Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Увс нуур газрын тосны лицензэд БҮСЛЭГДЖЭЭ

Б.Заяа, Зууны мэдээ
2016 оны 1 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг

-Хөндөх сэдэв-

Монголын хамгийн том, үзэсгэлэнт нуур бол Увс нуур. Увс аймгийн нутаг дэвсгэр дэх байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар нутаг болох Түргэний уул, Цагаан шувуут, Торхилог, Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин, байгалийн цогцолборын хувьд ялгаатай боловч бие биеэсээ төдий л алслагдаагүй Увс нуурын ай савыг УИХ-ын шийдвэрээр Засгийн газрын 1994 оны есдүгээр тогтоолоор дархан цаазат газар болгож байжээ.

Энэхүү дархан цаазат газар нь 679.6 мянган га газар нутгийг хамардаг. Увс нуурын сав газар нь төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, байгалийн үзэмж төгсөөс гадна 40 мянга гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг учраас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад 2003 онд бүртгэн авчээ.

Тэгвэл увсчууд төдийгүй Монгол даяараа биширч, гайхуулж ирсэн Төв Азийн хамгийн том усны хагалбар болсон энэ нуур газрын тосны лицензэд бүслэгджээ.

Хонг Конгийн хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” гэх компани Увс аймгийн “Увс-1” талбайд 19,720 км/кв хэмжээтэй газар нутагт газрын тосны хайгуул хийх зөвшөөрөл авч, Засгийн газартай өнгөрсөн онд бүтээгдэхүүн хуваах гэрээг үзэглэсэн байна. Тус компани найман жилийн хугацаагаар 827 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, газрын тосны хайгуул хийхээр болжээ.

Хайгуулын талбайд орсон газар нутаг анхаарал татахаар байгаа юм. Уртаараа 74 км, өргөнөөрөө З1 км-т хүрдэг Увс нуурт том, жижиг 27 гол цутгадаг.

Зөвхөн Увс нуурыг чиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж чадвал Хөвсгөл далайгаас дутахааргүй эдийн засгийн үр өгөөжтэй гэдгийг энэ салбарынхан хэлдэг. Гэтэл аялал жуулчлал хөгжүүлэх нь битгий хэл нуурыг устгаж мэдэх аюулыг даллажээ.

Хайгуулын лиценз дэлхийд данстай Увс нуурыг тойроод зогсохгүй Монголын томоохон нууруудын нэг Хяргас нуурыг ч бүслүүрджээ. Дээрээс нь энэ том талбай Увс аймгийн Тариалан, Хяргас, Баруун-туруун, Түргэн, Сагил, Наранбулаг зэрэг 14 сумын газар нутгийг хамарсан байна.

Төв Азийн хамгийн том усны хагалбар болсон энэ нуур газрын тосны лицензэд бүслэгджээ. 

Монгол Улс газрын доорх баялгаараа арвин. Тэр тусмаа баруун аймгууд дэлхийн зах зээлийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болох газрын тосны нөөц ихтэй гэж судлагдсан.

Гэхдээ энэ салбарт муу жишээ бий. 20 гаруй жилийн өмнөөс Дорнод аймагт эхлүүлсэн газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа байгаль орчныг ихээхэн сүйтгэсэн. Тус аймагт газрын тосны олборлолт явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин тамсаг” компани анх 9,000 гаруй км/ кв талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулсан байдаг.

Тус талбай нь Дорнод аймгийн хоёр сумын нутгийг хамарсан бол энэ удаа Увс аймгийн 14 сумын газар нутгийг хамарч газрын тосны хайгуул хийхээр болсон нь нутгийнхныг ихээхэн бухимдуулж байгаа гэнэ. Өнгөрсөн жил үзэглэсэн гэрээний талаар нутгийнхан мэдээлэл багатай байна.

Тиймээс Увс, Хяргас нуур, олон сумын байгалийн дурсгалт газар, малчдын бэлчээрийг хамгаалж үлдэх эсэх тодорхой хариултыг холбогдох хүмүүсээс нэхсээр байгаа ажээ. Хэрэв энэ чигээрээ ажлаа эхэлвэл Монголын сор болсон үзэсгэлэнт Увс, Хяргас нуур үгүй болж мэдэх юм.

Зураг