Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

70 мянгыг гурваас дээш голчтой оюутанд олгох санал гаргав

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монголын Оюутны Холбооноос үндэсний тэтгэлэг 70 мянгын асуудлаар мэдээлэл хийлээ. Жилд дунджаар 100 гаруй тэрбум төгрөгийг үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохоор улсын төсөвт тусгадаг.

Сүүлийн гурван жилд 300 гаруй тэрбум төгрөгийн тэтгэлгийг олгосон байна. 2014-2015 оны хичээлийн жилийн байдлаар нийт 121224 оюутанд 91.3 тэрбум төгрөгийн үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохоор тооцсон аж. 

Сүүлийн гурван жилд 300 гаруй тэрбум төгрөгийн тэтгэлгийг олгосон байна. 

Энэ нь улсын төсөвт ихээхэн дарамт хүндрэл учруулаад байгаа учир МОХ болон 20 гаруй их дээд сургуулийн Оюутны зөвлөлийн дарга нар Үндэсний тэтгэлэг олгох журамд өөрчлөлт оруулах хэд хэдэн саналыг гаргалаа.

Үүнд:

  • Сурлагын голчийг 2.0 үнэлгээгээр тооцон олгож байгаа журмын шаардлагыг өөрчилөн 3.0 голч онооноос дээш үнэлгээтэй суралцаж буй оюутан суралцагчдад үндэсний тэтгэлгийг олгох. Ингэснээр нийт 62780 оюутанд 48.8 тэрбум төгрөг олгогдох ба 32 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой.
     
  • Мөн магистр болон докторын шатлалын сургалтанд суралцаж буй суралцагчдад үндэсний болон урамшууллын тэтгэлгийг олгож байгааг зогсоох. Ингэснээр 4.8 тэрбум төгрөгийг хэмнэнэ.
     
  • Сургалтын байгууллагын чанарын түвшинг харгалзах, тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх чиглэлээр журмыг шинэчлэн найруулах.
     
  • Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг олгохдоо голч үнэлгээнээс гадна тухайн оюутны амжиргааны төвшин, хагас болон бүтэн өнчин байдал, хөгжлийн бэрхшээлтэй оюутан, орон нутагт суралцагчид, нийгмийн идэвх оролцоо буюу олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал зэргийг харгалзан олгохоор журманд өөрчлөлт оруулах.

Ингэснээр эдийн засгийн хямралд орсон энэ цаг үед төсөв хэмнэгдэнэ хэмээн МОХ-ныхон болон 20 гаруй их дээд сургуулийн төлөөлөл мэдэгдлээ.


 

Улаанбаатар их сургуулийн Оюутны зөвлөлийн дарга Г.Түвшинсайхан

-Энэ санаачлагын талаар танай сургуулийн оюутнууд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэхүү санаачлагыг оны дараа гаргасан. Он гараад удаагүй байгаа болохоор оюутнууд одоо л мэдэж эхэлж байна. Манай сургууль дээр ангийн дарга нарын хурал гэж байдаг. Энэ хурлаар оюутнуудыг саналыг хүлээж авдаг. Энэ хурлаараа гарсан саналыг МОХ-д хүргүүлнэ

-Гурваас дээш голчтой оюутнуудад 70 мянга олгоод эхэлчихвэл танай сургуулийн хувьд хэдэн оюутан хамрагдаж чадах вэ?

-Гурваас дээш гэвэл манай сургуулийн оюутнуудын 50 орчим хувь нь тэтгэлэг авна. 

 

Хууль сахиулахын их сургуулийн Сонсогч-Оюутны холбооны дарга М.Түвшинсанаа

-Энэ санаачлагын талаар танай сургуулийн оюутнууд ямар байр суурьтай байгаа вэ. Энэ саналыг эсэргүүцэх оюутнууд бий юу?

-Тодорхой хэмжээгээр эсэргүүцэх оюутнууд гарч ирэх байх. Гэхдээ бидний энэ саналыг нааштайгаар хүлээж авна гэж найдаж байна. Учир нь бидний эрхэм зорилго бол сурах.

Нөгөө талаас биднээс илүү гарч байгаа энэ төсвийн мөнгийг бүтээн байгуулалтад зарцуулах учраас тэр. Эсэргүүцэл гаргаж буй оюутнууд өөрсдийнхөө мэдлэгээ сайжруулж, голч оноог өндөрсгөх хэрэгтэй. Ингэж чадвал тэтгэлгээ бүрэн авах боломжтой.

-Журманд өөрчлөлт орвол танай сургуулийн оюутнуудын хэдэн хувь нь үндэсний тэтгэлэг авах вэ?

-Манай сургуулийн 70-80 хувь нь гурваас дээш голчтой учир үндэсний тэтгэлэг авч чадна.