Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Шейрил Сандберг маш сонирхолтой карьерыг туулсан хүн"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 11 сарын 28
iKon.MN
 

Тайм сэтгүүлийн 2013 оны нөлөө бүхий 100 хүний нэг, Технологийн салбараас төрсөн анхны "инженер бус" эмэгтэй тэрбумтан Шейрил Сандбергийн "Өөдөө тэмүүл" хэмээх энэ бүтээл 2013 онд АНУ-д хэвлэгдсэн даруйдаа ихээхэн шуугиан тарьж, Нью-Йорк таймсын бестселлер жагсаалтыг 12 долоо хоног тэргүүлж, улмаар "Оны бизнесийн шилдэг ном"-оор нэрлэгдсэн билээ.

Зохиогч энэхүү номдоо эмэгтэйчүүдийн удирдах албан тушаалд хүрсэн зам яагаад мухардсан талаар гүнзгий судлан бичиж, өөрийгөө бүрэн дайчлах замаар энэ байдлаас хэрхэн гарч болохыг үзүүлээд, эмэгтэйчүүдийг хүсэл тэмүүлэлтэй, манлайлах амбицтай байхад уриалан дуудсан юм. Мөн ажлын байранд болон ар гэртээ эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжиж болохыг, энэ нь эргээд ямар ач холбогдолтойг эрчүүдэд тод томруунаар үзүүлжээ.


Миний бие ном эрхлэн гаргах гэдэг буянтай ажлыг хийж, дэлхийг байлдан дагуулж буй шилдэг номнуудыг Монголын уншигчиддаа орчуулан хүргэдэг "Өөдөө тэмүүл" номын орчуулгын багийн ахлагч Д.Ганзориг, редактор Х.Уртаа нарыг зорьж уулзсан юм. 

Эдийн засгийн хямрал, улс төрийн маргааныг ам уралдан ярьж байгаа энэ цаг үед ажил хэрэгч, амбицтай, бүтээлч хүн бүрт эрч хүч өгөх НОМЫН ТУХАЙ цувралын эхний ярилцлагаа өргөн барьж байна.

 

-Энэ өдрийн мэнд хүргэе. Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” ном болон зохиогчийн тухай манай уншигчид их сонирхож байгаа байх?

Д.Ганзориг: Шэйрил Сандберг гэж энэ эмэгтэй Фэйсбүүкийн COO/Компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал/буюу хоёр дахь гол хүн нь гэсэн үг л дээ. Бид анх яаж Шэйрил Сандбергтэй танилцсан бэ гэхээр 2013 онд манайхаас “Та өөрөө старт-ап компани” гэдэг номыг орчуулан гаргасан юм. Энэ нь Linkedin.com-ийг үүсгэн байгуулагч хүний бичсэн ном. Энэхүү номон дээр Шэйрил Сандбергийн карьерын талаар гардаг. Уншаад үзэхэд маш сонирхолтой карьерыг туулсан хүн байсан. 

Сандбергийн хувьд Фэйсбүүк-д ирэхээсээ өмнө Дэлхийн банк, алдартай зөвлөх компани “МакКинзий”, Сангийн яам, Гүүгл зэрэг газруудад ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн олон байгууллагад ажиллаж арвин туршлага хуримтлуулсан хүн. Ингээд 2008 онд Марк Цукерберг санал тавьснаар“Фэйсбүүк”-д орсон юм билээ. 

Бид түүнийг үнэхээр мундаг лидер эмэгтэй байна даа гэж бодож байтал удаагүй ном нь гарчихсан. 2013 оны гуравдугаар сард АНУ-д энэхүү ном нээлтээ хийсэн. Бид номын орчуулгын эрхийг хөөцөлдөн аваад 2013 оны 12-р сараас эхлэн орчуулгын ажилдаа орсон.

Манай орчуулгын баг дөрвөн орчуулагчтай. Х.Уртаа маань редактор. Надаас гадна Б.Номин, М.Өлзийхутаг, Э.Болормаа гээд гурван эмэгтэй орчуулагч бий. 

-Та бүхний эрхлэн гаргасан энэхүү номыг уншихад, номонд байгаа судалгаа, жишээ баримтуудын дотор Монголтой хамаатай судалгаанууд багтсан байна лээ. Энэ талаараа дэлгэрүүлнэ үү?

Д.Ганзориг: Бид нар эрхийг нь авах гээд хөөцөлдөөд, и-мэйл явуулахад Шэйрил Сандберг өөрийн биеэр хариу ирүүлж их санаа тавьж байсан. Бусад номуудын хувьд зохиогчид нь бидэнтэй өөрсдөө харилцдаггүй, хэвлэлийн компани нь харилцдаг.

Бид нар эрхийг нь авах гээд хөөцөлдөөд, и-мэйл явуулахад Шэйрил Сандберг өөрийн биеэр хариу ирүүлж их санаа тавьж байсан. 

 
 

Ер нь харилцааны чадваруудыг төгс эзэмшсэн хүн байна гэж дүгнэсэн шүү. Мөн Шэйрил Сандберг С.Оюун сайд руу и-мэйл бичиж,өмнөх үг бичиж өгөөч хэмээн албан ёсоор урьсан. С.Оюун сайд ч саналыг нь уриалгахан хүлээж авсанд бид баяртай байдаг.

Номын улс орон болгонд гарч буй орчуулгуудад тухайн оронтой холбоотой судалгаанууд багтсан. Энэ нь тухайн орны уншигчдыг хүндэлж, номоо илүү хүртээлтэй болгох гэсэн, цаашлаад үзэл санаагаа дэлхий даяар далайцтай түгээх гэсэн зохиогчийн санаа юм даа.

-Уншиж байх явцад тэрээр хувь хүнийхээ хувьд их зоригтой эмэгтэй юм шиг санагдсан. Ер нь карьертаа зоригтой алхам хийхийн ач тусыг хэрхэн тодорхойлж болох вэ?

Д.Ганзориг: Маш зоригтой. Жишээ нь 2001 онд Билл Клинтоны засаг буухад Silicon Valley буюу Цахиурын хөндий рүү явсан байгаа юм. Тухайн үед технологийн салбарын хөөс хагараад, маш олон компани дампуурч, заримынх нь хувьцаа навс унаад байсан тул энэ нь ихээхэн эрсдэлтэй алхам байсан. Одоо эргээд харахад зөв мэт боловч тухайн үедээ олон хүний буруу гэж үзэж байсан алхмыг зоригтой хийж, өнөөдөр дэлхийн хэмжээний компаниуд болсон Гүүгл, Фэйсбүүкийг старт-ап байхаас нь ажиллаж эхэлсэн байдаг. Энэ тухай номын “Карьер бол шат бус ширэнгийн зам” нэртэй бүлэг дээр гардаг. 

-Номны ерөнхий агуулга нь эмэгтэйчүүдийг нэлээн өрдсөн, өөдөө тэмүүлэхийг уриалсан байсан. Гэр бүлийн харилцаанд уламжлалт хандлага давамгайлсан манай зарим эрчүүдэд энэ сэдэв “таалагдахгүй” байж болох юм. Эрчүүд номын талаар ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?

Д.Ганзориг: Би энэ тал дээр хэлье гэж бодож байсан юм. Номыг харахад л “ЭМЭГТЭЙЧҮҮД, АЖИЛ ХЭРЭГ, МАНЛАЙЛАХ ХҮСЭЛ ЗОРИГ” гэсэн гарчиг уншигддаг. Тэгэхээр эрчүүдийн хувьд ерөөсөө л эмэгтэйчүүдэд зориулсан ном юм байна гээд орхиод байгаа тал ажиглагддаг. Эмэгтэйчүүд бол сайн уншиж байгаа. 

Гэтэл энэ номонд эмэгтэйчүүдийн талаар голлож бичсэн боловч эрчүүдэд хандаж бичсэн зүйлс зөндөө бий. Шэйрил эрчүүдэд гэрсэг байхыг, ажлын байран дээр эмэгтэйчүүдийг дэмжихийг уриалсан. Хэрвээ тэгэж чадвал амьдралд нь ямар эерэг өөрчлөлтүүд гарч болохыг олон судалгаагаар, мөн өөрийн амьдралаар хангалттай харуулсан байгаа. 

Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд хамаатай карьерын зөвлөгөө, ажлын байрны харилцааны талаар их өгүүлсэн байдаг. Балтиморын их сургуулийн профессор Марион Виникийн бичсэнчлэн “Энэ бол дуртгал бүтээл. Бас өөрийгөө хөгжүүлэх ном. Карьераа удирдах гарын авлага”.Тийм болохоор эрэгтэй хүмүүсийг сайн уншаарай гэж уриалах байна.

Энэ бол дуртгал бүтээл. Бас өөрийгөө хөгжүүлэх ном. Карьераа удирдах гарын авлага.

 
 

Миний хувьд эрчүүд удирдах албан тушаалд хүрэх ёстой, эмэгтэйчүүд гэртээ хүүхдээ хараад сууж байвал илүү дээр гэсэн бодол байдаггүй. Харин уншаад үзэхэд өөрийн мэдэлгүй эмэгтэйчүүдийн талаар өрөөсгөл үзэл баримталдаг байснаа ойлгосон.

-Редактор бүсгүйн хувьд энэхүү номыг уншиж байх явцад “Нээрээ л тийм шүү” гэж хэр их бодогдож байв. Номон дээр гарч буй үйл явдал амьдралд тань хэр их ажиглагдсан бэ?

Х.Уртаа: Номонд хувь хүний өөрийнх нь үүтгэж буй дотоод саад бэрхшээл, нийгмийн зүгээс ирэх саад бэрхшээл гээд хоёр янзын ойлголт байгаа. Ерөнхийдөө уншиж байхад аль алин дээр нь надад ойр жишээнүүд олон байсан. Өөрийн мэдэлгүй хийдэг үйлдлүүдийг маань судалгаа жишээтэйгээр тайлбарлачихсан байдаг.

Хүйсийн тэгш бус байдал гэхээр нийгэм дэх түгээмэл өрөөсгөл хандлага, ялгаварлан гадуурхлыг авч үздэг бол энэ номд тэрхүү нийгмээс ирэх хандлага нь эмэгтэй хүний зан төлөвт хэрхэн нөлөөлж болох, байгалийн инстинктээрээ эрчүүдээс юугаараа ялгаатайг харуулж өгсөн. Тэгэхээр нэг бол бүх эмэгтэйчүүд яг ийм байх ёстой гэж заагаагүй, мөн тэглээ гээд эрчүүдтэй барьц ч гэж зөвлөөгүй.

Товчхондоо нийгмийн хүлээлтийг дагахаас илүүтэй эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хувь хүн бүрт сонголт бий шүү гэдгийг илэрхийлсэн ном.

Нийгмийн хүлээлтийг дагахаас илүүтэй эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хувь хүн бүрт сонголт бий шүү гэдгийг илэрхийлсэн ном.

 
 

Амьдралд их ойр санагдсан жишээ гэвэл ямар ч хүчирхэг эмэгтэй байлаа гэсэн хамгийн чухал үнэт зүйл нь сайн ээж, сайн эхнэр болох байдаг. Гэтэл энэ нь нэг л өдөр ажил мэргэжлийнх нь амбицтай харшилдаж, аль нэгийг нь сонгох ёстой гэсэн бодол санааных нь үзүүрээс салахгүй болж эхэлдэг. 

Үүн дээр би С.Оюун сайдыг жишээ татах дуртай. “Ажлаа гэсээр хүүхдүүдийнхээ өсөж том болохыг анзааралгүй өнгөрөөх шиг гунигтай зүйл байхгүй болохоор аль болох байнга цаг гаргахыг хичээдэг. Хүүхдэд эд мөнгөөс илүү эцэг эхийнх нь цагийн хөрөнгө оруулалт хамгийн чухал” хэмээн тэрээр ярьж байсан.

НҮБ-ын Байгаль Орчны Ассамблейн тэргүүн болсон, Монголын төдийгүй дэлхийн хэмжээний лидер энэ эмэгтэй шиг үлгэр дууриал болох хүн олон байх тусам эмэгтэйчүүдийн далд айдас багасах болов уу.    

Анх уншаад маш их урам зориг авсан болохоор энэ номыг орчуулахад ажилд заавал оролцох ёстой гэж бодсон.

 

-“Өөдөө тэмүүл” ном баруунд бестселлер болж байгаа шиг Монголд ч олон долоо хоног шилдэг борлуулалттай номын жагсаалтаас буухгүй байна. Карьертаа дэвшил хийе гэсэн хүсэл тэмүүлэлтэй эмэгтэйчүүд олон байгаагийн шинж болов уу?

Х.Уртаа: Уншиж байхдаа би Америк, Монголын ялгааг харьцуулж бодсон л доо. Тэгээд анзаарч байхад Монголд дэвшилттэй зүйлүүд байсан. Ялангуяа нэлээд хэдэн жилийн өмнөөс Монголчууд эмэгтэйчүүдийн боловсролд их анхаарсан болохоор боловсролтой эмэгтэйчүүд олон бий.

Тийм ч учраас манай улсад ажил мэргэжлийн талбарт хүйсийн тэгш байдал харьцангуй боломжийн хэмжээнд тогтсон гэж боддог. Гэхдээ дунд түвшиндээ ийм боловч яг удирдах түвшний хувьд эмэгтэйчүүд цөөн байгаа нь бас л асуудал байгаагийн илрэл болов уу. 

Гэхдээ Монгол  маань Азийн бусад орноос жендерийн тал дээр дэвшилтэт үзэлтэй хүмүүс учраас хатан ухаантай, үлгэр дууриал болсон эмэгтэйчүүд улам олноор бий болж, нийгэм маань урагшлан дэвжинэ гэдэгт итгэлтэй байдаг.

-Удирдах түвшний бүхий л ажилд эмэгтэй хүн ажилласнаараа нийгэмд их тустай гэдгийг зохиогч их онцолсон байна лээ. Ер нь хүйсийн тэгш бус байдал өөрөө нийгэмд тэгш бус байдал үүсэх үндэс суурь нь болдог байх?

Д.Ганзориг: Энд номонд дурдагддаг нэгэн эшлэлийг онцолъё. Домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффет нэгэнтээ “Миний амжилтын шалтгаан бол хүн амын талтай нь л өрсөлдөж байгаагийнх” гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр илүү олон хүн уралдаанд оролцох юм бол тэр хэрээр олон рекорд амжилт шинэчлэгдэж, үр өгөөжийг нь бид бүгдээрээ хүртэх болно. 

Хүйсийн тэгш бус байдлын асуудал дээр мөн Шэйрил Сандберг нийгэмд тогтсон буруу ойлголтын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. Энэ асуудлыг хөндөж байгаа хүмүүсийг феминист гэдэг. Хүмүүс феминист гэдэг үгийг сонсохоороо л эмэгтэйчүүдийн эрхийн төлөө улайрагчид гэж ойлгоод байдаг. Уг нь феминизм гэдэг бол аль аль хүйсийн хүмүүсийн эрхийг хамгаалах тухай ойлголт.

Хүмүүс феминист гэдэг үгийг сонсохоороо л эмэгтэйчүүдийн эрхийн төлөө улайрагчид гэж ойлгоод байдаг. Уг нь феминизм гэдэг бол аль аль хүйсийн хүмүүсийн эрхийг хамгаалах тухай ойлголт.

 
 

Ерөөсөө эдийн засаг, нийгэмд ижил эрхтэйгээр оролцоно гэсэн үг. Тэгэхээр манайхан феминизм гэх үзлээс цэрвэхээ болиосой. Энд эрчүүдийн ч гэсэн эрхийн асуудал хөндөгдөж байгаа. Жишээ нь эрчүүдийг амжилттай байх ёстой, карьертаа анхаарах ёстой гэдэг үзэл нийгэмд тогтсон байдаг. Энэ нь карьер хөөхийг хүсдэггүй зарим эрчүүдэд дарамттай байдаг. 

-Ном бүхэлдээ танин мэдэхүйн хувьд их баялаг болсон байна лээ. Жишээ нь Цахиурын хөндийн олон алдартай компаниуд старт-ап байхаасаа эхлээд өнөөгийн түвшинд хэрхэн хүрсэн тухай, бидний мэдэх олон алдартнуудын хувийн зан араншин, удирдах арга барил зэргийг нүдэнд харагдтал дүрсэлсэн зэрэг нь их сонирхолтой. Байгууллагын удирдлагуудад “атгаад” авмаар санаа олон байсан шүү.

Д.Ганзориг: Надад бас их сонирхолтой байсан. Түрүүн хэлсэнчлэн Шэйрил Сандберг төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн аль алинд ажиллаж арвин туршлага хуримтлуулсан эмэгтэй.

Тийм болохоор түүнд тохиолдож байсан сонин содон жишээ, ажлын байран дээр болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудаар нэн баялаг. Шэйрил Гүүгл, Фэйсбүүк-д удирдах ажил эрхэлж байсан болохоор эдгээр компаниудын амжилт түүнтэй салшгүй холбоотой.

-Өмнө нь та “Та өөрөө старп-ап компани” номыг орчуулан хэвлүүлсэн. Энэхүү ном тань хүмүүст сайн хүрч чадсан болов уу? Одоо ямар номын орчуулга дээр ажиллаж байгаа вэ?

Д.Ганзориг: Энэ ном старт-ап компани, старт-ап ертөнцийн талаар дэлгэрэнгүй сайхан танилцуулсан. Хувь хүн карьераа удирдахдаа өөрийгөө старт-ап компани хэмээн сэтгэх хэрэгтэй гэсэн үндсэн санааг гаргаж тавьсан болохоор нэг талаар бизнесийн ном, нөгөө талаар карьерын ном юм. Сүүлийн үед манайханд старт-ап компани, энтрепренершип гэсэн ойлголтууд харьцангуй танил болоод байгаа.

Үүнд энэ ном тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулсан гэж боддог. Арвис Паблишингийн хувьд, саяхан Стив Жобсын намтрыг бичсэн Уолтер Айзоксоны “Innovators” номын орчуулгын эрхийг авсан. Энэхүү ном нь ерөнхийдөө интернэт буюу цахим хувьсгалын түүхийг бүтээлцсэн хүмүүсийн намтар юм. 2015 онд эрхлэн гаргана. 

 Арвис Паблишингийн хувьд, саяхан Стив Жобсын намтрыг бичсэн Уолтер Айзоксоны “Innovators” номын орчуулгын эрхийг авсан.

 
 

Х.Уртаа: “Та өөрөө старп-ап компани” номын хувьд, цаг үе маш хурдтай өөрчлөгдөж байгаа учраас карьераа олон жилээр, хэт урьдаас төлөвлөх нь өрөөсгөл болсон гэдгийг харуулж, өнөөгийн нийгэмд карьераа хэрхэн уян хатан байдлаар удирдах тухай олон жишээн дээр үзүүлсэн байна лээ.

-Шэйрил Сандбергийн хувьд яг энэ зарчмаар буюу уламжлалт бус аргаар карьераа төлөвлөн амжилтанд хүрсэн гэж ойлгож болох уу?

Х.Уртаа: Тийм. Шэйрил Сандберг хүүхэд байхдаа бизнесийн байгууллагад удирдах ажил хийнэ дээ гэж хэзээ ч төлөвлөж байгаагүй. Гэр бүлийнхэн нь сайн үйл их хийдэг байсан учраас багаасаа хүмүүст туслах юмсан гэж хүсдэг, тиймдээ ч ашгийн төлөө бус байгууллагад ажиллана даа гэж боддог байсан юм билээ. Ингээд Дэлхийн банкнаас гараагаа эхлэн Энэтхэг рүү төсөл хэрэгжүүлэхээр явсан байгаа юм.

Гэвч бодит амьдрал гэдэг чинь тоо баримт, бичиг цааснаас маш өөр юм байна гэдгийг ухаараад дахин сурахаар шийдэж л дээ. Тухайн үед Харвардын Хуулийн сургуульд орох зорилготой байсан ч нэгэн профессор түүнд хувь хүний амжиргааг дээшлүүлэх тал дээр хувийн сектор буюу бизнес илүү ач холбогдолтой хэмээн зөвлөсний дагуу Харвардын Бизнесийн сургуульд орсон байдаг.

Гүүгл, Фэйсбүүк-д хэрхэн элссэн түүх нь ч ялгаагүй олдсон боломжийг үнэлж цэгнэж гаргасан шийдвэрүүд байдаг.

Шейрил Сандбергийн Монголын уншигчдад зориулсан бичлэгийг үзнэ үү

 

-Гадаадад энэ номыг уншсан хүмүүс“Lean In Community” буюу номын үзэл санааг дэмжих нийгэмлэгт нэгдэж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл хүмүүс номыг уншаад орхилгүй дэлхийн өнцөг булан бүрээс өөрийн үзэл бодлоо илэрхийлсээр байна. Манай уншигчдын хувьд дотооддоо энэхүү хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх ямар боломж байгаа вэ?

Д.Ганзориг: Энэ бол хүмүүсийн мэддэг хэрнээ ярьдаггүй асуудлыг далайцтай гаргаж тавьсан ном. Тэр утгаараа дан ганц ном биш хөдөлгөөн юм. Шэйрил Сандберг номноосоо гадна үүнийг тойрсон олон ажил хийж байна. Жишээ нь америкчууд амбицтай эмэгтэй хүнийг “bossy” /захирангуй/ гэж дууддагийг өөрчлөхөөр Ban bossy аяныг өрнүүлсэн байсан. Олон алдартай эмэгтэйчүүд үзэл бодлоо илэрхийлсэн видеог нь интернэтээс үзэх боломжтой. Мөн удахгүй энэ номоор кино хийнэ гэж байгаа. Кино хийх эрхийг нь “Sony Pictures” авсан байна лээ.

Монголд Lean In Circle буюу “Өөдөө тэмүүл бүлгэм”-ийг үүсгэх санал санаачилгууд эхнээсээ гараад эхэлсэн. Энэ бол чөлөөтэй, хэн ч өөрийн гэсэн бүлэг, дугуйланг үүсгээд явах боломжтой.

Х.Уртаа: “Forbes Mongolia” сэтгүүл мөн энэхүү номын үзэл санаан дээр үндэслэн наймдугаар сард Монголын шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг танилцуулсан. Энэ нь их шинэлэг алхам болсон шүү.


Нийгэмд байгаа олон сөрөг хандлагыг үгүй болгох замыг эмэгтэйчүүд өөрсдөө гэрэлтүүлнэ. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлье гэж зохиогч уриалсан байсан. Танай хамт олны зүгээс энэ өөрчлөлтийг манлайлан гайхалтай сайхан ном орчуулсанд маш их талархаж байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье.