Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: Ажиа гэгээнтэн таны хийсэн энэхүү БУЯНТАЙ ҮЙЛСийг бид хэзээ ч мартахгүй

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

ЭХЭМҮТ-ийн дэргэд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг барих ажил одоогоос хоёр жилийн өмнө эхэлсэн түүхтэй. Тэгвэл тус эмнэлэг өнөөдөр албан ёсоор үүдээ нээж байна. Тус ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 



Эрхэм зочид,

Эмч, сувилагч, ажилтнууд аа,

2011 онд “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдан гуай монголчуудынхаа эрүүл мэндэд буян болох санаачлага гаргаж, ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд зориулан Хүүхдийн цусны эмгэг-хавдарын эмнэлэг барих болсон билээ.

Өнөөдөр Ажиа гэгээнтний санаачилсан буянтай үйлс ажил хэрэг болж дотоод, гадаадын мянга мянган нигүүлсэнгүй үйлстнүүдийн хандив тусламжаар оношилгоо, эмчилгээ, хавдрын мэс заслын хэсэг, 25 ортой нярайн эрчимт эмчилгээний, 50 ортой цусны эмгэг-хавдар судлалын тасаг, сургалтын болон эмч мэргэжилтнүүд байрлах өрөө, тасгуудын онцлогт тохирсон тоног төхөөрөмж суурилуулсан хоёр барилга бүхий эмнэлэг ашиглалтад орж байна.

3 сая гаруй ам. долларын хөрөнгө оруулалт хийж энэ сайхан эмнэлгийг барьж ашиглалтад оруулж байгаа нь Ажиа гэгээнтний монгол хүний өгөөмөр сэтгэлийн буянтай үйлс билээ.

3 сая гаруй ам. долларын хөрөнгө оруулалт хийж энэ сайхан эмнэлгийг барьж ашиглалтад оруулж байгаа нь Ажиа гэгээнтний монгол хүний өгөөмөр сэтгэлийн буянтай үйлс билээ.

  • Ажиа гэгээнтний энэхүү буянтай үйлсийг дэмжиж миний бие санал гаргаж барилгын дотоод засалд зориулан 400 сая төгрөгийг УИХ-аар батлуулсан.
     
  • Мөн Ерөнхий сайдын санаачлагаар Монгол улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хамгийн сүүлийн үеийн Siemens брэндийн тоног төхөөрөмж бүхий Хүүхдийн зүрхний ангиографийн лабораторийг байгууллаа.
     
  • Цаашид Австри улсын хөнгөлөлттэй зээлээр Компьютер томографийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийн барилга байгууламжийн гаднах зам, талбай, машины зогсоолыг Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Гудамж” төслийн хүрээнд тохижуулж, Монголын залуучуудын холбооны санаачлагаар залуучууд гадна талбайн тохижолт, цэвэрлэгээнд оролцсон байна.

 Ажиа гэгээнтний санаачилсан Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн энэхүү эмнэлэг өвчний учир зовж зүдэрсэн олон зуун хүүхдэд энэрэл буянаа өгөх хүүхдийн зориулалттай орчин үеийн томоохон эмнэлэг болж байгаад миний бие туйлын баяртай байна.

Монголын хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө Таны хийсэн энэхүү буянтай үйлсийг Монголын төр, монголын ард түмэн хэзээ ч мартахгүй.

 

Манай эмч, эмнэлгийн ажилтнууд Таны энэ их үйлсээр боссон эмнэлэгт олон мянган бяцхан үрсийг эрүүл энх болгохын төлөө бүхий л хүчин чадлаа зориулан ажиллана гэдэгт би итгэлтэй байна.

Эрхэм Ажиа гэгээнтэн Танд эрүүл энх, урт удаан наслахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нийт эмч, сувилагч, ажилтнууддаа ажлын амжилт хүсье.

  Баярлалаа Та бүхэнд.