Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Налайх хотын Захирагч Ш.Хааны бүрэн эрхийг ирэх сарын 6-нд баталгаажуулна

www.ulaanbaatar.mn
2015 оны 6 сарын 29
ulaanbaatar.mn
Зураг зураг

“Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.

Налайх хотын Захирагчийн сонгуулийг зургаадугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан. Налайх хотын Захирагчийн сонгуульд 8 хүн нэр дэвшиж, нийт сонгогчийн 51.4 хувь нь саналаа өгсөн ч нэр дэвшигчийн хэн нь ч олонхын санал аваагүй тул хуулийн дагуу дахин санал хураалтыг хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд зургаадугаар сарын 18-ны өдөр зохион байгуулжээ. Санал хураалтын дүнгээр Шаравхааны Хаан санал өгсөн нийт сонгогчийн 50.87 хувийн саналыг авсан байна.

Сонгуулийн дээрх дүнгийн дагуу Налайх хотын Захирагчаар сонгогдсон Шаравхааны Хааныг холбогдох хууль, тогтоомжийг үндэслэн бүрэн эрхийг нь баталгаажуулахаар нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүллээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн анхны дагуул хотыг байгуулж, түүний Захирагчийг сонгосон нь түүхэн үйл явдал болж байна. Налайх хотын Захирагчаар сонгогдсон Ш.Хаан нь анхны дагуул хотын Захирагч гэдгээрээ түүхэн үүрэг авч, ажиллана гэдгийг хэлмээр байна. Өөрөөр хэлбэл иргэдээсээ сонгогдсон, иргэдрүүгээ хадаг барьж гүйдэг дарга болох нь.

Налайх хот нь тус дүүрэгт тогтоосон эдэлбэр газрынхаа хэм хэмжээгээр тухайн нутаг дэвсгэрийг хамран хөгжлийн хөтөлбөр, ерөнхий төлөвлөгөөгөө гаргаж ажиллана. Хот, дүүрэг эрх мэдлийн хуваарилалтаа хуулийн дагуу хийж, хариуцлагатай ажиллаарай” гэдгийг онцлон хэллээ.

Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Нийслэлд хотууд байгуулах ажлын эхлэл болж байгаа тул хариуцлагатай ажиллаж, хамгийн гол нь оршин суугчдад хийсэн ажлаа тогтмол танилцуулж, санал бодлыг нь сонсдог байх ёстой” гэсэн бол Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Налайх хот өөрөө иргэдээрээ хэлэлцүүлсэн дүрэмтэй болсон. Тиймээс хотынхоо дүрэмд заагдсан хэм хэмжээг баримтлан, иргэдийнхээ санаачилгыг тусган ажиллаарай” гэлээ.

Хуралдаанаар нийслэлийн анхны дагуул хот Налайхын Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулж нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар шийдвэрлэлээ. Налайх хотын Захирагч Ш.Хааныг долоодугаар сарын 06-ны өдөр албан ёсоор томилно.

Мөн хуралдаанаар тус Налайх хотын удирдлагын бүтцийг дүүргийн ЗДТГ-ын бүтцээс салгаж эхний ээлжинд Захиргаа, санхүү, Нийтийн үйлчилгээ, Хот байгуулалтын 3 хэлтэс 14 хүний орон тоотой Захирагчийн ажлын алба байгуулахаар тогтож, цалин, урсгал зардал, санхүүжилтийг шийдвэрлэсэн юм.