Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улс 2025 он гэхэд цахилгаан эрчим хүчний 30 хувийг БАЙГАЛИЙН ХИЙГЭЭР хангана"

Ч.Болортуяа
2014 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
“Монголын эрчим хүч – 2014”, 2014.5.22

ОХУ-ын ГАЗПРОМ нэгдэл, БНХАУ-ын үндэсний нефт, хийн CNPC корпорациуд өчигдөр байгалийн хий нийлүүлэх 30 жилийн гэрээг Шанхай хотод баталсан түүхэн үйл явдал болсон билээ. 

Шинээр байгуулж байгаа хоолой нь Якутын Чаяндинскийн үйлдвэрээс Алс Дорнодын Владивосток боомт хүрэх юм. Ингэхдээ Хятадын зүүн хойд муж буюу Манжуурт хоёр чиглэлээр хүрнэ. Харин Владивостокоос Азийн бусад зах зээл Япон, Солонгост түгээгдэх ажээ.

Баруун талд Горно-Алтайд мөн хоолой хүрсэн байгаа ба эндээс Баруун хойд бүс буюу Шинжаан Уйгарт нийлүүлэх боломжтой болжээ.

Энэ хийн хоолой Монголоор дамжих болов уу гэсэн хүлээлт олон нийтэд байсан ч талаар болсон. 

Манай хөрш хоёр орны хооронд энэхүү түүхэн гэрээ зурагдсаны маргааш буюу өнөөдөр “Монголын эрчим хүч – 2014” олон улсын хурал эхлээд байна. 

Энэ хурлаар эрчим хүчний бодлого чиглэлийг танилцуулж, тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж цаашдын зорилгоо тодорхойлж байгаа юм. 


Олон улсын хуралд “Цэвэр –үр өгөөжтэй эрчим хүчний шинэ боломж” илтгэлийг тавих ЭХЯ-ны БХЗГ-ын мэргэжилтэн Д.Алтанчимэгтэй цөөн хором ярилцлаа. 

- ОХУ, БНХАУ-ын гэрээг өчигдөр зурагдсаны дараа "энэ хийн хоолой Монгол улсаар дамжих ёстой байсан юм" гэх яриа гараад байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
- ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх түүхэн гэрээ хийгдлээ. Гэрээгээр байгалийн хий ОХУ-ын зүүн хэсгээр Владивостокоор Хятадын нутаг руу нийлүүлэгдэнэ. Энэхүү байгалийн хий Монголын нутаг дэвсгэрээр дамжихгүй. Тиймээс бид дамжин өнгөрөх байгалийн хий ярих боломжгүй болж байна. 

Харин манай улсын хувьд байгалийн хийтэй болох өөр боломжууд бий. ОХУ-ын байгалийн хийн дамжин өнгөрөх асуудлыг ярихаас илүү дотооддоо байгалийн хий гаргаж авах асуудлыг эрэлхийлж байна. Үүний нэг нь нүүрс, занарын ордноос байгалийн хий үйлдвэрлэх төсөл, судалгаануудыг эхлүүлээд байна. Мөн хүрэн нүүрсийг боловсруулаад байгалийн хий болгох үйлдвэр байгуулахаар БНХАУ-тай Санамж бичиг зурсан байгаа. 

 ОХУ-ын байгалийн хийн дамжин өнгөрөх асуудлыг ярихаас илүү дотооддоо байгалийн хий гаргаж авах асуудлыг эрэлхийлж байна.

- Судалгааны шатанд явж байгаа энэ төсөл зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангах асуудлыг ярьж байна уу. Эсвэл экспортлох боломжийн талаар судалж байгаа юу?
- Юуны өмнө эрчим хүчний дотоодын хангамжийг сайжруулах агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дотооддоо ашиглах нь нэн чухал болоод байна.
Мэдээж хэрэг үйлдвэрлэл буюу газын хэмжээг нэмснээр экспорт хийвэл эдийн засагт нэмэртэй. 

- Байгалийн хий боловсруулах дэд бүтцийг барьж байгуулах нь эдийн засгийн хувьд манай улс шийдэх боломж бий юу. Бид “ТЭЦ -5”-аа л барьж чадахгүй байгаа улс шүү дээ. 
- Хөрөнгө оруулалт мэдээж шаардана. Бүхэл бүтэн хангамжийн системтэй байх хэрэгтэй. Гэхдээ эрчим хүчний дэд бүтэц барих зардлаас хоёр дахин хямд байдаг. Жишээ нь цахилгаан, дулааны үйлдвэрлэлийг байгалийн хийгээр хангах станц барих нь хуучин уламжлалт цахилгаан дулааны эх үүсвэрүүд барих, дамжуулахаас хямд тусдаг. 

- Энэ судалгааны төсөл ЭХЯ-ны хүрээнд одоо яригдаж байгаа юу?
- Байгалийн хийн нөөц, боломж дотооддоо байна гэж үзэж байгаа учраас манай яамны зүгээс ашиглах, дэд бүтцийг бий болгох асуудал дээр онцгой анхаарч эхэлж байна.

- Байгалийн хий боловсруулах, дамжуулах дэд бүтэц, үйлдвэр бий болгоход дунджаар ямар хугацаа шаарддаг вэ?
- Олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэхэд нэгээс хоёр жил шаардлагатай. Боловсруулах үйлдвэр бий болоход таван жил шаардлагатай бол үүний зэрэгцээ дэд бүтцийг давхар байгуулах хэрэгтэй. Газ гарлаа л гэвэл шууд дамжуулах үүрэгтэй. Агаарт алдаж болохгүй. 


Байгалийн хийг дэлхийн 110 гаруй орон эрчим хүчиндээ ашигладаг ба АНУ-ын эрчим хүч үйлдвэрлэлтийн 27.2 хувийг, ОХУ-д 50 орчим хувь, Европд 19.1 хувийг байгалийн хий эзэлдэг байна. 

“Монголын эрчим хүч – 2014” олон улсын хурлын үеэр тавигдах илтгэлүүдэд 2025 он гэхэд цахилгаан эрчим хүчний 30 хувийг байгалийн хийгээр үйлдвэрлэх, Улаанбаатар хот болон хот суурин газрын дулаан хангамж, ахуйн түлшний хэрэглээг 80 хувь хүртэл байгалийн хийгээр шийдвэрлэх саналууд тусгагдаад байна. 

“Монголын эрчим хүч – 2014”, 2014.5.22. Гэрэл зургийг Б.Бямба-Очир (mpa.mn)

Олон улсын хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Дани, Их Британи, АНУ, Герман зэрэг 13 орны төлөөлөгчид оролцож байгаа юм. Тус хурлын өнөөдрийн бас нэгэн онцлох үйл явдал нь аймгийн төвүүдийн дулаан хангамжийн сайжруулахын тулд найман аймгийн төвд Дулааны станц барих барихаар болсон тул Хэнтий, Төв, Архангай, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн Засаг дарга нартай Эрчим хүчний сайд гэрээ байгуулж гарын үсэг зурлаа.