Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: “Оюу Толгой” төслийг урагшлуулахад Засгийн газраас хамаарч байгаа зүйл байхгүй

Ч.Болортуяа
2014 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Copyright © 2014 Oyu Tolgoi

“Оюу Толгой” төслийн дараагийн үе шатанд ажиллах багийг бүрдүүлж байна гэсэн мэдээлэл гарснаас үүдэж  далд уурхайн төсөл удахгүй эхлэх нь гэсэн хүлээлт бий болоод байна. 

Эдийн засгийн нөхцөл сайнгүй байгаа өнөө үед “Оюу Толгой”-н хоёр дахь төслийн санхүүжилт хийгдсэнээр манай эдийн засагт их хэмжээний гадаад валютын урсгал нэмэгдэх эерэг нөлөө бий болно.

Энэ онд ОТ төслийн нийт зардал, хөрөнгө оруулалт 1,2 тэрбум ам.доллар байх бол орлого 2,6 тэрбум ам.доллар байхаар төсөвлөгдөөд буй.

Дээрх 1,2 тэрбум ам.долларын дийлэнх нь зогсонг байдалд орсон далд уурхайн хөрөнгө оруулалтад зориулагдах талаар бид өмнө мэдээлсэн билээ. 

Нэгдүгээр сарын байдлаар Монгол улсын валютын албан нөөц 2,4 тэрбум ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. 

Манай улсын валютын албан нөөц 2,4 тэрбум ам.доллар байхад “Оюу толгой” төслийн нийт орлого 2,6 тэрбум ам.доллар байгаа нь энэхүү төсөл манай улсын эдийн засагт их хэмжээний нөлөөлөл үзүүлэх боломжтойг харуулсаар буй.

Энэ оны эхний сарын байдлаар “Оюу Толгой” төслийн ил уурхайн борлуулалт нэмэгдэж мөн манай улсын импорт буурснаар гадаад худалдааны алдагдал 16 сая ам.доллар гарсныг эдийн засагчид онцолсоор байгаа билээ.  

"Ерөнхий сайдын 30 минут" уулзалт,

Далд уурхайн төслийн тухайд энэхүү ажлыг амжилттай эхлүүлэхийн тулд манай Засгийн газар болон Хөрөнгө оруулагч тал нэгдсэн зөвшилцөлд хүрч чадахгүй байсаар байна. 

Гүний уурхайн хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байна. Үүнийг бид эдийн засгийн асуудлаа харж байгаад л шийднэ

Харин энэ талаар өнөөдөр Ерөнхий сайд мэдээлэхдээ “Оюу Толгой-н ТУЗ-ийн хурал боллоо. Энэ үеэр ойрын хугацаанд хийгдэх ажлуудаа ярьсан. Оюу толгой төсөл дээр Монголын Засгийн газраас хамаарч байгаа зүйл нэг ч байхгүй. Гүний уурхайн хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байна. Үүнийг бид эдийн засгийн асуудлаа харж байгаад л шийднэ” гэв. 

Ерөнхий сайд хэлэхдээ “манай Засгийн газраас хамаарах зүйл байхгүй” гэсэн ч далд уурхайн асуудлыг арай шийдээгүй байгаа гэж эсрэг утгатай зүйл ярьсан нь сонирхолтой. 
Гэхдээ ОТ-н ТУЗ хуралдсантай зэрэгцэж дотоодод удахгүй эдийн засаг сайжрах мэдээллүүд олонтаа цацагдаж байна. 

Тэгэхээр ойрын хугацаанд Засгийн газар ОТ-н далд уурхайн төслийг эхлүүлэх ажилд эерэг шийдвэрт хүрч магадгүй нь.