Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

ГҮН ОВГИЙН Г.АЮУРЗАНЫН санал болгох 10 ном

Ч.Болортуяа
2015 оны 1 сарын 14
iKon.MN
 

iKon.mn сайт уншигч та бүхэндээ эрдэмтэд, олны танил болоод ном, бичгийн хүмүүс, амжилтанд хүрсэн эрхмүүдийн уншсан номнуудаас онцлох 10-г нь хүргэж байгаа билээ. 

Энэ удаад та бүхэндээ ЯРУУ НАЙРАГЧ, ЗОХИОЛЧ, ОРЧУУЛАГЧ ГҮН ОВГИЙН Г.АЮУРЗАНЫН санал болгох 10 номыг хүргэж байгаад таатай байна. 

Г.АЮУРЗАНА "Би өөрөө уран зохиолын хүн учраас, илүү сайн төсөөлж чадах номуудынхаа хэмжээнд л дараах 10 номыг заавал унших нь зүйтэй гэсэн санал дэвшүүлж байна" гэсэн юм. 

Ингээд түүний санал болгох 10 номоор аялцгаая. 

 

 

1. Хомерийн туульс

Эртний Герегийн домог зүй бол зөвхөн яруу найрагч Хомерийн өв болох “Илиада”, “Одиссэй” хэмээх хоёр том туульсаар хязгаарлагдахгүй л дээ. Үндсэндээ дөрвөн мөчлөгт хуваасан маш олон үлгэр домог бөгөөд эртний соёл иргэншлийн цөм ойлголт эдгээр домогт л үндсэндээ зангилагдсан тул бүтнээр нь биш юм аа гэхэд ерөнхий агуулгатай нь заавал танилцчихвал зүгээр. Хэрэв эртний Герегийн домог туульсыг мэдэж авахгүй юм бол, хүмүүнлэг боловсролын тухай ярихад маш түвэгтэй болно. Орчин цагийн, тэр дундаа барууны ямар ч зохиолын гүнд эдгээр туульсын өгүүлэмж алхам тутамд таарна. Монгол хэлээр бүрэн олж унших боломжгүй.

 

 

2. “Очироор огтлогч”

Яахав, онцлох маягаар л нэг судрыг нэрлэлээ. Үнэндээ бол, Бурхан багшийн намтар, сургаалын гол товчоон, эш судруудын тайлбар, төв үзэл, хоосон чанар, үйлийн үрийн тухай сургаал маш олон бий. Гэхдээ жинхэнээр нь ойлгож ухаарч чадвал “Очироор огтлогч” хамгийн уран, ойлгомжтой бичигдсэн ариун судар шүү. Буддизмд Монголчуудын орон зай хэзээ ч хумигдахгүй. Тэгээд ч өвөө, элэнц хуланц чинь ямар суртахуун дагаж явсныг ойлгохгүйгээр Монгол хүн явах боломжгүй юм. Ойлгосны дараа ертөнцийг чи өөрөөр харж эхэлнэ. Буддизмын үндсэн ойлголтыг маш сайн түвшинд өгөх номууд Монголоор хангалттай олон бий.

 

 

3. “Хуучин Гэрээ”

Та христийн шүтлэгтэн биш байлаа ч, энэ номтой заавал танилцахгүй бол болохгүй. Тэгээд ч “Хуучин Гэрээ” бол шашны номлол огт биш. Эндээс та хожмын зохиолчдын, хожмын сэтгэгчдийн олон санааны өдөөгч болсон үйл явдлуудтай танилцана. Дэмий юм их л дээ. Гэхдээ сонирхолтой хэсгүүд нь өөр ямар ч номоос илүү амттай. Монголоор бий, гэхдээ орчуулга нь нэлээд “модон” гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

 

4. Шэкспирийн эмгэнэлт жүжгүүд

Англи хэлтний төдийгүй дэлхийн утга зохиолын сувд эрдэнэс болсон хосгүй гайхамшигт гурван эмгэнэлт жүжиг байдаг. Энэ бол “Лир ван”, “Макбет”, “Хамлет”. Тэр тусмаа “Хамлет” бол хүн төрөлхтний үгийн урлаг ба сэтгэлгээний дээд ололт юм. Монголоор орчуулагдсан. Жүжгүүдийн бичлэг, кинонууд бий. Гэхдээ та өөрөө уншаад, тархин дотроо дэглэж найруулбал янзтай.

 

 

5. Монтэний эсээнүүд

Хомер, Сэрвантэс, Шэкспир, Монтэнь нарыг сонгодог уран зохиолын дөрвөн ноён оргил гэж тооцдог. Харамсалтай нь “Дон Кихот”-ын Монгол орчуулга төдийлөн уншууртай бус. Угаасаа ч испаниас өөр хэл дээр бол амтгүй уншигддаг зохиол гэлцэх юм билээ. Мишэль дө Монтэнь бол гүн ухаан, уран зохиол хоёрыг холбож, маш онцгой жанр бий болгосон нь эсээ юм. Монтэнийн эсээнүүдийг мэдэхгүйгээр ямар нэгэн боловсролын тухай саналтгүй. Монгол хэлээр хамгийн шилдэг гэгддэг 30 гаруй эсээ нь “Сонгомол эсээнүүд” нэрээр орчуулагдсан бий.

 

 

6. Гёте “Фауст”

Хүн төрөлхтний түүхэнд энэ зохиол гараагүй бол, утга зохиол ч, философи ч өнөөдрийн түвшиндээ хэзээ ч хүрэхгүй өнгөрөх байсан. Сэтгэлгээний хувьд хосгүй далайцтай туурвил. Монголоор орчуулагдсан. Гэхдээ бүр гүнд нь нэвтрэх хүсэл байвал өрнийн аль нэг хэлээр унших нь дээр шүү гэж зөвлөмөөр байна. Бас “Фауст”-аар хийсэн сайн сайн кинонуудыг үзчихэд илүүдэхгүй.

 

 

7. Достоевский “Гэм зэм”

Уран зохиолын томчууд бол энэ орос зохиолчийн өөр нэгэн сонгодог роман болох “Карамазовын хөвгүүд”-ийг дав даруй нэрлэх биз. Гэхдээ залууст бол “Гэм зэм” нь арай дээр байх аа. Хоёр романы дэвшүүлсэн цаад санаа ойролцоо, амьдралын философи гэдэг шиг л тэр чигээрээ эргэцүүлэлд хөтөлсөн, нүсэр туурвилууд. Тэгээд ч “Гэм зэм”-ийг уншчихсан хүн “Карамазов”-аар гүнзгийрэх нь зүй ёсны хэрэг байдаг. Тиймээс эхлээд “Гэм зэм”-ийг уншиж үзэхийг зөвлөе. Хэцүү роман биш. Гэхдээ хүний дотоод ертөнц рүү өнгийсөн үнэн нөр их эрэл хайгуул шүү. Достоевскийн энэ хоёр гайхамшигт бүтээлийг Ц.Гомбосүрэн гуай монголчилсон бий.

 

 

8. Рассел “Өрнийн философийн түүх”

Чухал ном шүү. Маш олон сэтгэгчтэй энгийн түвшинд танилцчихна. Хэрэв гүнзгийрүүлж үзмээр санагдвал, өөрт таалагдсан гүн ухаантнаа дэлгэрүүлээд уншина биз. Иймэрхүү байдлаар дорно дахины философийг ч базаж бичсэн номууд бий. Жишээ нь, Хятадын философийн түүхийг өгүүлсэн Фэн Ю Лань хэмээх хүний гоё ном байдаг. Ер нь философийг хялбаршуулсан зохиол олон л доо. Гэхдээ Рассел бол Рассел. Өөрөө том сэтгэгч учраас том л харна, бичлэг нь тэгэхдээ тун ч сонирхолтой. Монголд орчуулагдсан гэж сонссон, гэхдээ яг энэ ном нь мөн үү биш үү, эргэлзэж байна.

 

 

9. Фолкнер “Баавгай”

Би л лав үүнээс илүү сайхан зохиол уншиж үзээгүй. Энэ туужийг олон залуус уншаад ойлгоосой гэж хүсдэг болохоороо би өөрөө Монгол хэлэнд буулгасан юм. Жинхэнэ хүүрнэл зохиолын амт шим дүүрэн бүтээл дээ. Угаасаа Фолкнер “тасархай” зохиолч. Та хэрэв америк найздаа Фолкнерт дуртай гэж хэлбэл тан руу нэг хачин харснаа “Аймаар хүнд зохиолч!” гэх вий. Тийм биш ээ, ихэнх америкчууд өөрсдөө ийм зохиол мэдэрч ойлгож сураагүй байдаг юм. Та бол боловсролтой хүн, тэднийг дуурайх хэрэггүй, заавал унших хэрэгтэй.

 

 

10. Сэлинжер “Хөх тариан талбайн ирмэгт”

Их цөөхөн номтой мөртлөө гоц зохиолч доо, энэ Сэлинжер гэгч. Дөрөв тавхан л жилийн өмнө амьд сэрүүн явсан хүн. Англиараа бол “Хөх тариан талбайн захын хөлгүй ангалын ирмэгт зогсож буй бэйсболчин” гэх маягийн хачин нэртэй, харьцангуй орчин үеийн гэж хэлж болохуйц энэ роман нь хоёр ч янзаар монголчлогдсон байгаа. Чухам аль орчуулга нь сайн юм бол, би мэдэхгүй. Гэхдээ үнэхээр сайхан зохиол шүү. Ялангуяа бага залуу дээрээ амжаад уншчихад маш чухал ном. Энэ номыг уншилгүйгээр залуу насаа өнгөрөөчихвөл, магадгүй, чи олон зүйлд насан туршдаа сэтгэл дундуур явах болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.