Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд гадаа дөрөв хононо

Г.Номин, iKon.mn
2014 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нийслэлд төрийн өмчийн 178, төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт 75579 хүүхэд хамрагдаж байгаагийн 79% нь (59261) төрийн өмчийн, 21% нь(16318) төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдаж байна гэсэн судалгааг БШУЯ-наас гаргажээ.Ингээд нийт 428 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа хэдий ч нийслэлийн хүн амын өсөлтийн хурдыг гүйцэхгүй байгаа юм.

Цэцэрлэгийн гадаа гурав хонож байна, хорооны засаг дарга 30 хүүхдийг оруулж өгөх талаар цэцэрлэгийн удирдлагатай ярилцаж өгнө гэж хэлсэн болохоор ахиад хоёр хононо доо.

Төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-наас эхэлсэн бөгөөд шинээр хүүхдээ бүртгүүлж байгаа эцэг эхчүүд ажлаасаа чөлөө авч, зарим нь бүр ээлжийн амралтаа аваад 24-ний оройноос эхлэн цэцэрлэгийн гадаа дугаарлан хонож эхэлжээ. Шинээр бүртгүүлэх хүүхдүүдийг 28-ны өглөө бүртгэх хүртэл ингэж дугаарлах аж.

 

Сонгино хайрхан дүүргийн 19-р хороонд байрлах 92 дугаар цэцэрлэг 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Энэ жил 20 хүүхэд шинээр бүртгэнэ гэсэн зарлалыг үүдэндээ байрлуулжээ. Гэсэн ч өнөө өглөөний байдлаар 30 орчим эцэг эх “Цэцэрлэгийн гадаа хоёр хонож байна, хорооны засаг дарга 30 хүүхдийг оруулж өгөх талаар цэцэрлэгийн удирдлагатай ярилцаж өгнө гэж хэлсэн болохоор ахиад нэг хононо доо” гэж хэлээд сууцгааж байлаа.

Хуучин тус цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийн хувьд 25-27-ны өдрүүдэд амжиж бүртгүүлсэн тохиолдолд энэ жил цэцэрлэгт хамрагдах боломжтой ажээ. 

Эцэг эхчүүд хоорондоо “Энэ жил  л хоёр ой өнгөрсөн хүүхдээ цэцэрлэгт оруулахгүй бол ирэх жил авахгүй. Тэгээд гэртээ байсан хүүхдийг сургуульд авахгүй. Тийм болохоор яаж ийж байгаад бүртгүүлнэ. Тэгвэл дөрвөн жил санаа амар” хэмээн ярилцаж байлаа.

Нэгэнт улсын цэцэрлэгт бүртгүүлж чадаагүй бол хувийн цэцэрлэгт хамгийн багадаа сард 150 мянган төгрөгийн төлбөртэй хүүхдээ сургах болно. Тэгэхээр зуны гурван сарыг хасаад үлдсэн есөн сард 1сая 350 мянган төгрөг болж байгаа юм. Ингээд их, дээд сургуулийн нэг жилийн төлбөртэй дүйх хэмжээний мөнгөөр хүүхдээ цэцэрлэгт өгөх болж байна.

 Хувийн цэцэрлэгт хамгийн багадаа сард 150 мянган төгрөгийн төлбөртэй хүүхдээ сургах болно. Тэгэхээр зуны гурван сарыг хасаад үлдсэн есөн сард 1сая 350 мянган төгрөг болж байгаа юм.

“Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15.1.Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал, ном, гарын авлага болон хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тоглоомоор хангах зардал, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэж заажээ.

Гэтэл улсын цэцэрлэгт хонон өнжин дугаарлаад ч бүртгүүлж чадахгүй байгаа хүүхдүүдэд улсаас үзүүлэх халамж, дэмжлэг байхгүй байсаар байна.

Эцэг, эхчүүдийн ярианаас:

  • “Олон тооны орон сууц шинээр барьж хүмүүст сургууль цэцэрлэг юм юмандаа ойр гэж рекламдаж зарсаар байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ цэцэрлэгийн хүчин чадал хаанаа ч хүрэхгүй байна
  • “Хуучин цэцэрлэгийг актлаад хурдхан шинэ, том цэцэрлэг барина гэсэн. Тэгтэл акталсан цэцэрлэгийн барилгыг хоёр жил болсны дараа нураах зардал нь төсөвт сууж байна. Тэгэхээр барих зардал бол бүр мөдгүй биз дээ
  • “Дугаарлаж байгаад бүртгүүлэх л хэрэгтэй. Тэгвэл дөрвөн жил санаа амар болно”
  • Гэртээ байгаа хүүхдүүдэд, цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдэд зарцууладагтай тэнцэх хэмжээний мөнгийг олгох хэрэгтэй

Улсын цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа хэдий ч цэцэрлэгийн хүрэлцээ хаанаа ч хүрэхгүй, тулгамдсан асуудал хэвээр байна.