Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнхбаяр нарын Ерөнхийлөгчид хандсан захидлын хариу иржээ

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 12 сарын 12
Зууны мэдээ
Зураг зураг

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын Ерөнхийлөгчид илгээсэн захидлын хариу иржээ. Мөн тэдний нэг Болдбаатарын биеийн байдал тааруу байгаа юм байна. Энэ тухай Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Я.Цэрэнхандаас тодрууллаа.

-“Гал үндэстэн” холбооны найман хүн хэрэгт холбогдсон. Зарим нь ялын хугацаагаа гүйцээгээд эрх чөлөөтэй болсон, эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлөгдсөн. Одоо хэдэн хүн ял эдэлж байна вэ?

-Найман хүнээс тав нь ял авсан. Ж.Ганболд нэг жилийн ялаа дуусгаад суллагдсан. С.Дашцэрэн ах элэгний хавдартай болсон учраас өвчний улмаас ялаас нь чөлөөлсөн. Одоо ч биеийн байдал нь муу байна.

Элэгнийхээ 65 хувийг тайруулсан. Гэтэл дахиад уушгины хавдартай гэсэн онош тодорсон. Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар хоёр Өвөрхангай аймагт, Г.Болдбаатар Амгаланд хоригдож байна.

-Г.Болдбаатарын биеийн байдал тааруу байгаа гэсэн үү?

-Г.Болдбаатар 2002 онд ОХУ-д зүрхний титэм судсаа солиулсан. Саяхан III эмнэлэгт шинжилгээнд ороход эрүүл байсан титэм судас нь бөглөрчихсөн байна гэсэн.

Мөн чихрийн шижин өвчин нь нэлээд хүндрээд байгаа. Тиймээс цаашид хорих боломжгүй гэсэн дүгнэлтийг эмч нар гаргасан.

Бид прокурор болон шүүхийн шийдвэрийнхэнд өвчний улмаас ялаас чөлөөлөх магадлалд оруулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Шинжээч эмч нар томилсон ч нүд, хэлийг нь харах төдий үзээд чөлөөлөх шаардлагагүй гэсэн.

Сүүлийн жилүүдэд Дэлхийд цэвэр усны нөөц маш их хомсдсон.

Албан ёсны дүгнэлт, шийдвэрийг ар гэрийнхэн болон хамт олонд нь одоо хүртэл танилцуулаагүй. Бид энэ талаар ХЭҮК-т хандсан ч тодорхой шийдэж чадахгүй байна.

-Ц.Мөнхбаяр нар Ерөнхийлөгчид захидал илгээж байсан. Хариу өгөв үү?

-Зөвлөмж ирүүлсэн. Яг Ерөнхийлөгч өөрөөс нь биш, доод албан тушаалын хүмүүсээс нь. Зөвлөмж нь нэгэнт болоод өнгөрсөн шүүхийн шийдвэрт оролцохгүй гэсэн утгатай юм билээ.

Одоо бид энэ асуудлыг олон улсад гаргаж тавина. АНУ-д гэхэд хувийн өмч рүү халдсан бол хүн буудахад хууль байдаггүй. Гэтэл нийтийн өмчийг хамгаалсных нь төлөө тэднийг яагаад яллах ёстой юм бэ. Тэдэнд хэн нэгнийг алж, хохироох зорилго байгаагүй.

-Таныг саяхан нууруудыг хамгаалдаг олон улсын чуулганд оролцсон гэж дуулсан?

-“Амьд нууруудын сүлжээ” Дэлхийн 108 орны ТББ нэгдсэн сүлжээ байдаг юм. Манай улс 2008 онд элссэн. Энэ сүлжээний ээлжит чуулган болсон. Чуулганд Монгол оронд нууруудаа сүүлийн дөрвөн жилд хэрхэн хамгаалсан, ямар үйл ажиллагаа явуулснаа тайлагнасан.

Бидний үйл ажиллагааны гол үр дүн нь урт нэртэй хууль. Хуулиа ч танилцуулсан. Төлөөлөгчид сайшааж байсан. Биднийг зөвхөн нуураа биш нуурынхаа цутгал голуудыг ч давхар хамгаалсан гээд. Тийм болохоор тэд Монгол шиг бүтнээр нь хамгаалъя гэж санал нэгдсэн. Зарим орны ТББ нуурын зөвхөн шумуулыг хамгаалдаг юм билээ.

Манай улсад дэлхийн цэвэр усны хагалбар цэг байдаг. Сүүлийн жилүүдэд Дэлхийд цэвэр усны нөөц маш их хомсдсон. Бид ч цэвэр усны хагалбар газрыг хамардаг гэдгээрээ хамгаалах, үүрэг хүлээх ёстой.

Дэлхийн өвийн конвенциос манай Засгийн газарт Байгаль нуурт сөргөөр нөлөөлж байгаа үйл ажиллагаануудаа таслан зогсоох шаардлага ирүүлсэн байдаг. Хугацаа нь ирэх гуравдугаар сард дуусна.

-Байгаль нуурт яаж нөлөөлж байна гэж?

-Тэнд манай Шүрэнгийн усан цахилгаан станц байгаа. Мөн Байгаль нуурын цутгал голуудыг маш ихээр бохирдуулж байгаа.

Зураг