Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын бүтцээс урьтах ЧУХАЛ СЭДЭВ

Ч.Болортуяа
2014 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын нэгдсэн чуулган

Маргааш УИХ-ын намрын чуулганы нээлт болно.

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудал хэдийнэ тодорхой болоод байна. 

Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ "давхар дээл" буюу УИХ, Засгийн газрын гишүүнийг албыг зэрэг хашихгүй байх, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудал зэрэг өөрсдийн сандал, ширээтэй холбоотой сэдвээр хэлэлцсээр байгаад ихэнх цагаа барсан билээ. 

Тиймээс ч тухайн үед УИХ, улстөрд итгэх итгэл улам суларсаар байсныг олон нийтийн сүлжээнээс харж болохоор байсан. Мөн үүний тод жишээ нь Монгол Улс хөрөнгө оруулалтын холбогдох хууль тогтоомжийг шинэчилсэн ч хөрөнгө оруулалт санасан хэмжээнд хүртэл өсөх нь битгий хэл улам буурсаар өнгөрсөн оны мөн үеэс 70 орчим хувиар буугаад байгаа нь гадныхан ч манай улстөрийн тогтворгүй байдалд тавьж байгаа дүн болов уу.

Энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын гуравт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тухай хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг "ЗГ-ын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй УИХ-ын чуулганд оруулна"  гэж нэгэнтээ мэдэгдээд буй. 

Холбогдох албаны хүмүүсээс Засгийн газрын шинэ бүтцийн талаарх төсөл алдагдан түүнийг нь ч хэвлэлүүд мэдээлсэн билээ. 

iKon.mn -нд ирсэн мэдээллээр Шинэчлэлийн Засгийн газрын шинэ бүтэц есөн яамтай, 11 сайдтай байх төлөвлөгөө гарсан байсан. Есөн яам, 11 сайдтай болох энэхүү эхний төлөвлөгөө ёсоор хэрэгжихгүй байлаа ч  ЗАСАГ бүтцээ цомхотгох нь тодорхой болоод байна. 

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ерөнхий сайд ирэх долоо хоногт Засгийн газрын шинэ бүтцийн асуудлыг УИХ-д өргөн барих мэдээлэл ирлээ. Гэхдээ үүнийгээ эхлээд АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцүүлэх юм байна. 

Үүнээс үзвэл намрын чуулган эхнээсээ л эрх баригчдын сандал, ширээтэй холбоотой асуудлаар хөврөх бололтой. 

ЧУХАЛ СЭДЭВ

Гэхдээ энэ бүгдээс урьтаад нэгэн чухал асуудал байгаа нь хэлэлцэх асуудлын хоёрт бичигдсэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл юм.

Хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх байсан ч транзит тээвэр, тарифын асуудлыг илүү тодорхой болгож хэлэлцэх нь зүйтэй гэж хойшуулсан билээ. 

Харин хөршүүдийн төрийн тэргүүний айлчлалаар энэ асуудал тодорхой болсон тул УИХ одоо хүлээх юмгүй ТӨМӨР ЗАМЫН бодлогоо тодорхойлох болж байна. 

Хаврын чуулганаар энэ асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байсан. Учир нь БНХАУ-ын талтай транзит тээврийн асуудал яриа, хэлэлцээний шатанд байсан тул ийнхүү хаалттай горимоор хэлэлцэж байсан. Харин намрын чуулганаар энэ асуудлыг хаалттай, нээлттэй хэлэлцүүлэх нь тодорхойгүй байна. 

Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суваргын зэсийн орд, Адуунчулуун,  Чандгана, Талбулаг,  Хөөт, Могойн гол  зэрэг  нүүрс  болон  зэс,  вольфрам,  цайр, жоншны ашигт малтмалын томоохон  ордууд ашиглалтад орсноор экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонноос их болохоор байгаа нь төмөр  замаар  тээвэрлэж байгаа  одоогийн  нийт  ачааны  хэмжээнээс 3.5 дахин нэмэгдэх тойм тооцоо байдаг.

Засгийн газраас тухайн үед өргөн барьсан тогтоолын төслийн танилцуулгад "Дамжин өнгөрөх тээврийн урт хугацааны хөнгөлөлттэй нөхцөлийг тохиролцох, түүнчлэн “Шинэ төмөр зам” төсөл болон түүнтэй уялдаатай хэрэгжих “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, бусад боловсруулах үйлдвэрийн төслүүдэд БНХАУ-ын санхүүжилтийн хөнгөлөлттэй эх үүсвэрүүдийг ашиглах зэрэг хэлэлцээ үр  дүнд хүрсэн тохиолдолд уг боловсруулах үйлдвэрүүдээс БНХАУ-ыг чиглэсэн төмөр замын шугамын царигийн өргөн зэрэг асуудлыг цогцоор харж шийдвэрлэх боломжтой хэмээн Засгийн газрын зүгээс үзэж байна.

Иймд хэрэв дээр дурдсан асуудлаар Хятадын талтай хийж байгаа хэлэлцээ эерэг үр дүнд хүрсэн тохиодолд боловсруулах үйлдвэрээс БНХАУ руу чиглэсэн шинээр барих төмөр замын зарим шугамын царигийн өргөний хэмжээ 1435 мм байх боломжтой байхаар Улсын Их Хуралд танилцуулж байна" гэсэн байдаг. 

Засгийн газраас өргөн барьсан тогтоолын төсөлд:

  • Бүгд Найрамдах Хятад Ард Улстай Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээр байгуулсан нөхцөлд Тавантолгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай,
     
  • Арц суурь – Эрдэнэт, Тавантолгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай" гэж тусгасан байгаа. 

БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газраас мэдээлж байсан:

  • Монгол-Хятадын хилийн төмөр замын боомтын болон Монгол Улсад ашиглуулах Бүгд Найрамдах Хятад Ард Улсын далайн боомтын тоог тус тус нэмэгдүүлэх,
     
  • Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн нөхцөлийг урт хугацаанд тохирох, тухайлбал, төмөр замын чиглэл, тариф, тээвэрлэх ачааны доод хэмжээ, татвар, холбогдох бусад асуудлыг шийдвэрлэсэн тул өдгөө УИХ төмөр замын асуудлыг шийдэхэд харзнах зүйлгүй болж байна. 

Тодруулбал,  Хятадын нутгаар дамжин тээвэрлэгдэх Монгол Улсын транзит ачаанд 40 хувиас доошгүй тарифын хөнгөлөлт үзүүлэх, төмөр замын 4 боомт шинээр нээх (Гашуун сухайт-Ганц мод, Шивээ хүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавч, Сүмбэр-Рашаан), далайн гарцтай боомтыг нэмэгдүүлж, Азиас Европ руу чиглэсэн дамжин өнгөрөх ачааны гуравны нэгээс доошгүйг Монголын нутгаар тээвэрлэх талаар зарчмын тохиролцоонд хүрээд буй.

Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Зам, тээврийн сайд А.Гансүх, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар гарын үсэг зурсан билээ. 

Энэхүү хэлэлцээрийн үр дүнд:

Монгол Улсын ашиглах нэр заасан далайн боомтыг тоог нэмэгдүүлж Хойд Хятадын бүс нутаг болон Зүүн Хойд Хятадын бүс нутгийн гадаад худалдаанд нээлттэй:

  1. Дандонг, 
  2. Далиан, 
  3. Жиньжоу, 
  4. Ингкоу, 
  5. Цинхуандо, 
  6. Хуангхуа, 
  7. Тяньжин зэрэг нийт 7 боомтыг ашиглахаар болов. Өмнө нь Монгол Улс зөвхөн Тяньжин хотын олон улсын Синьган боомтыг ашиглах гэрээтэй байсан.

Тэгэхээр ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦЭЭС УРЬТАЖ УИХ ТӨМӨР ЗАМЫН бодлогоо хэлэлцэн ЗӨВ шийдвэр гаргавал улсын эдийн засагт үлэмж хэмжээний өөрчлөлт оруулах шийдвэр болох билээ.