Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэгт холбогдсон этгээдүүдийг ирэх долоо хоногт шүүнэ

Г.Номин, iKon.mn
2015 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Дөрвөн настай охиноо хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн хэрэгт сэжиглэгдээд буй охины эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарт холбогдох хэрэг шүүхэд шилжжээ.

Шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд энэ сарын 21-ны Пүрэв гарагийн 11:00 цагаас эхлэх юм байна.

Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас: 

  • Г.Маралмааг 4 настай дагавар охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгийгээр зодож санаатай алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
     
  • Т.Цогтыг өөрийн төрсөн охин 4 настай О-г хойд эх Г.Маралмаад зодуулж бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, асран хамгаалж байгаа бага насны хүүхэд болох 4 настай охин О-г хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан ялыг тус тус сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна.

Хуулийн заалт:

91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах

91.2.12.онц харгис хэрцгий аргаар;

91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж;

107 дугаар зүйл. Бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх /Энэ зүйлийн гарчигт 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

107.3.Энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

118 дугаар зүйл. Асран хамгаалах үүргээ урвуулах

118.1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ шунахай зорилгоор урвуулан ашигласан, асран хамгаалж байгаа хүнээ хараа хяналтгүй байлгасан, шаардлагатай тусламж үзүүлэлгүй орхисон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

246 дугаар зүйл. Гэмт хэргийг үл мэдээлэх

246.1.Энэ хуулийн тусгай ангийн 87.2/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар төрийн нууц задруулах/, 91/Хүнийг санаатай алах/, 96/Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах/, 108/Хүн хулгайлах/, 112/Хүнийг барьцаалах/, 126.2; 126.3/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх/, 145.2; 145.3; 145.4/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 146.2; 146.3; 146.4/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг булаах /, 148.2; 148.3; 148.4/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх/, 150.2; 150.3/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх /, 147/Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 176/Мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах/, 177/Зандалчлах/, 1781 /Терроризм/, 225/Агаарын хөлөг авч зугатаах/, 268.2; 269.2; 270.2/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хээл хахууль авах, өгөх, зуучлах / -т заасан гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгаа буюу үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.