Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

П.Баярмагнай: Сэтгүүлчдэд шинэ хууль зайлшгүй шаардлагатай

Д.Гэрэлцэцэг
2015 оны 5 сарын 4
Зууны мэдээ
Зураг зураг

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өчигдөр тохиосонтой холбогдуулан МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал П.Баярмагнайг “Ярилцах цаг” буланд урилаа.

-Энэ өдөр улс бүхэн өөрсдийн хэвлэл мэдээллийн салбар дахь эрх чөлөөний талаар хэлэлцдэг. Бидний хэвлэн нийтлэх эрх чөлөөний  үзүүлэлт сүүлийн хэдэн жил дараалан буурсан үзүүлэлт байна?

-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр бие биедээ одон гардуулж, баярладаг мэтээр бид ойлгодог байсан.

Дэлхий дахинд өнөөдөр сэтгүүлч эрхээ хэрхэн эдэлж бас үүргээ хэрхэн биелүүлж чадаж байгаад үнэлэлт, дүгнэлт өгч байна. Монголын сэтгүүл зүй ч энэ гольдрол руу орж байгаад баярлаж байна.

Сэтгүүлч хүний хувиар харвал хэвлэлийн эрх чөлөө бидэнд бий. 

Бид энэ өдөр баярлах биш харин өөрсдөө дотроо болохгүй байгаа асуудлуудаа ярьж, шүүмжлэлтэй хандаж, болж, бүтэж байгаа зүйлээ урамшуулдаг болж байна. Хэвлэлийн эрх чөлөө бүрэн утгаараа хангагдаж байна уу гэвэл хоёр утгатай хариулах байх.

Сэтгүүлч хүний хувиар харвал хэвлэлийн эрх чөлөө бидэнд бий. Гэхдээ үүнийгээ  бүрэн эдэлж чадахгүй байна. Үүнд олон шалтгаан нөлөөлж байна. Ний нуугүй хэлэхэд юуны өмнө сэтгүүлч биднээс өөрсдөөс маань болж байгаа. Бид мэдээллээ бүрэн дүүрэн авдаггүй, мэдээнийхээ араас хөөцөлдөж чаддаггүй.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг тэр болгон сайн мэддэггүй, өөрсдөө ч сайн ойлгоогүй явж байдаг. Авах гэсэн мэдээллээ авч чаддаггүй эсвэл өгөх ёстой хүн нь бидэнд мэдээллээ өгөхгүй байх нь бий. Энэ мэт олон шалтгааныг хэлж болно. Мөн редакцийн дарамт байдаг.

Энэ мэт олон шалтгааны улмаас хэвлэлийн эрх чөлөөгөө тэр болгон эдэлж чадахгүй байна. Бид эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байгаагаас болоод ард түмэн мэдэх эрхээ боомилуулж байдаг. Өөрөөр хэлбэл, давхар давхар хохиролтой болж байгаа гэсэн үг. Тиймээс сэтгүүлчид бид илэн далангүй ярилцах цаг болсон. Уржигдар МСНЭ, Монголын сайтуудын холбоо хамтраад анхдугаар форумыг зохион байгуулсан. Энэ үеэр болж байгаа болон болохгүй байгаа  бүх асуудлаа ярилцсан. Сэтгүүлчид өөрсдөө ямар нэгэн алхам хийж, өөрсдөдөө шударга, үнэнч хандах ёстой.

-Энэ бүхнээс ямар нэг шийдвэр гарах уу?

-Ямар ч байсан хэвлэлийн бүрэн эрх чөлөө рүү дөхөж байгаа гэж харж байна. Бид зарим зүйлээ шинэчлэх ёстой. Тухайлбал, сэтгүүлчийн боловсрол, мэдлэг, ёс зүй байна. Мөн өөрсдийнхөө шаардах ёстой зүйлийг шаардмаар байна. Ингэж чадвал Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг батлуулахад өөрсдийн дуу хоолойг тусгаж чадна.

Сэтгүүлчийн эрх ашиг, сэтгүүлчийн мэдэх эрхийг хамгаалж, баталгаажуулах гэж байгаа энэ хуульд бид хамгийн чангаар дуу хоолойгоо илэрхийлж орцолцох ёстой. Эцэст нь бидний хүссэн сэтгүүлчийг хамгаалсан хууль гарах болно.

-Монгол Хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ өнгөрсөн жил 34 орны өмнө жагссан. Энэ нь сэтгүүлчийг эрүүгийн зүйл заалтаар шийтгэхгүй гэх заалт Эрүүгийн хуулийн төсөлд орсонтой холбоотой байсан. Гэтэл одоо энэ заалт буцаад хуульд орж ирлээ?

-Нэг зүйлийг сайн анзаарсан байх. Гадаад ертөнц биднийг анхааралтай ажиглаж, харж байна. Монгол Улсад ардчилал, хүний эрх, үг хэлэх эрх чөлөө хэрхэн баталгаажиж байгааг гадныхан харж байгаа гэдгийг 30 гаруй байраар урагшил­сан үзүүлэлт харуулж байна. Бид үүнийг баталгаажуулах ёстой. Зарим сэтгүүлч 30 орноор урагшилж байгаад баярлаад, бахархаад байх зүйл юу байна гэж магадгүй юм.

Миний хувьд энэ бол том өсөлт гэж бодож байна. Учир нь дээрх үзүүлэлт биднийг сайхан харагдуулж байна. Монголд хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл бий, хэрэгжиж эхэлсэн, бас ч үгүй ахицтай байгааг харууллаа. Харин үүнийг алдаж болохгүй. Боломжоо алдахгүй, дээрээс нь үүнийгээ баталгаажуулахын тулд хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчийг хаасан, боомилсон бүх хуулийн заалтыг байхгүй болгохын төлөө явах хэрэгтэй.

-1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль дөрөвхөн заалттай, ганц хуудас хэдий ч сайн хууль болсон гэдэг. 1998-2015 он хүртэл манай салбарыг маш сайн зохицуулж ирсэн гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Тэгэхээр заавал дахиад хууль батлах хэрэг байна уу?

-Бидэнд шинэ хууль шаардлагатай гэж сэтгүүлч хүний хувьд бодлоо хэлэх байна. Гэхдээ тэр хууль бол бидний хүндэтгэх ёстой зүйл. Сэтгүүлчид ямар ч байсан салбарынхаа хуулийг батлуулж чадсан. Одоо цаг үеэ дагах хэрэгтэй. Өнөөдөр сошиал медиа хүч түрэн орж ирлээ.

Хэн нь сэтгүүлч, хэн нь сэтгүүлч биш вэ гэдгийг ард түмэн ялгахаа больсон. Зүгээр л 140 тэмдэгт бичдэг жиргээчдийг бараг сэтгүүлчээс илүү боддог.

Өнөөдөр сошиал медиа хүч түрэн орж ирлээ. 

Тэдний үгэнд илүү итгэдэг байх нь ч бий. Гар утсаараа бичлэг хийгээд нүүр номондоо тавьсан хүмүүсийг сэтгүүлч гэж бодож, тэдэнд илүү итгэдэг байх жишээтэй. Бодит байдалд ийм нөхцөл байдал үүссэн. Тиймээс эдгээр зүйлийг дахин шинэчлэх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, бүр мөсөн шинэчлэн сэргээж, update хийх шаардлагатай болоод байна. Энэ цаг үед үүсээд буй нөхцөл байдалд тохирсон шинэ хууль зайлшгүй шаардлагатай. Хамгийн гол нь хуулийн зүйл заалт бүрийг сэтгүүлчид өөрсдөө хувь сэтгүүлч, редакцийн хувьд ч гэсэн бүгдээрээ ариутган шүүх ёстой гэдгийг дахин хэлье.

-Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан, боомилсон заалтууд Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн төсөлд орсон. Тиймээс суурь хууль болох Хэвлэлийн эрх чөлөөний хуулиа баталсны дараа дээрх хуулиудыг хэлэлцэхгүй бол дахиад л түүхий хууль болно гэдгийг салбарынхан хэлж байгаа. Үүнд та юу гэж хариулах вэ?

-Гадны орнуудын жишгийг сайн мэдэхгүй. Гэхдээ бидний жишээ болгон ярьдаг ардчилал өндөр хөгжсөн орнуудад хэвлэн нийтлэх эрх чөлөө,хэвлэлийн эрх чөлөөний хууль бүгдээрээ батлагдсан байдаг. Тэр нь албан ёсоор баталгаажсан.

Бидний хувьд дараалал ямар байх нь хамаагүй, хамгийн гол нь сэтгүүлчийн эрх баталгаажих ёстой. Бидэнд хэвлэлийн эрх чөлөөний хууль зайлшгүй хэрэгтэй. Сэтгүүлчдийн эрхийг зөрчсөн, боомилсон зүйл заалтууд одоогийн хэлэлцэгдэж буй хуулиудад орж батлагдахгүй байх гэж найдаж байна.

-Өмнөх Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хэвлэлийн эзэн, хөрөнгө оруулагчийг ил болгох заалт байсан нь нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан. Магадгүй хувьдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй улстөрчдийг ил болгох нь энэ салбарыг хараат бус байлгахад нөлөөлөх байх?

-Эзэд болон хөрөнгө оруулагчид нээлттэй байх ёстой. Бид хэн ямар хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдгийг мэдэж байх хэрэгтэй. Бид гэдэг нь Монголын ард түмэн юм. Нөгөө талаараа монголчууд, Монголын улстөрчдийн хувьд нэгэн болхи арга үеэ өнгөрөөж байх шиг байна. Улс төрд орохоор бол өөрөө заавал хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байна. Учир нь намайг гар буугаар буудвал өөдөөс нь ямар ч байсан их буугаар буудах зэвсэгтэй байя гэж ярьдаг хүмүүс байдаг.

Гэхдээ би үүнийг ишлэж ярьж байгаа юм шүү. Яг ийм гэнэн гэх үү, өрөвдмөөр гунигтай сэтгэхүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг өмчилж авдаг. Гэтэл гол зорилго болсон үнэнийг мэдээлэх, соён гэгээрүүлэх, энтертайнмэнт зэрэг бүх үүрэг нь алга болоод зүгээр л өөрийгөө хамгаалах хэрэгсэл болгосон. Энэ бол гутамшиг. Хөрөнгө оруулагчдын нэрс тодорхой болсноор бид ийм өрөвдөлтэй, аюултай, намагнаас гарах боломж байгаа гэж харж байна.

-Гадны сэтгүүлчид манай сэтгүүлчдийг дор хаяж хоёроос гурван эх сурвалж ашигладаг байх хэрэгтэйг хэдэн жилийн өмнө сануулж байсан. Энэ зарчмыг манай сэтгүүлчид хэр зэрэг мөрддөг гэж та бодож байна вэ?

-Тэр дүгнэлт одоо хүртэл хүчинтэй. Мэдээж энэ бол сэтгүүлч бид нарт заадаг алтан дүрмүүдийн нэг. Дор хаяж хоёр эх сурвалжаас мэдээллээ авах хэрэгтэй. Хоёр гэдэг нь хангалттай биш. Яагаад гэвэл найдвартай гэсэн үг заавал орж ирдэг. Магадгүй өнөөдөр хүн бүхэн эх сурвалж болсон. Сошиал медиа хүртэл эх сурвалж болсон байж магадгүй.

Мэдэхгүй зүйлээ google-ээр хайгаад эх сурвалж болгох боломж нь бидэнд бий. Гэтэл найдвартай эх сурвалжаас мэдээлэл авах гэдэг маш том сорилт бидний өмнө байгаа. Хэн найдвартай, хэн үнэн зөв мэдээлэл өгч чадах вэ гэдэг нь сэтгүүлчийн бодох ёстой асуудал болсон. Нөгөө талаар хэвлэл мэдээллийн салбарынханд зав чөлөө байдаггүй. Хэдэн мэдээ, нийтлэл бичих ёстой гэсэн үүрэг өгвөл түүнийхээ хойноос явдаг. Үүний цаана тухайн мэдээллийнхээ хойноос хөөж явах зав цаг гардаггүй гэж болно. Сэтгүүлчид энэ тал дээр анхааралтай хандах хэрэгтэй.

Хэрэв үнэхээр бэлэн биш бол редакц болон мэдээний албаны дарга нь ойлгоод, хойшлуулдаг байх нь зөв. Бүр ноцтой мэдээлэл бай­вал түүнийг цааш нь хөөж сурвалжлах ёстой. Өнөөдөр мэдээллийн хөтөлбөр үзэхэд үргэлжилсэн, эрэн сурвалжилсан нийтлэлүүд ховор байгаа нь анзаарагддаг.

Сэтгүүлч хүн нэг сураад зогсдоггүй байх нь чухал.Сошиал медиа хүч түрэн орж ирж байна. Магадгүй биднээс мэдлэгтэй хүмүүс байж байдаг. Бид тэднийг өрсөлдөгч гэж харах ёстой. Өөрсдийгөө боловсруулж, олон зүйл сурах шаардлага гарч ирсэн.

Зураг
Зураг
13 | 11 | 10 цаг