Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Саусгоби сэндс”-ийн хэрэгтэй холбоотойгоор гурван хүнийг хилээр гарахыг хоригложээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

 Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт 2012 оны тавдугаар сарын 3-нд АТГ-аас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ.

Д.Батхуяг нь албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж 106 тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон, хээл хахууль авсан хэрэгт холбогдоод байсан юм.

Энэ хэргийг шалгах явцад буюу 2013 оны гуравдугаар сарын 26-нд “Саусгоби сэндс” ХХК-д холбогдох хэргийг тусгаарлан, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгаж эхэлсэн юм. Уг хэрэгт АНУ-ын иргэн Жастин Капла нарын гадаадын гурван иргэнийг шалгасан.  Энэ талаар өнөөдөр Улсын Ерөнхий Прокурорын газрын ХМОНХА-н дарга Т.Сүхбаатар мэдээлэл хийлээ.

Жастин Капла нь “Саусгоби сэндс” ХХК-ний Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажукомтой бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайланг гаргахдаа 90 гаруй тэрбум төгрөгийн орлогод ногдох 17  гаруй тэрбум төгрөгийн татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн юм. Мөн дараа нь дахин дээрх хэмжээний татвараас зайлсхийсэн бөгөөд нийт  35 гаруй тэрбум төгрөгийн татварын хэрэгт холбогджээ.  

Прокурорын байгууллагаас түүний энэхүү үйлдэлд татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзэн Эрүүгийн хуулийн 2014 оны арванхоёрдугаар сарын 31-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Энэ хэрэгт Жаспин Каплагаас гадна Хиларион В.Кажуком болон тус компанид Санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан, одоо Канад Улсын “Монголиа Минералс” ХХК-д хянагчийн албан тушаал хашдаг Кристобэл Ж.Дэвид нарт Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлээд байгаа аж.  

Прокурорын байгууллагаас дээрх гурван хүнийг мөрдөн байцаалтын шатанд Монгол Улсын хилээр нэвтрэн гарах эрхийг нь түдгэлзүүлсэн.

Мөн энэ хэрэгт Үл хөдлөх хөрөнгө болон “Саусгоби сэндс” ХХК-ний “ХААН”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк” дахь дансуудыг битүүмжилсэн байгаа аж.