Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын шилдэг зургаан кофе шоп

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2014 оны 9 сарын 22
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл

Их хотын сүнс оршиж байдаг нэг газар бол кофе шоп.

Ажил хэргийн уулзалт, хэлэлцээрт зориулагдан анх үүссэн гэгдэх эдгээр газар өдгөө ч энэ зорилгоо алдаагүй явна. Түүнчлэн чөлөөт сэтгүүлч, уран бүтээлчид, номын хорхойтнуудын хувьд ч тухтай буландаа аяга кофегоо аваад суух нь бүтээмж, санаа сэдлийн үндэс болох нь ч бий. Энэ удаа “Гэрэг” баатар хотын кофены булангуудыг онцолж байна.

1. КАФЕ 9
Кофены газар зөвхөн кофе зардаг уу гэвэл үгүй. Бас хүмүүс зөвхөн кофе уухаар кофены буланг зоридог эсэх нь эргэлзээтэй. Харин кофе шоп орчин, уур амьсгалыг худалддаг гэвэл онож магадгүй юм. Тавдугаар сургуулийн урд байрлах “Кафе 9”-д гэхэд ахлах ангийнхан, оюутан залуус голдуу цугларч хичээл номоо хийдэг нь харагдана. Бас тэдний хувьд хичээл хийхээс гадна найзуудтайгаа уулзах орчин нь болдог. Түүнчлэн тэднийх тамхины өрөөтэй цорын ганц кофе шоп учраас үйлчлүүлэгчдийн нь үлдсэн талыг хэн бүрдүүлдэг нь ойлгомжтой.

2. UNITED COFFEE LOVERS
Бороотой эсвэл цастай өдөр аяга кофе урдаа тавиад ном уншиж суух нь танд таалагддаг уу? Хэрвээ тийм бол Интерном дэлгүүрийн хоёрдугаар давхарт орших энэ газар хамгийн тохиромжтой байж таарна. Түүнчлэн тус номын дэлгүүрээр үйлчлүүлсэн баримтаа өгөөд 20 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

3. ТИ-АМО
Амттай кофе, итали желато, маш цэвэрхэн, нөхөрсөг уур амьсгал, бялуу, нарийн боов, салахын аргагүй сэндвичнүүд. “Хүүхдийн 100”-д байрлах “Ti-Amo” кафены нэрийн хуудас нь энэ. Амттай бүхний цуглуулга шиг л сонсогдож байгаа биз. Магадгүй ийм учраас тус кафены ихэнх үйлчлүүлэгч нь охид, бүсгүйчүүд байдаг. Бусад кофе шопуудын адил энд ч мөн өдөр тутмын сонин, сар тутмын сэтгүүлүүд ирэхээс гадна өндөр хурдны интернэттэй. Гэхдээ интернэт нь цагийн хязгаартай учраас лэптоптойгоо ирж, ажлаа хийе гэвэл өөр газар сонгосон нь дээр.

4. КАМИНО
“Хүнсний 20”-ийн буудлын арын байранд буйдхан орших энэ газар хөл чимээ багатай учраас ажлаа хийн төвлөрөхөд яг таарсан орчин. Dutch coffee буюу чанахгүйгээр нэрж хийдэг Голландын уламжлалт аргаар бэлтгэсэн кофенуудыг санал болгодгоороо онцлог. Ерөнхийдөө ганцаараа эсвэл цөөхүүлээ ороход тохирсон учраас жагсаалтад багтаалаа. 

5. КАФЕ БЭНЭ
Сүүлийн үед нээгдсэн кофены газруудаас хамгийн олон хүний талархал хүлээсэн нь Бэнэ болов уу. Хүнгүй, хөгжимгүй байлаа ч маш дулаахан, дотно уур амьсгалыг төрүүлдэгт тэдний амин сүнс оршдог мэт. Түүнчлэн олон төрлийн амттан, уух зүйлс санал болгодог нь тэднийг зорих нэг шалтгаан болдог. Ялангуяа багачуудад таарсан мөхөөлдөс, амттангаас гадна хүүхдийн зохиолын 108 ботийг номын тавиуртаа залсан нь бяцхан үйлчлүүлэгчдэд хэрэгтэй. 

6. БУГИС
Нийслэлийн зүрхэнд буюу “Central Tower”-ын гуравдугаар давхарт орших “Bugis. Coffee and dreams”-ыг хамгийн ажил хэрэгч кофе шоп гэж хэлж болно. Дотоод засалд нь бор өнгө ноёлсон нь үүнийг улам тодотгоно.Цэлгэр, том цонхоор их хотын хүн, машины урсгалыг ажихын зэрэгцээ алсын бараа харан суух нь ажиллах онгодыг тань хөглөх ч юм билүү. Гэхдээ тэдний интернэтийн хурд удаавтар гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.

Б.Эгшиглэн 

Зураг