Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Гантулга: Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийг эрхлэх КОМПАНИ удахгүй шалгарна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх ажлын явц аль шатандаа байгааг тодруулахаар ХХЗХ-ны Зохицуулалтын албаны дарга Л.Гантулгатай уулзлаа.

-Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх ажил аль шатандаа явж байгаа вэ?

-Дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлан одоогийн байдлаар сонгон шалгаруулалтын төслийг шалгаруулах эцсийн шатандаа орсон байдалтай байна.

Энэ сонгон шалгаруулалтаас шалгарсан компани хөрөнгө оруулалтаа гаргаад дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийг байгуулан цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчидтэй холболт хийх шаардлагатай.

-Ахиад хэдэн сар шаардлагатай байгаа вэ?

-Сонгон шалгаруулалтаар шалгарсан компани дугаартайгаа шилжих үйлчилгээний төв байгуулан, цахилгаан холбооны операторуудтай мэдээлэл солилцох холболт хийж цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчдийн техник технологитой нийцсэн тоног төхөөрөмж суурилуулна.

Сонгон шалгаруулалтаас шалгарсан компани хөрөнгө оруулалтаа үйлчилгээ үзүүлж буй хэрэглэгчийн төлбөрөөс удаан хугацаанд нөхөх юм. Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид ч мөн өөрийн тоног төхөөрөмжөө шинэчлэн, нэмэлтээр мэдээлэл солилцох тоног төхөөрөмжийг суурилуулна. Тиймээс үйлчилгээг нэвтрүүлэх эцсийн хугацаа нь энэ үйл ажиллагаанаас хамаарч тодорхойлогдоно.

Харин Зохицуулах хороо эдгээр бүх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. Бидний зүгээс Харилцаа холбооны тухай хуулийг хэрэгжүүлж, дугаартайгаа шилжих үйлчилгээг аль болох хурдан хугацаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-Дугаартайгаа шилжих үйлчилгээний хураамж ямар үнэтэй байх вэ?

-Тус хороо үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх этгээдэд сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгон гэрээ байгуулан ажиллана.

Дугаартайгаа шилжих үйлчилгээний хураамжийг сонгон шалгаруулалтаар шалгарсан компани нь бизнесийн зарчмаар тогтоогоод явна. Харин тус хороо нь Харилцаа холбооны тухай хуулиар олгогдсон харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах, зах зээлд давамгайлж буй үйлчилгээний тарифыг хянах бүрэн эрхийнхээ дагуу дугаартайгаа шилжих үйлчилгээний үнэ тарифын үндэслэлийг хянаад ажиллана.

-Үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс энэ үйлчилгээг нэвтрүүлэх ажилд хойрго хандаж байна гэсэн мэдээлэл байсан. Тэд шаардлагатай зүйлийг бүрдүүлж дууссан уу?

-Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллийг оролцуулаад ажлын хэсэг байгуулагдаж ажиллаад техник технологи болон эдийн засгийн холбогдолтой асуудлуудаа хамтдаа нарийвчилан судалсан.

Одоо дугаартайгаа шилжих үйлчилгээний төвөө эхлээд байгуулах шаардлагатай. Төв байгуулагдсанаар цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид хуулийн дагуу энэ төвтэй холбогдож хэрэглэгчийг цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчдийн хооронд шилжих техникийн бололцоог хангах ажил хийгдэнэ. 

Сонгон шалгаруулалт дууссаны дараа бид өөрийн цахим хуудсаараа дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.