Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

О.Чулуунбилэг: Улс төрд чи өөрөө оролцохгүй л бол өөр хэн нэгэн хувь заяаг чинь шийддэг онцлогтой

ikon.mn
2015 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Улс төр судлаач, Монгол Улсын Ерөнхийлөгчийн амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэгтэй ярилцлаа.


-Канадын шинэ Ерөнхий сайд, Либерал намын дарга Жастин Трюдоу сая Засгийн газраа байгууллаа. Тэрбээр кабинетийнхаа сайд нарыг 50-иас доош насны идэр залуусаар бүрдүүлсэн нь дэлхийн улс төрд шуугиан дэгдээсэн гэж болно. Иймд ярилцлагаа энэ сэдвээс эхэлмээр байна. Та мэдээж улс төр судлаачийн хувиар лидерийн насны хувьсгал руу ярилцлагаа чиглүүлж байгааг минь ойлгох болов уу?

-Жастин Трюдоугийн сонгуулийн менежмент, ерөнхий сайдын багаа бүрдүүлж буй арга барил зэрэг нь сонгогчдын зүгээс улс төрчдийн имижийн талаарх төсөөлөл хэрхэн өөрчлөгдсөнийг харуулж байна гэж мэргэжилтэнүүд дүгнэж байна лээ. Яг бодитой үр дүн гарах эсэх дээр ажиглахаас өөр зүйл алга.

-Харин Монгол Улсын хувьд нөхцөл байдал ямар байна. Хагас жил орчмын өмнө танаас авсан ярилцлагад нэг сонирхолтой жишээ гарч байсан. Тэр нь танай намын лидерүүдЗалуус идэвхтэй байгаа ч тэдэндтэй яс тас үзэлцэнэ шүүхэмээн хундага өргөсөн тухай л даа?

-Тоглоомын дүрэм өөрчлөгдөхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Залуус идэвхитэй ч нэгдэх соёл сул байна. Үнэт зүйл, үзэл баримтлал дээр гэхээсээ хувийн харилцаа, бүлэглэлүүдийн зөрчлөөс давж ойлголцоогүй хэвээр. Харамсалтай нь АН-ын залуус дээд үетэйгээ биологийн хувьд ч, үзэл санааны хувьд ч хамт хөгширч байна. (инээв)

-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрөөс УИХ-ын сул гишүүн байхад нь ярилцлага авч байсан. Энэ үедээ тэрбээрХоёрдугаар эгнээний лидерүүд урагшлах гэж хүчилж байгаа ч хүлээн зөвшөөрөгдөхөд хэцүүгэдэг дүгнэлт хийсэн юм. Тэр хүмүүсийнх нь эгнээнд УИХ-ын дарга З.Энхболд байлаа. Өнөөдөр харин тэрбээр Ардчилсан намын дарга. Харамсалтай нь, танай намд түүн шиг хатуу чанд удирдагч тус дэмээ өгөхгүй гэдгийг батлаад байх шиг. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

- Намын даргыг сайн муугаар дүгнэх хугацаа 2016 оны их хурлын сонгуулийн дараа ирнэ гэж бодож байна. Тэр үед нь ярих нь зөв байх. Л.Гантөмөр гишүүнийг тэгж ярьснаас хойш их олон зүйл өөрчлөгдсөн байгаа нь тэр өөрөө сайд болсон, түүнээс ч дүү Болор сангийн сайд мөн ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллаж байгаа зэргээс тодорхой харагдана.  Нөгөө талаар хэнд хүлээн зөвшөөрөгдөх вэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй болно. Дээд үеийнхэндээ, намынхандаа, иргэд сонгогчиддоо гээд олон шалгуур байна. Албан тушаалтай байлаа гээд иргэдийн дунд хийсэн судалгаагаар эхний 30 д багтахгүй бол аль эгнээнд орох вэ гэх мэт маргаантай л даа.

-Ардчилсан намын дарга З.Энхболдфракциудыг татан буулгасантухай мэдэгдэл хийсэн. Гэвч Ардчилсан нам дахь фракцийн зөрчил улам бүр гаарч байна. Та нөхцөл байдлыг хэрхэн харж байна?

- Би АН-ын ҮЗХ-ны гишүүн биш. Бүр аль нэг аймаг, дүүргийн намын хорооны ч гишүүн биш. Зүгээр л АН-ын 170.000 гишүүний нэг. Жирийн гишүүний хувьд намын дарга З.Энхболдын уриалгыг дэмжсэн. Харин энэ уриалгаа бодит ажил болгохын тулд намын дүрэмд өөрчлөлт оруулах, баталсан дүрмээ хатуу мөрддөг манлайллыг намын дарга гишүүддээ харуулах ёстой. Цаг хугацааны хувьд 2016 оны сонгуулийн өмнө шийдэж чадвал намын нийт гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадна гэж бодож байна. 

-Та өөрөө МоАХ фракцийн дэргэдэхЛиберал хаусзалуусын нэгдлийн удирдлагад байдаг. Тэгвэл Ардчилсан намын идэвхтэй залуу гишүүний хувиар фракцийн засаглалын хүчийг сулруулах гарцыг яаж харж байна вэ?

-Судлаач хүний хувиар харахад намуудын задрах үйл явц алгуур эхэлж байх шиг. Байгалын баялгийн хуваарилалтаас шалтгаалж нэг нам, нэг фракц гэхээсээ олон нам, хэд хэдэн фракц дамжсан улс төр- эдийн засгийн бүлэглэлүүдийн зөрчил уруу шилжиж байна. Тодруулбал, улс төрийн нам дахь фракцын систем алгуураар задарч байна. Улс төрд үнэт зүйл зүйл дээр суурилсан баг илүү хол явна гэж харсан учррас либерал үзэлтэй залуучуудын клубт нэгддэг. Ийм нэгдлүүд фракцын дараагийн бүтцүүд байгаасай гэж хүсдэг.

-Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг Ерөнхий сайдын албаа жилийн өмнө өгсөн өдрүүд давхцсан. Тэр хэрээр түүнийг магтах, шүүмжлэх сэтгэгдэл ч олширсон. Харин таны хувьд түүнийг гүйцэтгэх засаглалийн тэргүүнээрхүсэмжлэхсэтгэгдэл төрдөг үү?

Үгүй. Юм бүхэнд цаг хугацаа гэж бий. Ажлаа өгсөн лидер эсвэл нас барсан хүнийг хожим нь магтдаг, эргэж үгүйлдэг нь монгол зан. Энэ утгаараа сая нэг жилийн ой дээр хэвлэлээр нэлээд “хүсэмжлэл ” явж харагдсан. Зарим хэсэг нь ч албаар идэвхижүүлсэн байх. Миний бодлоор тэр үүнийг өөрөө ч хүсэхгүй байгаа байх.

-Хэтэрхий намын тань лидерүүдийн талаарх сэтгэгдлийг тань асуусан бол уучлаарай. Гэхдээ ярилцлагаа Канадын Ерөнхий сайдын багаар эхлүүлсэн учраас лидерүүдийн тань талаар асуух сонирхол төрсөн хэрэг шүү?

Тэд лидер учраас л бид ярьдаг, шүүмжилдэг. Манай сонгосон нийгмийн араншин юм даа.

-Яг үүнтэй харьцуулж тавих дараагийн асуулт бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тухай юм. Тэрбээр магадгүй багаа бүрдүүлэхдээ Канадын Ерөнхий сайд шиг хувьсгал хийсэн бол байдал өнөөдөр арай л тогтуун байх байсан болов уу. Эсвэл Ардчилсан намын зүгээс ийм боломж өнөөдөртөө олгохгүй гэж та бодож байна уу?

Боломж байхгүй. Манай ардчилсан намын дотоод улс төр фракцуудын тэнцвэрийн зарчим дээр явдаг. Засаглалын хямралын үндсэн шалтгаан нь ч энэ. Нэг фракц гомдоллоход л засгийн газрын хувь заяа бүрхэг болох жишээтэй.

-Ерөнхий сайд ч  Жастин Трюдоуны нэгэн адил 40 гаруй насны залуу. Гэвч Монголд түүнийгЦаг нь болоогүй байхад хэт дээшээ хөөрлөөгэж дүгнэх нь бий. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

- Канад, Монгол хоёр чөлөөт нийгэмтэй улс. Залуучуудын цаг хэзээ эхлэхийг хэн нэгэн хэлж өгдөг,  зөвшөөрөл олгодог гэвэл утгагүй л байхгүй юу. Ч.Сайханбилэгийн цаг Ерөнхий сайд болсон өдрөөс нь эхэлсэн. Тэр үүнийгээ өөрөө олж авсан, өөрөө бүтээж байгаа. Надад түүний либерал хандлагууд таалагддаг.

-Нөгөө талд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээсГүйцэтгэх засаглалын тэргүүний албыг Ардчилсан намын даргатай хамт хийх ёстой юм байнагэдэг санал гаргасан. Үүнийг нь удирдлагыг гартаа авах гэсэн улстөрчийн эцсийн зоримог алхам гэж үзэж болох уу?

Тийм зоримог алхам. Гэхдээ тэр намын дүрмээ сайн уншаагүй байсан учраас үр дүнд хүрээгүй. (инээв). 

-Мэдээж таны өмнө улс төрийн урт удаан он жил хүлээж байгаа. Тэр утгаараа энэ бүх зөрчил, тэмцэл, хагарлаас таны өөртөө тэмдэглэн үлдээж буй алдаа нь юу байна вэ. Ирээдүйд зайлсхийх зорилгоор шүү дээ?

- Ямар ч асуудлыг нийгмийнхээ үнэт зүйл, зарчим дээр суурилж шийддэг соёлтой инстүүцийг буй болгох ёстой. Үгүй бол хувь хүмүүсийн харилцаа, ертөнцийг үзэх үзлээр явбал тал тал тийшээ харсан  “тавантолгой”-той нэг Монгол Улс болох нь гэж эмээдэг. 

-Та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Байгаль орчин, ногоон бодлогын зөвлөх болоод удаагүй байна. Улс төр судлаачийн тань хувиар ярилцлага авах сонирхолтой байдаг ч гэнэт ногоон хөгжил, байгаль яриад эхлэхээр тань эргэлзснээ нуух юун?

-  Мэргэжлийн хүн биш учраас мэргэжлийн хүмүүсийг цуглуулж тэдний санал бодлыг ерөнхийлөгчийн шийдвэр гаргах үйл явцад тусгуулах ажилтай хүн шүү дээ. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгасан ногоон хөгжил, амьдрах орчны чиглэлийн бодлогыг бодит ажил болгохын төлөө ажиллах нь миний үндсэн үүрэг юм.

-Таны хувьд Ардчилсан нам УИХ-ын 2012 оны сонгуульд ялалт байгуулсан ч олигтой ажилд хүрч чадаагүй цөөнгүй залуусын нэг нь. Гэтэл сонгуулийн жил дуусах дөхөхтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн зөвлөх болчихлоо. Үүнийг юу гэж тайлбарлах вэ?

-Олигтой ажил хийхээр намд зүтгэсэн урт түүх надад байхгүй л дээ. Ялсан намын хамгийн том зовлон бол монголын хамгийн том ажил олгогч байх шахалтанд ордог. Хэдэн мянган гишүүдийн төрд ажиллах хүсэлтэнд дарагддаг. Дээр нь АН-ын боловсон хүчний бодлого фракцуудийн хуваарилалтаар дамжиж явагддаг эмгэгтэй. Намын хэрэг эрхлэх газарт ажилласнаараа би маш их зүйлийг сурж, мэдэрч авсан гэж боддог. Аз болж сайн ч баг таарсан. Тэгээд ч миний мэргэжил шүү дээ. АН-ын ХЭГ-т ажиллахын тулд  нэлээд лобби хийж очсон юм.

2015 он гараад сар гаруй ажилгүй явсан. Ерөнхийлөгч намайг ажилд авсан төдийгүй улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсэгт итгэж ажиллуулах болсноор надад маш их боломж ирсэн. Ямар боломж вэ гэхээр улс төрийн намуудын өнөөдрийн хямралыг шийдэхэд өөрийн жижиг судалгаа, саналаа нэмэрлэх боломж гарч байгаа. Хичээж л байна. 

-Зургаан сарын өмнөх ярилцлагыг дахин сануулахадМаргааш УИХ-ын сонгууль боллоо гэхэд Ардчилсан нам ялнагэж хэлж байсан. Энэ итгэл үнэмшил тань одоо ч гэсэн хэвээрээ юу. МАН-ынхан бараг л ялалтын дуугаа урьдчилаад дуулаад эхэлчихсэн байхад шүү дээ?

- Одоогийн сонгуулийн хуулиараа явбал маргааш сонгууль болоход АН ялна гэж бодож байна.  Ганц л том эрсдэл бий. Энэ бол улс төрийн намуудын нэр хүнд ерөнхийдөө унаж 20 хувиас хэтрэхгүй болчихсон учраас сонгогчдын ирц бүрдэхгүй байх эрсдэл. Аль ч нам нь ялгаагүй, олигтой биш гэсэн бодолтой сонгогчдын хувь 10 сонгогч тутмын  6 нь байна шүү дээ. Тиймээс харин АН  үзэл санаа, гарал угсаа ижилтэй намуудыг өөртөө нэгтгэж бүр өргөжих хэрэгтэй гэж боддог.

- Залуучууд улс төрийн намуудад маш олноор элсэж байна. Нийгэм ч нэлээд шүүмжлэлтэй ханддаг нь нууц биш?

-Миний хувьд эсрэг бодолтой байна. Одоо бол манайд залуус улс төрөөс дайжих үзэгдэл явж байна гэж би хардаг. Үүнийг улс төрийн абсентизм гэдэг л дээ. Сонгогчын ихэнх нь залуус байдаг. Тэд “МАН ч, АН ч ялгаагүй адилхан, сонгуульд саналаа өгөөд ч яадаг юм” гэсэн хандлагатай болж, ер нь улс төрөөс зугтах маягтай болж байна. Тиймээс залуусын улс төрийн оролцоог харин ч  нэмэгдүүлж, сайн боловсон хүчнийг улс төрийн намуудад ихээр оруулах шаардлага байгаа юм. Үүний хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар улс төрийн намын тухай хуульд шинэчлэлийг хийж байна. Энэ хууль ерөнхийлөгчийн санаачилсан хувилбараар парламент дээр батлагдаж чадвал улс төрийн намд итгэх залуучуудын итгэл нэмэгдэнэ. Хуулийн төслөөр цөөн, солигддоггүй хэсэг хүний эрх мэдлээс намыг чөлөөлж олуулаа хамтаараа шийдвэр гаргадаг, хариуцлага хүлээдэг институц гэсэн зарчим голлож өөрчлөгдсөн байгаа.

 

Нийгэмд байдаг нэгэн шүүмж бол чөлөөт нийгэмд бусадтайгаа ижил түвшинд өрсөлдөж чадахгүй, дундаас доош түвшний залуус намд элсэхээр илүү өндөр албан тушаалд хүрч, илүү амжилт үзүүлж байна. Иймээс л залуус улс төрд их орж байна, улс төрд чадваргүй залуус их байна гэдэг шүүмжлэлд их өртөж байгаа юм. Үүнд бол би нэг л хариулт хэлнэ. Үнэхээр тэгж санагдаад, чамд илүү чадвар байгаа бол чи өөрөө орох хэрэгтэй л гэж хэлэх байна. Улс төр гэдэг нь чи өөрөө оролцохгүй л бол өөр хэн нэгэн хүн хувь заяаг чинь шийдэж, чиний өмнөөс шийдвэр  гаргах болдог тийм онцлогтой зүйл. Хэрэв чи л орохгүй бол чамаас чадваргүй залуус улс төрд орж, чиний өмнөөс шийдвэр гаргаж, тэр нь төрийн шийдвэр болж байдаг. Тэгэхээр залуучуудын хувьд зугтаж болдоггүй, зүтгэж болдог ганц зүйл бол улс төр.

-Улс төрийн үзэл баримтлалыг зүүн, баруун, төв гэх мэтчилэн хуваадаг. Монголд энэ улс төрийн идеологитой улс төрийн нам байна уу? Өнөөгийн улс төрийн намуудын үзэл баримтлалын талаар юу гэж бодож байна вэ?

-Огт идеологигүй нам гэж байхгүй. Харин тэр идеологи нь үйл ажиллагаа, гаргаж байгаа шийдвэрт нь хатуу тусаж байна уу, үгүй юу, үнэт зүйлдээ үнэнч байж онолын ноён нуруугаа барьж чадаж байна гэдэг л чухал. Үүн дээр л илүү шүүмжлэлтэй хандмаар байдаг юм.

Ардчилсан нам гэхэд л дүрэмдээ баруун төвийн нам, МАН бол социал демократ нам хэмээн тодорхой бичсэн байдаг. Гэтэл аль нэг нам нь засгийн эрх авахаараа илүү зүүн чигийн бодлогыг баримталдаг чиг хандлага манайд байгаад байна. Угтаа баруун төвийн нам бол тухайн бодлогоо сурталчилаад, бодлогоо хатуу барьж тухайн бодлогынхоо гол сегментүүд болох нийгмийн дундаж анги, чинээлэг хэсэг, баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллах ёстой. Гэтэл засгийн эрхэнд гарсны дараах статистикийг нь харахад гол сегмент нь буурч, илүү дунджаас доош, ядууст хандсан бодлого бариад байдаг. Аль ч нам үнэт зүйлээ харахаас илүү бодит байдалдаа нийцүүлж, олонхид таалагдаж, ахин сонгуульд ялахын тулд илүү зүүн чигийн халамжийн бодлого явуулаад эхэлдэг. Ер нь бол манай нийгэм бол социал демократ нийгэм гэж би хардаг.

Үнэт зүйл, бодит байдал хоёрын хооронд ингэж туйлбаргүй байгаа нь л үнэт зүйлгүй нам шиг харагдуулж байгаа болохоос угтаа үнэт зүйлгүй нам гэж байдаггүй. Тодруулбал, намууд өнөөгийн нөхцөл байдлаа өөрчлөхийн тулд манлайлахынхаа оронд нөхцөл байдалдаа тохируулсан бодлого явуулж байгаа нь л шүүмжлэлд өртөх гол шалтгаан нь болоод байгаа юм. Монголын хошин шогийн тухай нэг ийм яриа байдаг. Хошин шогийг их хүн үздэг боловч нийгмийн үнэлэмж нь бага байдаг. Яагаад гэвэл тэд тухайн үедээ үзэгчдийг инээлгэхийн тулд л тоглодог болохоос үзэгчдийнхээ оюунд шинэ юм хийе гэж тоглодоггүй. Хүнд ухааруулсан, бодогдуулсан номер тоглоё гэхээр үзэгчид нь ойлгохгүй, уйтгартай гээд цөөрч ашиггүй болчих гээд байдаг. Үүнтэй л адил манай улс төрийн намууд яг одоо ийм л нөхцлөөр ажиллаж байна. Намууд бодит байдалдаа хэт хөтлөгдөөд манлайлал нь байхгүй болчихсон учраас л ийм шүүмжлэлд өртөж байгаа юм.

 

Эх сурвалж: Улс төрийн тойм

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 16 | 17 цаг