Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дорлигжав: Д.Булганы хэргийн талаар хэвлэлийн хэмжээний л мэдээлэл надад байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Шинэчлэн батлагдсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс талийгаач С.Зоригийн эхнэр Д.Булганыг баривчилсан хэргийн талаар болон амиа алдсан Байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн хэргийн талаар тодруулав. 

Тэрбээр “Юуны өмнө Хууль зүйн сайд гэдэг хүн бол шалгаж байгаа хэргийн хавтаст хэргийг үзэж хараад тэгэх гэж байна ингэж гэж байна гэж болдоггүй. Зүгээр л мэдээлэл авдаг. Шалгах ажил ямар шатандаа байна, ямар хүч хэрэгслээр ажиллаж байна гэдэгтэй танилцдаг. Би ийм л хэмжээнд мэдээлэл авсан. 

Байгаль хамгаалагчийн асуудал бол анхааралд орсон, УИХ-ын дарга хүртэл үүрэг өгсөн байгаа. Надад өгсөн цагдаагийн мэдээллээр энэ Байгаль хамгаалагч эзгүй хээр очоод гэнэт амиа алдчихсан. Яг тухайн үед гэрч, ойр тойрны хүмүүс байгаагүй учир шууд очоод тогтооход их түвэгтэй байгаа.

Янз янзын үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл их орж ирж байгаа. Жишээ нь, сэтгэцийн хувьд асуудалтай байсан байж болохоор, зарим нь ахуйн хүрээний асуудал байж болохоор, зарим нь заналхийлсэн байж болохоор гэх мэт. Цагдаагийн байгууллага асар олон мэдээллийг захаас нь тодруулахаар ажиллаж байгаа. Энэ бол илрүүлэхэд нэлээд түвэгтэй хэргийн нэг юм шиг байна гэсэн. 

Д.Булганыг барьж хорьсон хэргийн тухайд надад хэвлэлийн хэмжээний л мэдээлэл байна. Энэ дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр батлагдсан цагдаа, тагнуулаас бүрдсэн ажлын хэсэг ажилладаг.  Энэ ажлын хэсэг прокурорын байгууллагын шууд хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг. Юу болоод яагаад баривчлав гэдэг дээр илүү мэдээлэл алга” гэлээ.