Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

М.Батчимэг: Чөлөөт хэвлэлийн хөгжил бол эрх чөлөөт нийгмийн хамгийн чухал илэрхийлэл юм

Г.Номин, iKon.mn
2015 оны 5 сарын 4
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

"Бүгдээрээ хамтран ажиллаж хэвлэл мэдээллийг бэхжүүлэн хөгжүүлье" уриан дор тэмдэглэж буй  2015 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өчигдөр тохиолоо. 

Энэ өдрийн хүрээнд Глоб Интернейшнл  төв, Нээлттэй нийгэм форум, МСНЭ хамтран дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулсан юм. 

Ярилцлагад "Онлайн эрх чөлөө эвсэл"-ийн Сайд нарын V бага хуралд оролцохоор ирсэн зарим төлөөлөгчид, төрийн байгууллагуудын төлөөлөл, хуульч өмгөөлөгчид, хүний эрхийн ТББ-ууд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, манай улсад ажиллаж буй олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал хэлсэн үгэндээ “Өнгөрсөн жил УИХ-аас олон нийтийн радио, телевизийн төсвийн дэмжлэгийг тавин хувиар бууруулж, 100 гаруй ажилтан цомхотголд өртсөн харамсалтай үйл явдал боллоо.

Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх оролдлого хийх, дарамт шахалт үзүүлэх, сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх, заналхийлэх, мэдээлэл олж авах, түгээхэд нь саад хийх, нууц эх сурвалжаа илчлэхийг албадах, хүчний байгууллага, ялангуяа Тагнуулын Ерөнхий Газраас сэтгүүлчдийг байцаах, мэдүүлэг авах, улс төрч, нийтийн албан тушаалтнууд, төрийн байгууллагууд нэр төр гутаахтай холбоотой хуулийн зүйл заалтыг хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эсрэг ашиглах нь нэмэгдэж буйг манай байгууллагаас 2005 оноос хойш хийж буй сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн зөрчлийн мониторингийн дүн харуулж байна” гэлээ.

Гэрэл зургийг mpa.mn

Хэлэлцүүлэгт ЮНЕСКО-гийн Ерөнхий Захирлын орлогч Гетачю Энгида, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Дуня Миятович, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Австри Улсаас Женев дэх НҮБ болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин Томас Хайноци нар мөн оролцож үг хэлсэн юм.

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн М.Батчимэг “Удахгүй УИХ-аар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх төлөвтэй байгаа энэ үед "Онлайн эрх чөлөө эвсэл"-ийн Сайд нарын V бага хурал зохион байгуулагдаж, уг хуралд оролцохоор ирсэн олон улсын төлөөлөгчид бидэнтэй уулзаж санал бодлоо хуваалцаж байгаад талархалтай байна.

Сэтгүүлзүйн салбарын хөгжил нэн ялангуяа чөлөөт хэвлэлийн хөгжил бол эрх чөлөөт нийгмийн хамгийн чухал илэрхийлэл юм

1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний анхны хууль батлагдсанаас хойш сэтгүүлчдийг цагдан хорих нь багасаж байгаа хэдий ч сэтгүүлчид бичсэн нийтлэл, нэвтрүүлгийнхээ төлөө эрүүгийн хуулийн заалтаар шүүгдсэн хэвээр байна. 

Энэ үед нэгэн сайшаалтай зүйл бий болсон нь хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалт буюу Хэвлэлийн зөвлөл байгуулагдлаа. Уг зөвлөлийг байгуулах ажилд идэвх чармайлт гарган ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагууд хувь хүмүүст баяр хүргэмээр байна" хэмээн онцоллоо. 

Үүний дараа дугуй ширээний ярилцлагын оргил үеэр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналыг гардууллаа. Глоб Интернэшнл” ТББ 2009 оноос эхлэн Олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэлэн жил бүр олгож эхэлсэн юм. 

Энэ жилийн шагналыг “Өдрийн шуудан”сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэгт гардуулсан юм.

Тэрбээр авто машины улсын бүртгэл болон улсын дугаарын наймааны талаар бэлтгэсэн өгүүллийнхээ төлөө шүүхэд дуудагдаж хоёр жил гаруй шүүх, цагдаагаар явсны дараа 2014 оны нэгдүгээр сард гэм буруугүй нь нотлогдож шүүх дээр ялалт байгуулжээ. 

Гэрэл зургийг mpa.mn

“Өдрийн шуудан”сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэг “ Өгүүллээ бичихдээ хоёр эх сурвалжаас мэдээлэл авч бэлтгээд эх сурвалжаа нууцалсан юм. Мэдээлэл дунд нэр дурдагдсан албан тушаалтан шүүхэд гомдол гаргаж 2012 оны арваннэгдүгээр сараас хойш хоёр жил гаруй шүүхээр явсны эцэст ялалт байгуулж чадсан.

Удаан хугацаагаар шүүх, цагдаагийн байгууллагаар яваад шантрах үе их гарч байсан.

Удаан хугацаагаар шүүх, цагдаагийн байгууллагаар яваад шантрах үе их гарч байсан. Тухайн үед мөрдөн байцаагч, прокурор, гомдол гаргагч тал ч гэсэн байнга эвлэрэх санал тавьж байлаа. Гэхдээ эвлэрэхдээ сонингоор дамжуулан уучлал хүс гэдэг байсан. Надад уучлал гуйх шалтгаан байхгүй. Би худлаа юм бичээгүй учраас эцсийг хүртэл явж, ялалт байгуулж чадлаа. 

Би өдөр тутмын сонинд 2002 оноос хойш 10 гаруй жил ажиллахдаа өөрийгөө их туршлагажсан гэж бодож байсан ч цагдаа, шүүхээр яваад үгүй юм байна гэдгийг ойлгосон. Хоёр жил гаруй ингэж явсны дараа одоо яаж бичвэл шүүх цагдаад дуудагдахгүй байх вэ, өөрийгөө хамгаалах баримтыг хэрхэн хамгаалж авч үлдэх вэ гэдгийг суралцаж байна" хэмээн ярилаа.

2015 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан хэлэлцүүлгийг дараах гурван дэд сэдвийн хүрээнд илтгэл сонсож чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг хийсэн юм.

Онлайн эрх чөлөө болон нэрээ нууцлах эрх

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа, Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ) мэдээ, мэдээллийн цахим хуудсыг албан ёсоор бүртгэж, хэрэглэгчийн үүсгэсэн сэтгэгдэлд кирил, латин үсгээр бичигдсэн 100 гаруй хориотой үгийн жагсаалтын дагуу шүүлтүүр хэрэглэх, мөн хэрэглэгчийн IP хаягийг ил болгохыг интернэтийн үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг болгож байгаа нь энэ сэдвийн хүрээнд анхаарах асуудлын нэг гэдгийг илтгэгч хуульч судлаач Л.Ганбаатар танилцуулсан.

Мөн 2012 оноос хойш Монгол улсад зохиогчийн эрхийг зөрчсөн гэсэн шалтгаанаар 217 цахим хуудас хаагдсаны дотор зохиогчийн эрхийн зөрчилтэй холбоогүй тохиолдлууд байгаа талаар мэдээлэл өгч оролцогчид энэ асуудлаар нээлттэй хэлэлцсэн юм.

Нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хасах нь

Эрүүгийн хуулийн нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг нийтийн албан тушаалтнууд ашиглах нь нэмэгдэж байна.

Монгол улсад нэр төр, алдар хүндийг Иргэний болон Эрүүгийн, мөн түүнчлэн сонгуулийн хуулиудаар хамгаалдаг. Эрүүгийн хуулийн 110 дугаар заалтын дагуу доромжлох, 111 дүгээр заалтын дагуу гүтгэх нь гэмт хэрэгт тооцогдоно. Эдгээр зүйл заалт нь нэгээс зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах ял ногдуулах эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэж болно.

Сүүлийн жилүүдэд нэр төр гутаахтай холбоотой эрүүгийн хэрэг өсч байна. Глоб Интернэшнл Төвийн бүртгэснээр 2012-2013 онд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг нийт 12 байсан бол зөвхөн 2014 онд улсын хэмжээнд нэр төр гутаахтай холбоотой 9 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ. Гомдол гаргагчдын дийлэнх нь улстөрч, өндөр албан тушаалтнууд байна.

2014 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг хассан байсан боловч Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөний дараа энэ заалтыг буцаан оруулсан талаар уг сэдвийн илтгэгч Глоб Интернэшнл төвийн хуульч Д.Мөнхбүрэн танилцууллаа.

Цензур буюу цагдан хяналт

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар бүх төрлийн цензурыг хориглодог хэдий ч бодит байдал дээр өөр байна. Монгол улсад редакцын  цензурын асуудал ноцтой хэмжээнд хүрсэн, мөн сэтгүүлчид өөрийн цензурт автах нь түгээмэл.

Эдүгээ мөрдөгдөж буй хуулиуд, түүнчлэн төрийн болон бизнесийн байгууллагын зар сурталчилгаа, ил тод бус хэвлэл мэдээллийн өмчлөл, төвлөрөл зэрэг нь цензурыг өөгшүүлж байна. Хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулагчид хэвлэл мэдээллийн хэрэгслийг бизнесийн утгаар бус өөрийгөө хамгаалах, нэр хүндээ өсгөх, нэг нэгнээ чичилж дайрах хэрэгсэл мэтээр харж байна гэдгийг илтгэгч "News" агентлагийн дэд захирал Д.Нарантуяа онцолсон юм. Энэ сэдвийн хүрээнд оролцогчид идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

 

 

Зураг
13 | 18 | 17 цаг