Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Баярмаа: "Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай" аяныг Монгол Улс даяар өрнүүлээсэй

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 1 сарын 13
iKon.MN

Ховд аймгийн Манхан сумын бүрэн дунд сургуулийн Бөхөн, Гүем эко клубийн хүүхдүүд өнөөдөр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгm хүсэлт илгээлээ. Тус хүсэлтийг БОНХАЖ-ын сайд дэмжиж, холбогдох үйл ажиллагааг зохион байгуулахаа амлалаа.

Клубийн хүүхдүүдийн хүсэлт:

 

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэлэхдээ "Ховд аймгийн Манхан сумын Бөхөн, Гүем клубийн хүүхдүүдийн зохион байгуулсан "Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай" аян бол олонд хэрэгтэй аян болжээ. Тус аян нь Байгаль орчноо хамгаалах, Байгаль хүн хоёрын ээлтэй зохицон амьдрах тухай ойлголтыг хүмүүст ойлгуулсан сайхан аян байна. 

Өнөөдөр тус клубийн хүүхдүүд надад хүсэлт тавилаа. Би болон манай яам хүсэлтийг хүлээн авч, дэмжиж ажиллах болно. Эхний хүсэлт нь "Монгол Улс даяар энэхүү аяныг зохион байгуулж өгнө үү" гэсэн. Үүнтэй холбоотойгоор манай Яамнаас бүх аймаг болон хотуудын холбогдох хүмүүст нь үүрэг чиглэл өгье. Хоёрдугаарт нь хууль дүрэм чангалах тал дээр мэргэжлийн хүмүүст нь даатгая. Түүнчлэн олон нийтэд энэхүү ирвэсийг хамгаалахын тулд хийгдэж буй "Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай аян"-ыг түгээе гэж бодож байна" гэв.

 

 

Ш.Отгонбаяр: Цугларсан хавхаараа дэлхийн бөмбөрцөг хэлбэртэй хөшөөг сумандаа сүндэрлүүлсэн

Тус сургуулийн Газар зүйн багш Ш.Отгонбаяр "Дэлхийн Байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр манай сургуулийн Бөхөн, Гүем эко клубийн хүүхдүүд маань өнгөрсөн жилийн зун "Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай" аяныг  амжилттай зохион байгууллаа. 

Энэ аяны гол зорилго нь Жаргалан хайрхан уулын ирвэсийг хамгаалах, хавхны хор нөлөөг хүмүүст таниулах явдал юм. Аяны үр дүнд Манхан сумаас гэхэд нийт 230 гаруй хавхыг цуглуулсан. Мэдээж бид хавхыг хураан авахдаа малчдад хэрэгтэй сав, тогоо зэргийг олгосон байгаа.

Түүнчлэн цугларсан хавхаараа дэлхийн бөмбөрцөг хэлбэртэй хөшөөг сумандаа сүндэрлүүлсэн. Үүнээс гадна Жаргалант уулын ойр хавийн сумуудын хүүхдүүдэд "Алаг дэлхий Амгалан байг" жүжиглэсэн тоглолтыг үзүүлж, аяныхаа талаар танилцуулсан. Клубийн 50 гаруй хүүхдүүдийн төлөөлөл болсон 13 хүүхэд БОНХАЖ-ын сайдтай уулзаж, хүсэлтээ тавих гээд ирлээ" гэв.

 

Ч.Баярмаа: Дэлхийн Байгаль хамгаалах сангийнхан бидэнд хавханд хөлөө гэмтээсэн ирвэсний бичлэгийг үзүүлсэн

Бөхөн клубийн дарга Ч.Баярмаа хэлэхдээ "Манай клуб нь 2001 оны есдүгээр сард 10 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан. Өнгөрсөн жилд манай сум дээр Дэлхийн Байгаль хамгаалах сангаас сургалт зохион байгуулсан. Тухайн үед бидэнд хавханд хөлөө гэмтээсэн ирвэсний бичлэгийг үзүүлсэн. Тэр бичлэгийг үзээд бид хавх бол харахад жижигхэн ч гэсэн амьтанд ямар муугаар нөлөөлж байгаа талаар ойлгож, мэдэж авсан.

Тиймээс хавхны аяныг зохион байгуулж, хавхыг хураан авч багахан ч гэсэн тусалмаар санагдаж тус аяныг зохион байгуулсан. Энэхүү аян маань амжилттай хэрэгжсэн ч бид манай сумаас гаднах олон сум, аймагт ч бас энэхүү аян хэрэгжээсэй гэж хүсээд БОНХАЖ-ын сайд болон Ховд аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан байгаа. Үүний хариуд засаг дарга маань "Монгол Улсын хамгийн анхны Хавхгүй аймаг болъё" гэсэн уриалга дэвшүүлж, цаашид дэмжинэ гэдгээ амласанд бид их баяртай байгаа. Мөн өнөөдөр БОНХАЖ-ын сайд өнөөдөр бидний хүсэлтийг дэмжиж, ажиллах болно гэсэнд их баяртай байна" гэлээ.

 

Зураг
13 | 7 | 7 цаг