Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-ын шинээр танилцуулсан бүгдийг ЭНДЭЭС

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 10
IKON.MN

Удаан хүлээлгэсэн Apple компаний энэ онд танилцуулах бүтээгдэхүүнүүдийн танилцуулга болж өнгөрлөө. Тэднийг жагсаавал:

  • Шинэ iPhone: iPhone 6, iPhone 6 Plus
  • Ухаалаг бугуйн цаг: Apple Watch
  • Төлбөр тооцооны систем: Apple Pay
  • iOS-ын шинэ хувилбар: iOS 8

Энэ үйл явдлын дараа мэргэжилтнүүд Apple-ын шинэ эрин эхэлснийг онцолж байна. Учир нь тэд анх удаа phablet буюу том дэлгэцтэй гар утасны зах зээлд орлоо. Мөн өмсдөг төхөөрөмжийн (wearable device) зах зээлд нэвтэрлээ. Apple Pay нь ч бэлэн бус төлбөр тооцооны системд томоохон өөрчлөлт авчирч байгаа юм.


iPhone 6, iPhone 6 Plus

iPhone 6 ба iPhone 6 Plus

Удаан хугацаанд янз бүрийн таамаг, цуурхал дагуулсны эцэст Apple-ын 9 ба 10 дахь iPhone утаснууд мэндэллээ.

iPhone 6 ба iPhone 6 Plus нь 16GB, 64GB, 128GB санах ойн багтаамжтайгаар есдүгээр сарын 19-нд зарагдаж эхэлнэ. Урьдчилсан захиалга нь харин 12-ноос эхлэх ажээ.

 

Өнгө: Өмнөх загварынхаа нэгэн адил хар саарал, мөнгөлөг саарал, алтлаг шаргал гэсэн гурван сонголттой гарна.

Гурван өнгөний сонголттой

Дизайн: Өмнөх загваруудаасаа бүрэн өөрчлөгдсөн. Яг iPad Air-ын хийцтэй адилхан дугуйрсан, нимгэн ирмэгтэй болжээ. Хоёулаа өмнөх загваруудаас нимгэн болсон нь давуу талтай. iPhone 5S нь 7.6 мм зузаан байдаг бол iPhone 6  нь 6.9 мм, iPhone 6 Plus нь 7.1 мм тус тус хэмжээтэй.

Илүү нимгэн

Дэлгэц: Дэлгэцний технологио мөн шинэчилсэн байна. Retina HD хэмээн нэрлэж байгаа технологи нь өмнөх загваруудаас илүү нарийвчлал, тод дүрслэл харуулна. iPhone 5S-ийн дэлгэц 1136 x 640 харьцаатай, нэг инчэд 326 цэг багтаадаг байсан бол iPhone 6 1334 x 750 (326ppi), iPhone 6 Plus (401ppi) тус тус үзүүлэлттэй болжээ.

Мөн анх удаа хэвтээ байрлалд дэлгэц нь автоматаар шилжиж ажилдаг болжээ. Яг л iPad шиг гэсэн үг.

Илүү хүчтэй график дүрслэлтэй

 

Дотор талд: Дотроо Apple-ын шинэ 64 битийн А8 процессортой болжээ. Анх гарч байсан iPhone-ы загвараас 50 дахин хурдтай. Тоглоомын графикыг гайхалтай сайн дүрслэх чадвартай болсныг Apple дурджээ. Мөн үүнээс тусдаа М8 хэмээх туслах процессортой болсон нь хөдөлгөөний хурд, алхам, барометр, өгсөлтийн өндөр зэрэг мэдээллүүдийг боловсруулах зориулалттай.

Камер: Шинэ iPhone-ууд нь өмнөхтэй ижил 8 мегапиксел камертай ч шинэ мэдрэгч суулгаж өгснөөрөө давуу болжээ. Нэр нь Focus Pixels гэгдэж байгаа энэ мэдрэгч iPhone 5S-ээс хоёр дахин хурдан фокус тохируулдаг. Мөн мэргэжлийн DSLR камеруудтай ижил технологи ашиглажээ. Хүний нүүр таних функц, зураг тогтворжуулагч зэрэгтэй тул илүү тод, “сүнсгүй” зураг авах боломж олгоно. Бас гэрэл муутай орчинд сайн ажилдаг гэжээ.

Burst Slefies шинэ функц нь нүүрэн талын камераар ганц даралтаар олон дараалсан зураг авах боломж юм.

Шинэ мэдрэгчтэй камер

Баттерейн багтаамж: Энэ үзүүлэлт хоёр загвар дээр хоёуланд нь сайжирсан байна. 5S-ын 3G сүлжээнд ярих хугацаа 10 цаг байдаг бол 6-ын хувьд 14 цаг, 6 Plus-ын хувьд 24 цаг болж тус тус нэмэгдсэн гэжээ.

Шинэ iPhone-уудын бусад дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг ЭНДЭЭС харьцуулан харах боломжтой.

Ес дүгээр сарын 19-нд худалдаанд гарна

iPhone 6, iPhone 6 Plus-ын шинэ видео сурталчилгаанд TV од Жимми Фэллон, дуучин Жастин Тимберлэйк нарын хоолойг ашигласныг эндээс үзээрэй.

iPhone 6 загварыг бусад өрсөлдөгчидтэй нь харьцуулсан хүснэгтийг Business Insider гаргасныг хүргэж байна.

Зураг дээр дарж томруулан харах боломжтой.

iPhone 6-г бусад өрсөлдөгчидтэй нь харьцуулбал

 


 

Apple Watch

 

Apple-ын анхны өмсдөг төхөөрөмж Apple Watch танилцуулагдлаа. Бугуйнд зүүдэг, цаг гэхээсээ илүү эрүүл мэнд, фитнесийн хяналтын төхөөрөмж нь 38 мм ба 42 мм гэсэн хоёр хэмжээний сонголттой.

Apple Watch нь 349 доллараас эхлэх үнэтэйгээр 2015 оны эхээр худалдаанд гарах гэнэ.

Дотроо мөн гурван хувилбартай: Apple Watch, Apple Watch Sport, 18 каратын алттай Apple Watch Edition.

iPhone утастайгаа холбож хэрэглэх ба iPhone 5, 5C, 5S, 6, 6 Plus загваруудтай нийцэж ажиллах юм.

Удирдахдаа Touch дэлгэцээ ашиглахаас гадна “digital crown” гэгдсэн түлхүүр (бидний мэдэх цаг түлхдэг хажуугийн түлхүүр) ашиглах боломжтой. Энэ нь утасны Home button шиг л ажиллах аж.

Гараа өргөж цаг руугаа харахыг тань мэдэрч дэлгэц нь автоматар идэвхждэг. Цагний арын мэдрэгч нь таны зүрхний цохилтыг байнга хэмжинэ. Нүүрэнд нь сафир кристал элемент ашигласан тул зурагдахгүй, бат бөх.

Apple Watch бүр 11 ширхэг солигддог нүүртэй, 6 ширхэг оосортой байх гэнэ. Оосорнууд нь ширэн, полимер, метал, ган (stainless) зэрэг байх ба солих хялбар механизмтай байх юм.

Цэнэглэхдээ соронзон цэнэглэгч ашиглана. Мөн “Taptic engine” технологийн тусламжтай мэдээлэл ирэхэд бугуйнд доргилт өгдөг ажээ.

Апп хөгжүүлэгчдэд зориулсан өргөн боломжтой. Тухайлбал Starwood зочид буудлын сүлжээ өрөөнийхөө хаалганы өмнө төхөөрөмж зүүсэн гараа нэг савахад нээгдэх апп бүтээсэн гэнэ.

Түүнээс гадна эзнийхээ шатаасан илчлэг, хөдөлгөөн, өдөрт нийт зогсоогоороо байсан хугацаа, дасгал хийх үед гүйцэтгэлийн тоог хэмжих зэрэг боломжуудтай.

 


Apple Pay

 

Шинэ iPhone утаснууд нь NFC (Near Field Communication) технологитой гарснаар төлбөр тооцооны шинэ хэрэгслийг бий болгожээ. Энэ нь богино зайнд утасгүйгээр мэдээлэл дамжуулах технологи бөгөөд гар утсаараа зориулалтын POS машинд ойртуулан төлбөр гүйцэтгэх боломжтой.

NFC уншигчтай утасгүй холбогдож төлбөр хийнэ

Төлбөрийн картны мэдээллээ утсан дахь Passbook апп-д оруулж хурууны хээгээр баталгаажуулснаар энэ боломж нээгдэнэ. Төлбөрийн картны дугаарыг тань хадгалдаггүй, зөвхөн тооцоо хийх бүрт нэг удаагийн дугаар ашигладаг тул утасаа хулгайд алдлаа гэхэд тэр дор нь төлбөр хийх боломжгүй болгох юм.

Хурууны хээгээр баталгаажуулна

Одоогоор Visa, Mastercard, American Express компаниудын картыг оруулах боломжтой ба Disney, McDonald, Uber, Groupon зэрэг үйлчилгээний байгууллагуудад ашиглагдаж эхэлж байгаа гэнэ.

Энэ үйлчилгээ нь iOS 8 системийн нэг хэсэг болж гар утсанд сууна.


iOS 8-ын нээлт

iOS 8 есдүгээр сарын 17-нд татагдаж эхэлнэ

Apple-ын мобайл үйлдлийн систем iOS-ын 8 дахь хувилбар энэ сарын 17­-нд олон нийтэд ил болох ажээ.

Үнэгүй update нь iPhone 4S-ээс хойшх бүх iPhone загварууд, iPod Touch-ын 5 дахь загвар, iPad 2-оос хойшх бүх iPad-уудад гарах юм.

Шинээр гарсан iPhone 6 болон 6 Plus загваруудад үйлдвэрээсээ хамт ирнэ.