Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Эелдэг жагсагчид" буюу Хонг Конг маягийн эсэргүүцэл

Б.Ууган, iKon.mn
2014 оны 10 сарын 3
iKon.MN

Нулимс асгаруулах хий, нүд хорсгогч, уур бухимдал, урвалтыг мэдэрсэн сэтгэгдэл, цагдаагаас зугатааж байгаа үй олон хүн. Аливаа оронд болж буй олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал иймэрхүү л дүр төрхтэй байдаг. Хонг Конгт ч мөн адил, гэхдээ өөрсдийн гэсэн өнгө аястай.

Дэлхийн өнцөг булан бүрээс Хонг Конгт ажиллаж буй сэтгүүлчид болон хотын оршин суугчид гудамжинд тааралдаж болох хамгийн гайхалтай, ер бусын сэтгэгдэл төрүүлэхүйц дүр зургийг хуваалцжээ. 

Гэрийн даалгавар 


Энэ жагсаал зарим хүмүүсийн хэлж байгаа шиг засаг төрөө эсэргүүцсэн, хэдэн танхай балмад этгээдийн өдүүлсэн жагсаал байж болох л юм. Гэхдээ л энэ жагсаал Хонг Конгт сүүлийн хэдэн жил гарсан хамгийн том эсэргүүцлийн жагсаал.

Уг нь жагсаал цуглаан хийж байх үед ямар ч зав гармааргүй санагдах, гэхдээ л эсэргүүцлийн жагсаалыг удирдагчид, мөн энд оролцож байгаа оюутнууд сууж хичээлээ давтах цаг гаргаад байгаа гэнэ. Блумберг агентлагийн сурвалжлагч Ричард Фрост хичээлээ хийж байгаа хүүхдүүдийн зургийг Твиттерт тавьсан нь олны анхаарлыг татаж байна. 


"Бүсэлсэнд уучлаарай"

Causeway Bay метроны гарцыг жагсагчид бүслэн, ардчилалд уриалсан уриалга наажээ. Харин орох хэсгийн яг голд нь жагсагчид “Хүндрэл учруулж байгаадаа хүлцэл өчье” хэмээсэн бичиг наасан байна. 

Энэ гэрэл зургийг авсан, Хонг Конгийн оршин суугч Колье Ног “энэ зураг өнөөдөр өдөр миний байсан газрын уур амьсгалыг маш тодоор илэрхийлж байна. Тэнд эелдэг, эерүү хандлага ажиглагдсан” хэмээжээ. 


Шүхрээр өөрийгөө хамгаалах урлаг 

Нулимс асгаруулагч хий болон нүд хорсгогч цацлагаас хамгаалах зорилгоор шүхрийг ашигласнаас хойш энэхүү энгийн нэгэн ахуйн хэрэглэл эсэргүүцлийн билэг тэмдэг болжээ. Нулимс асгаруулагч хийнээс өөрийгөө хамгаалж байгаа энэ жагсагчийн зураг даваа гаригт олон нийтийн сүлжээгээр хурдацтай тархсан юм.

Харин маргааш нь буюу даваа гарагт бороо орж, жагсагчид сэрүүн өдөр даарч норохгүйн тулд шүхрийг жинхэнэ зориулалтаар нь ашиглажээ.

Хотын нэгэн дүүрэгт борооны цув тараасан гэж хотын оршин суугчид твиттерт бичсэн бол цагдаагийнхан жагсагчид шүхрээр хатгахаар сүрдүүлсэн гэж мэдүүлсэн гэнэ. 

Ариун цэврийг ч мартаж болохгүй 

Цамц руу цацдаг цэвэрлэгч баллон тарааж байгаа бүсгүйн зургийг сурвалжлагч Том Грунди твиттерт тавьжээ. Хонг Конг маш халуун, ялангуяа хүн их цугласан үед хөлс их гарах нь мэдээж. Тиймээс л бусдын дунд хөлсөө үнэртүүлж, бохир явахаас сэргийлэн ийнхүү бүсгүй ариун цэвэрт тустай бүтээгдэхүүн тарааж явжээ. 

Харин Би Би Си агентлагийн сурвалжлагч Мартин Йип жагсагчид гудамжинд сэрүүцэх гэсэн хүмүүс рүү ус цацаж өгч байхыг нүдээрээ харсан гэнэ. 

Дээд зэргийн эмх журам

Аливаа эсэргүүцлийн жагсаал болсны дараа тухайн хэсэг яг л дайны дараах талбар шиг болсон байх нь бий. Харин Хонг Конгийн эсэргүүцлийн жагсаал дээд зэргийн эмх журамтай байгаа гэдгээрээ онцлог. Хятадын South China Morning Post сонин дээр хэвлэгдсэн гэрэл зурган дээр  дэлхийн хоёр дайнд амиа алдагсдад зориулсан хөшөөг тойрон жагсагчид хэрхэн эмх цэгцтэй зогссон нь харагдана.

“Зүлгэн дээгүүр явахгүй байхыг хүсч байна” гэсэн анхааруулгад эсэргүүцлийн жагсаалд оролцогчид ихэд хүндэтгэлтэй хандан, энэ арга хэмжээ жинхэнэ иргэний нийгмийн эсэргүүцлийн арга хэмжээ гэдгийг дахин нэг батлажээ. “Хөшөөний эргэн тойронд олон хүн цугласан ч хэн нь ч зүлгэн дээр суухгүй байна. Тэнд хүмүүсийг зүлгэн дээгүүр явахгүй байхыг уриалсан дахин нэг анхааруулга нэмэгджээ” хэмээн сонинд бичсэн байна. 

Ахуйн дээд зэргийн соёлтой эсэргүүцлийн жагсаал 

Би Би Си агентлагийн сурвалжлагч Сайра Ашер эсэргүүцлийн жагсаалд оролцогчид явсан газрынхаа хогийг хэрхэн цэвэрлэж байгаа талаар мэдээлжээ. “Өнөө өглөө бүгд урьд шөнийн жагсаалаас үлдсэн хогийг цэвэрлэхээр гар хумхилгүй ажиллаж байна. Оюутнууд тамхины иш, хуванцар сав түүж, зарим нь ажиллаж байгаа хүмүүст өглөөний унд болгон зөөлөн талх тарааж байна.

Чухамхүү иймээс л тэднийг олон нийтийн сүлжээгээр  “хамгийн эелдэг жагсагчид” гэж нэрлэж байгаа юм  ” хэмээн Хонг Конгоос дамжуулсан сурвалжлагандаа тэрбээр өгүүлсэн байна. Жагсаалд оролцогчид түүнчлэн дахин боловсруулалтанд бэлдэн шилэн лонх, цаасан болон хуванцар хогийг тусгайлан цуглуулсан байна.

Хонг Конгийн эсэргүүцлийн жагсаалыг сурвалжилж байгаа дэлхийн олон орны сэтгүүлчид урьд хожид хэзээ ч ийм эмх журамтай, зохион байгуулалттай олон нийтийг хамарсан жагсаал хараагүй гэдгийг онцолж байгаа гэнэ. Үүн дээр нэмэгдэх нэгэн жишээ нь Causeway Bay дүүрэгт нэгэн эр жагсагчид руу муудсан өндөг шидэн, “зам хааж боллоо, зайлаад өг ” гэж хашгирсны хариуд оюутнууд ямар ч үг хэлэлгүй, хогийг нь цэвэрлэж байсан гэнэ.