Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хэвлэх үйлдвэрийн барилгыг авсан иргэн, ААН хот төлөвлөлттэй уялдуулж хүссэн барилгаа барина

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг НӨХГ-ын албан ёсны сайтаас авав

Төрийн ордны зүүн талд байрлах, хуучнаар “Улаанбаатар Таймс сонины Хэвлэх үйлдвэр”-ийн барилгыг Нийслэлийн Өмчийн Харилцааны Газраас нээлттэй дуудлага худалдаанд оруулахаа зарласан билээ.

Тус барилга нь цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5,244 м2 талбай бүхий хоёр давхар барилга юм. Барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, цаашид ашиглах боломжгүй. Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2,698 м2 эзэмшил газартай.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хүлээж авна. Ингэхдээ холбогдох бичиг баримтыг дэнчин тушаасан баримтын хамт дугтуйнд хийж өгөх ажээ. Дэнчин нь 715.5 сая төгрөг юм байна.  Харин дуудлага худалдааны доод үнийг 7 тэрбум 155 сая төгрөгөөр тогтжээ.

Дуудлага худалдаанд оролцож буй иргэн, ААН-д ямар шаардлага тавьж буйг НӨХГ-ын Өмчийн хөдөлгөөн, хувьчлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шинэхүүгээс тодруулахад “Нээлттэй дуудлага худалдаа явагдаж байгаа тохиолдолд ямар нэгэн нөхцөл, шаардлага тавихгүй. Авсан иргэн, ААН нь хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулаад юу барих нь өөрийнх нь асуудал. Хотын Ерөнхий төлөвлөгөөнд ийм байршилд ийм юм барина гэсэн юм байгаа шүү дээ. Тэр төлөвлөгөөтэй уялдах ёстой” гэсэн мэдээлэл өглөө.

Одоогоор дуудлага худалдааны саналын хайрцгийг нээсэн ч оролцох хүсэлт ирээгүй байгаа гэв. Гэхдээ сонирхож байгаа хүмүүс их байгааг албаныхан хэлж байв.

Хэрэв дуудлага худалдаанд оролцох санал ирээгүй тохиолдолд дуудлага худалдаа явагдахгүй бөгөөд дахин зарладаг журамтай юм байна. Нээлттэй дуудлага худалдаанд хоёр ба түүнээс дээш оролцогч байж хүчин төгөлдөр болдог ажээ.

Дуудлага худалдааны доод үнийг яаж 7 тэрбум 155 саяаар тогтоосон тухай НӨХГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Шинэхүү “Бид хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагуудад шалгаруулалт явуулдаг. Өдөр тутмын сонингууд руу хөрөнгийн үнэлгээ хийлгэнэ гээд зар явуулчихдаг. Түүний дараа хөрөнгийн үнэлгээ хийх саналаа ирүүлсэн компаниудыг ажлын хэсэг шалгаж үзээд туршлагатай компанийг сонгон шалгаруулж гэрээгээ байгуулсны үндсэн дээр хийдэг. Энэ барилгын үнэлгээг нэлээн туршлагатай Хөрөнгийн Үнэлгээний Төв гэж компани хийсэн байгаа. Гаргасан үнэлгээг нь Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлаар хэлэлцүүлээд бага бол нэмэх эрх нь комисст байдаг” гэсэн хариултыг өгсөн юм.


ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ ЖУРМЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА:

Дуудлагын худалдаанд оролцох материалыг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны 10:30 цагаас 2015 оны 11 дүгээр сарын 30-ний 10:30 хүртэл ажлын цагаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын 09 тоотод хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

3. Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт
  • Хувь хүн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хөрөнгийн тодорхойлолт
  • Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан) итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын үнэмлэх, санхүүгийн тайлан баланс
  • Дэнчин тушаасан баримт
  • Дээрх баримтуудыг бүрдүүлж битүүмжлэн, дугтуйны гадна талд оролцох обьектын нэрийг бичиж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 09 тоот өрөөнд байрлах  САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.

4. Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлагын  худалдаагаар  худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

5. Дэнчинг байршуулах данс: Нийслэлийн төрийн сан 200000961 тоот данс  Хүлээн авагч: УБ.Өмч хувьчлалын орлого

6. Дуудлагын худалдаа 2015 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 11 цагт Нийслэлийн нутгийн захиргааны “Хангарьд ордон”-ы 14 давхарын хурлын их танхимд болно.                         

Лавлах утас: 321035, 330256