоохондоо өөр юу ч хийгээд хэрэггүй.

-Ирэх жилээс бондын хүүг төлж эхэлнэ. Энэ байдлаараа сонгуультай золговол эдийн засаг жилийн сүүлч гэхэд улам дордохгүй гэсэн баталгаа байгаа болов уу?

-Сонгууль болдгоороо хурдан болоод дараагийн Засгийн газар нь сонгуулийн халууралгүйгээр тодорхой бодлого гаргаад яваасай, оролдоосой гэж бодож байна. Одоогийн Засгийн газраас сонгууль болтол юу хүлээхэв дээ, багахан шиг сюрприз бариасай л гэж бүгд хүсч байгаа байх. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 18 | 19 цаг