Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Петро Чайна Дачин Тамсаг" ХХК Мэнэнгийн талд үйл ажиллагаа явуулж байна гэв

Г.Номин, iKon.mn
2015 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

“Мэнэнгийн талаа хамгаалъя" ТББ, Дорнод аймгийн Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо, Дорнод аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбооноос хамтран мэдээлэл хийлээ.

Тэд  дэлхийд ганцхан хялганат хээр  болон Мэнэнгийн талыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт оруулах, цаашлаад дэлхийн өвд бүртгүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

Энэ сарын 24-нөөс зүүн аймгуудад ашигт малтмалын лиценз олголт эхэлсэн бөгөөд  долоодугаар сард УИХ-аас Халх голын чөлөөт бүс байгуулах тухай шийдвэр гараад байгаа юм. Мэнэнгийн тал орчимд нэмж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахыг “Мэнэнгийн талаа хамгаалъя" ТББ-ын залуус эсэргүүцэж байгаа ажээ.

 

“Мэнэнгийн талаа хамгаалъя" ТББ –ын тэргүүн З.Болд “Мэнэнгийн талаараа энэ зун очоод ирлээ. Газрын тосны "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн үйл ажиллагаа өргөжөөд 21-р талбай Мэнэнгийн талд үйл ажиллагаа явуулж байна. Газрын тос олборлохдоо байгаль орчныг эвдэж сүйтгэж, бохирдуулж байна. Энэ нь цаашлаад өргөжих магадлалтай болж.

Газрын тосны хог хаягдал байгаль орчныг 2,000 жил хордуулдаг гэж байгаль хамгаалагч мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Тиймээс бидний зүгээс "Петро чайна дэчин тамсаг" ХХК-д байгаль орчныг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлж, засмал зам  тавиад газрын тос зөөхийг шаардах болно.

Газрын тосны хог хаягдал байгаль орчныг 2,000 жил хордуулдаг

Түүнчлэн Халх голд 500 мянган га газарт хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэж байна. Манай Улс 200 мянган га-д тариалалт эрхлэн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой байтал яагаад түүнээс 2.5 дахин их үржил шимтэй хөрс талбайд хөдөө аж ахуйн бүс байгуулах гэж байгааг ойлгохгүй байна” хэмээн ярилаа.

“Мэнэнгийн талаа хамгаалъя" ТББ-ын залуус ирэх сараас Матад, Халхгол сумдад ажиллаж иргэдтэй уулзан гарын үсэг цуглуулж, Мэнэнгийн талыг Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг болгох асуудлаар аймгийнхаа иргэдийн төлөөлөгчдийн хуралд шахалт үзүүлэн ажиллах юм байна.

Дорнод Монголын өргөн уудам тал нутгийн дунд орших Мэнэнгийн тал нь манай орны хамгийн том тэгш тал юм. Талын гадарга жигд, налуу нь 10 м/км-ээс хэтэрдэггүй. Мэнэнгийн тал нь Буйр нуураас баруун тийш 100 гаруй км урт, 60 гаруй км өргөн нутгийг эзлэн д.т.д 600 м өндөрт оршдог.

Бэлчээрийн ургамал зээр, чоно болон ховор ан амьтад ихтэй, дэлхий дээрх байгалийн төрхөө хадгалан үлдсэн томоохон талуудын нэг билээ. Мөн цагаан зээрийн гол бэлчээр нутгийн нэг бөгөөд энд жил бүр олон зуугаараа сүрэглэсэн цагаан зээр ирж өвөлждөг. Унаган төрхөө хэвээр хадгалан үлдсэн хялганат хээр түүний салшгүй хэсэг болох цагаан зээрийн их сүргийг хамгаалах нь дэлхий дахинд их ач холбогдолтой.

Олон наст үржил шимт үетэн ургамлууд зонхилсон хялганат хээрийн өвсөн далай мэт үзэсгэлэнт байдлыг Мэнэнгийн талаас харах боломжтой. 

 

Зураг
13 | 16 | 17 цаг