Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Алтан Алим"-ын САНАЛ БОЛГОХ 10 НОМ

Ч.Болортуяа
2015 оны 2 сарын 5
iKon.MN

Олон нийтийн сүлжээнд Алтан Алим нэрээрээ танигдаад буй А.Алимаагийн бусдад санал болгох болон түүнд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн 10 номыг танилцуулж байна. 

Тэрбээр генийн инженерээс эхлээд эдийн засгийн докторын зэрэг хүртэл хамгаалаад байгаа юм. 

А.Алимаа "Маш олон дурдатгал, уран зохиол, танин мэдэхүйн ном гадаад хэл дээр уншиж. Аль болохоор монгол хэл дээр унших боломжтой ном оруулахыг хичээлээ. Эдгээр номноос 4, 10-аас бусдыг монгол хэл дээр унших боломжтой. Энэ хоёрыг ч бас үнэгүй татаж уншиж болно. Намайг үргэлж “ухаантай ном” уншдаг гэж бодуузай. Хөнгөн жаанрын ном гадаад хэл дээр их уншдаг. Хэлээ сайжруулахад их нэмэртэй байдаг" гэв.

Ингээд Алтан Алимын танд санал болгох 10 номыг уншигч танд танилцуулж байна. 

 

Сэтгэлд хоногшин үлдсэн номнууд:

Хүүхэд байхад:

1. Жэймс Олдридж. Гайхамшигт монгол морь.  

 

Социализмын үед англи хэл дээр бидний тухай гарсан алдартай номны нэг. Английн амьтны хүрээлэнгээс эх нутгаа зорин гүйсэн тахины тухай, үе тэнгийн хоёр хүүхдийн харилцан захидал маягаар бичигдсэн нь хүүхэд уншихад хялбар дөхөмтэй.

Номын тухай -  http://slide.mn/projects/monsudar/content/80

 

2. Г. Н. Троепольский. Хар чихтэй цагаан Бим. 

Энэхүү зохиолоор хийсэн кино 

Эзэндээ үнэнч хөөрхөн нохойны тухай уншаад их уйлж билээ. Нохой тэжээх нь ямар их хариуцлага болохыг тэгэхэд ойлгосон байх. 1977 онд кино болж гарсан. Гэхдээ л ном нь гоё.

 

3. М.Твен. Том Сойерын адал явдал 

 

Том хүүгийн их л хөгжилтэй адал явдал гарна даа. Хөхөрч унаал уншаад байснаа санадаг юм. 

Номын тухай дэлгэрэнгүй - http://bit.ly/18xl3m7

 

4. А. Азимов. Слова на карте. Географические названия и их смысл. 

 

Газар усны нэрнээс маш олон зүйл мэдэж авч болох талаар олж мэдээд ихэд гайхсан юмдаг. Ер нь энэ номноос эхлээд шинжлэх ухаан, танин мэдэхүйн зохиолд дурлаад том болоод одон орон судлаач болохоор хатуу шийдэж байлаа.

 

Оюутан болчихоод:

 

5. Оросын шилдэг зохиолчдын түүвэр 

Сергей Есенин

Чехов, Есенинийг уншаад эх хэл дээр нь зохиол унших нь ямар сайхан болохыг мэдэрсэн тул үүнээс хойш гадаадын зохиолчдыг эх хэл дээр уншихыг чармайх болов. Энэ нь гадаад хэл сурахад маш их нөлөө үзүүлсэн гэж бодож явдаг.

 

6. Ф. М. Достоевский. Гэм зэм. 

 



Зохиолч Г.Аюурзана энэ зохиолыг мөн санал болгосон байсан. Нэг зуны амралтаар Достоевскийг уншаад ахдаа үхтэл загнуулж билээ. Бодоход хэт хүнд философи унших болоогүй гэж бодсон биз. 

 

Сүүлийн үед уншсан номнууд:

 

7.  Ё. Отгонбаяр. Талд ассан түймэр, Ээдрээт цагийн бичээс

 

Унших төдийгүй сонсож болох номнууд. Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн гэж хэлэгдэх эрх бидэнд ямархан үнээр олдсоныг ойлгоход их тустай. Түүхэн хүмүүсийн намтрыг ямар нэг үзэл суртлын сүүдэргүйгээр дүрслэн бичсэн нь XX зууны Монголын түүхийг намын түүхээр төсөөлдөг хүмүүсийн нүдийг нээнэ гэж найдаж байна. Удахгүй III дэвтэр нь хэвлэгдэн гарна.

Цахим номыг iTunes-ээс татах боломжтой бөгөөд ЭНД дарна уу.

 

8. F. Fukuyama. Political Order and Political Decay

 

 

Ардчиллын замаар явсан зарим улс цэцэглэн хөгжөөд байхад зарим нь яагаад хөгжилгүй, мөнхийн хямралтай байдгийн учрыг засаглалын хөгжилтэй нь холбон тайлбарласан бүтээл.  Тун удахгүй Непко хэвлэлийн компани монгол хэл дээр гаргана.

Өмнөх зохиол нь - http://www.nepko.mn/product/7166.shtml

 

9. Т. Бум-Эрдэнэ. Эмэгтэй ном

 

Монгол ахуйг нүдэнд харагдах төдийгүй үнэрттэл нь ингэж бичдэг орчин үеийн зохиолчтой одоогоор таараагүй л байна. (Блог дээр нь зохиолууд нь байгаа. Ялангуяа, "Америкт зорчсон Жийжээ"-г заавал уншаарай )

Блог - http://www.bumerdene.blogspot.com  

 

Ширээний ном: 

 

10. А. Jay & J. Lynn. Yes, Minister 

Английн төрийн албаны аппаратжисан байдлын тухай гардаг маш сайн англи хэл, хошин шог, сургамж, үйл явдал, улстөр бүгд багтсан зохиол. Энэхүү зохиолын нэр “Тийм ээ, сайдаа” нь Баруунд хэлц үг болтлоо нутагшжээ.  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.