Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

С.Чинзориг: Би хууль бус томилгоо хийгээгүй

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хөдөлмөрийн хэлтсийн дарга болон МСҮТ-ийн захирлуудын томилгооныхоо талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр хөдөлмөрийн хэлтсийн дарга, МСҮТ-ийн захирлуудыг халсан нь улс төрийн томилгоо болсон гэсэн мэдээлэл цацагдаад байсан билээ.

Тэрбээр “Сүүлийн хэд хоног С.Чинзориг төрийн албан хаагчдыг хоморголон халж байна. Намчирхан асуудалд хандаж, халаа сэлгээ их хийж байна гэсэн мэдээлэл гарсан.

Манай яамны харьяанд байдаг аймаг бүрийн МСҮТ-ийн захирал, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргасан. Учир нь Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлөөс баталсан түр орлон гүйцэтгэгчийг томилох журмыг зөрчөөд Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг 2013 оны нэгдүгээр сард тухайн үеийн Хөдөлмөрийн сайд томилсон.

Мөн Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулиар захирлуудыг сонгон шалгаруулалтаар томилох ёстой. Гэтэл сая ажиллаж байсан МСҮТ-ийн захирлууд, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарын томилгоо нь Төрийн албаны хууль, Төрийн албаны зөвлөлөөс баталсан түр орлон гүйцэтгэгчийг шалгаруулах журмыг зөрчсөн. 2013 оны нэгдүгээр сард түр орлон гүйцэтгэгчээр томилчихоод өнөөдрийг хүртэл томилгоог нь жинхэлээгүй. Манай яамны удирдах албан тушаалтнууд, харьяа газар хэлтсийн дарга нар бүгд түр орлон гүйцэтгэгч гэсэн статустай явж ирсэн.

Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Шинэчлэлийн Засгийн газар Б.Ганцэцэг гэдэг хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. 2012 оны сүүлээр Төрийн нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалт зарлахад Б.Ганцэцэг тэнцээд Төрийн нарийн бичгийн даргын нөөцөнд бүртгэгдсэн байна. Гэтэл Засгийн газар Төрийн нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалт зарлачихаад шалгалтанд нь тэнцсэн Б.Ганцэцэгийг томилоогүй П.Гантулгыг Төрийн нарийн бичгийн түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Тиймээс Б.Ганцэцэг нь шүүхдээд, энэ асуудал нь шийдэгдэж амжилгүй шүүх дээр явсаар байгаад Шинэчлэлийн Засгийн газартай золгосон.

Тиймээс яамны Төрийн нарийн бичгийн дарга хуулийн дагуу шалгалтад ороод тэнцсэн боловч томилогдож, жинхэлж чадаагүй. Яамны төрийн албаны салбар зөвлөл нь эрх зүйн чадамжгүй өнөөдрийг хүртэл түр орлон гүйцэтгэгчээр явж ирсэн. Ер нь Төрийн албаны тухай хуулиар хоёр жилийн хугацаанд төрийн албыг түр орлон гүйцэтгэгчээр хашуулах ёсгүй. Сул байгаа албан тушаалд түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо гаднаас биш дотроос буюу төрийн жинхэнэ албан хаагчийг томилдог.

Энэ оны хоёрдугаар сарын дундуур яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт зарлагдаж манай яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Магнайсүрэн томилогдсон. Төрийн нарийн бичгийн дарга жинхлэн томилогдсонтой холбоотойгоор Төрийн албаны зөвлөл гуравдугаар сарын 12-нд тогтоол гаргаж манай яамны Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж өгсөн.

Өөрөөр хэлбэл манай салбар зөвлөл эрх зүйн чадамжтай болсон. Тиймээс эдгээр хууль бус томилгоог хүчингүй болгож, хуульд нийцүүлсэн. Ингэхдээ би өмнөх хүмүүсийн адил хууль зөрчиж түр орлон гүйцэтгэгчдийг томилоогүй.

Томилохдоо Хөдөлмөрийн хэлтсийн дотор нь ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч, мэргэжилтнээр хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж бай гэсэн тушаал гаргасан. МСҮТ-ийн захирлаар сургалтын албаны дарга нарыг захирал томилогдтол түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Төрийн нарийн бичгийн даргадаа дөрөвдүгээр сард багтаан сул албан тушаал дээр сонгон шалгаруулалт явуулахыг даалгасан. Энэ асуудалд би огт намчирхаж хандаагүй. Сонгон шалгаруулалтыг ил тод явуулна.

МСҮТ-ийн захирал, Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс сонгон шалгаруултад орж өрсөлдөх эрхтэй. Сонгон шалгаруулалтад оролцохгүй, төрийн албанд үргэлжлүүлэн ажиллана гэвэл ажлын байрны асуудлыг шийдэж өгнө” гэлээ.

Одоогийн байдлаар мянга орчим төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн

Тэрбээр мэдээлэл хийснийхээ даргаа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Нийтдээ хэдэн хүнийг  халсан бэ. Эдгээр хүмүүс улс төрийн томилгоогоор очсон хүмүүс байсан уу, төрийн жинхэнэ албан хаагчид байв уу?

-Нийслэлийн хөдөлмөрийн хэлтсийн дарга 21 аймаг, есөн дүүргийн 30 хүн бий. Мөн МСҮТ-ийн 30 захирал. Эдгээр хүний ихэнх нь гаднаас томилогдсон хүмүүс. Төрийн албанд ажиллаж байсан хүмүүс бий. Төрийн Албаны Зөвлөл эдгээр хүмүүсийн материалыг шалгана. Төрийн албанд ажиллаж байсан хүмүүс байвал заавал сонгон шалгаруулалтад оруулахгүйгээр дүгнэлтээр томилох боломж байгаа эсэхийг шалгана.

-Ерөнхий сайд төрийн албаны 11,000 хүнийг цомхотгоно гэж байсан. Одоогоор төрийн албанаас хэдэн хүнийг цомхотгоод байгаа вэ. Цомхотгол хийгдсэн бол хэдий хэмжээний нөхөн олговор олгосон бэ?

-Төсвийн тодотгол хэлэлцэж байх үед төрийн 11,000 албан хаагчийг цомхотгох асуудал яригдаж байсан. Гэхдээ эдийн засаг хүнд байгаа энэ үед 11,000 хүнийг ажилгүй болгох нь эдийн засагт дарамт учруулна гэж үзээд 1,600 хүнийг цомхотгох шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар 1,000 орчим хүнийг цомхотгоод байна. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, Ажилгүйдлийн даатгалын сангаас ажлын 76 хоногийн тэтгэмжээ авна. Мөн хөдөлмөрийн зах зээл дээр ирээд шинэ ур чадвар эзэмших сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Одоогоор хэдий хэмжээний ажилгүйдлийн тэтгэмж олгогдсон тоо баримт ирээгүй байна.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэмнэ гэсэн хууль бий. Дөрөвдүгээр сард энэ асуудлыг шийднэ гэж байсан?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх асуудлыг судална. Гурван талт хэлэлцээрийн үндэсний хороон дээр хэлэлцээд шийдвэр гарна. Дөрөвдүгээр сараас энэ ажил эхэлнэ. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэмэгдүүлэх хэрэгтэй гээд автоматаар нэмэгдүүлж болдоггүй. Эдийн засгийн өсөлт, ажилгүйдлийн түвшин, үнийн өсөлт, инфляци гээд эдийн засгийн олон хүчин зүйлүүдийг харгалзан үзэж шинэчилдэг.

 

Зураг
13 | 17 | 17 цаг