Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгө оруулалт сайжирсны дүнд мэргэжилтэй ажилчид олноороо бэлтгэгдэж байна

ikon.mn
2014 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор Хөдөлмөрийн яамнаас Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийг 2012 оны гуравдугаар улирлаас эхлэн хэрэгжүүлж буй.  Ингэснээр өнгөрсөн онд 6417 мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэж, хөдөлмөрийн зах зээлийн хамгийн хэрэгцээтэй ажиллах хүчин болж чадсан бол мөн энэ жил дээрх хэмжээний мэргэжилтэй ажилтныг бэлтгэх ёстой.

Тэднийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургууль хийгээд Политехникийн коллежиор дамжуулан урт хугацааны хийгээд богино хугацааны сургалтаар дамжуулан бэлтгэнэ. Иймд бид хичээлийн шинэ жил ойртож байгаа энэ үед Монгол, Солонгосын хамтарсан Политехникийн коллежийн захирал Д.Уламбаяртай уулзаж дараах тодруулгыг хийлээ.

-Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт тэр дундаа ноос, ноолуурын чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг ганц сургууль нь танайхыг гээд хэлчихэд буруудахгүй байх. Хүмүүс ч бас нэлээд мэддэг болж, энэ жил хэчнээн оюутан шинээр элсүүлэх вэ. Элсэгчдээ бүртгээд эхэлчихсэн үү?

- Монгол, Солонгосын хамтарсан Политехникийн коллежи нь 2014-2015 оны хичээлийн шинэ жилд 700 оюутан шинээр элсүүлнэ. Хөдөлмөрийн яамнаас шинээр элсэх оюутны тоог дээрх байдлаар тогтоож өгсөн. Одоогийн байдлаар шинээр элсэгчдээс 80 орчим хувь нь бүртгүүлсэн. Хичээл эхлэх болоход шинэ элсэгчдийн тоо гүйцэх байх.

11 дүгээр анги төгссөн суралцагчдад техникийн боловсрол олгох, насанд хүрэгчдэд мэргэжил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж, ажлын байраар 100 хувь ханган ажиллаж байна.

Коллежид маань жилдээ 1200 орчим оюутан суралцдаг. Өнгөрсөн онд бид 515 суралцагчийг төгсгөсөн. Элсэх сонирхолтой залууст хандаж хэлэхэд, ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр анги төгссөн суралцагчид элсэн 2.5 жил суралцан бүрэн дунд боловсролтой болохын хамт мэргэжилтэн ажилтан болж төгсөнө.

Мөн 11 дүгээр анги төгссөн суралцагчдад техникийн боловсрол олгох, насанд хүрэгчдэд мэргэжил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж, ажлын байраар 100 хувь ханган ажиллаж байна.

-Бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилтнууд хаана очиж ажиллах уу?

-“Говь”, “Буян” зэрэг 170 гаруй аж ахуйн нэгж, компаниудтай хамтран ажиллаж, суралцагчдыг дадлагажуулах, ажлын байраар хангах, ажилчдыг давтан сургах, мэргэшүүлэх ажлыг хийж байна. Зарим төгсөгч хувиараа өөрийнхөө сурч мэдсэнээр өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлээд явдаг сайн жишээнүүд олон байгаа.

Мөн төгсөгчдийн ажил эрхлэлтийг сайжруулах зорилгоор Хөдөлмөрийн төв биржтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, төгсөгчдийн мэдээллийг байршуулах, төгсөгчдийн мөшгих судалгааг тогтмол хийдэг боломжтой болсон.

-Политехникийн коллежид суралцсан тохиолдолд их, дээд сургуульд суралцагчдын нэгэн адил тэтгэлэг авах боломжтой байх аа?

-Тийм ээ, сар бүр тэтгэлэг авна, автобус унаагаар хөнгөлөлттэй виза картаар үйлчлүүлнэ, хөдөөгийн залуусын хувьд дотуур байранд амьдрах боломжтой.

-Политехникийн коллежи нь үндэсний брэнд бий болгох зорилт тавьсан гэж байсан. Энэ тухай тодруулахгүй юу?

-Монгол-Солонгосын политехник коллеж нь 2014-2015 оны хичээлийн жилд сүлжмэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр үндэсний брэнд бүтээгдэхүүнтэй болох зорилт тавин ажиллаж байгаа. Өнгөрсөн хугцаанд Засгийн газар, улсын төсөв, олон улсын байгууллага болон гадаадын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд сургалтын орчинг сайжруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх, материаллаг баазын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орчин үеийн стандарт хангасан сургалтын хэрэглэгдэхүүн, хичээл, үйлдвэрлэлийн дадлагыг явуулах боломж бүрэн бүрдсэн. Нөгөө талдаа суралцагчид байна.  Тийм болохоор нөөц боломжоо дайчилж ажиллахаар шийдсэн хэрэг л дээ.

Монгол-Солонгосын политехник коллеж нь 2014-2015 оны хичээлийн жилд сүлжмэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр үндэсний брэнд бүтээгдэхүүнтэй болох зорилт тавин ажиллаж байгаа.

-Хөрөнгө оруулалт нэлээн сайн хийгдсэн гэлээ. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалтаар юу, юу хийсэн байх уу?

-Улсын төсвийн 114,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар киттель, нөхөн засагчийн дадлагын газрын тоног төхөөрөмжийг шинэчилсэн. БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд КОЙКА олон улсын байгууллагын хэрэгжүүлж байгаа 5750000 ам доллараар коллежио өргөтгөж, багш нараа чадавхижуулах төсөл амжилттай хэрэгжиж байна. Дээрх төслийн хүрээнд техникийн мэргэжлийн 6 дадлагын газар байгуулж, хичээл, дадлага явуулах сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр хангахаар ажиллаж байна.

Мөн улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий санхүүжилттэй гадна талбайн инженерийн шугам, сүлжээний ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна. Монголын Мянганы Сорилтын сангийн 418.5 сая төгрөгийн  хөрөнгө оруулалтаар  Политехник коллежийг түшиглэн Мэдээлэл арга зүйн Үндэсний төвийг байгуулсан.

Түүнчлэн Монголын Мянганы Сорилтын сангийн 658.8 сая төгрөгийн  хөрөнгө оруулалтаар Политехник коллежийн сургалтын орчныг сайжруулж, хий шингэний, компьютерийн, хүнд машин механизмын лабораториудыг шинээр байгуулсан. БНСУ-ын Дэримийн Их сургуулийн 68382 ам. долларын хөрөнгө оруулалтаар “Солонгос хэлний танхим”-ыг шинээр байгуулсан байгаа.