Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Оюу Толгой”-н олборлолт 2014 онд “Эрдэнэт”-ээс давна

Ч.Болортуяа
2013 оны 12 сарын 23
iKon.MN
Оюу Толгой ХХК

 

    “Оюу Толгой” ХХК 2014 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас давсан олборлолт хийх төлөвлөгөө гаргажээ.

Тодруулбал, Оюу Толгой ирэх онд зэсийн баяжмал 692.3 мян.тн хэмжээтэй байх төсөөлөл хийжээ.

Харин Эрдэнэт үйлдвэр ирэх онд 530 мян.тн зэсийн баяжмал олборлох төлөвлөгөөтэй байна. 

 

 

Хүснэгтээс үзвэл, ОТ төсөл цэвэр алт гэхэд 771.3 мянган унци буюу 27 орчим тонн алт ирэх жил олборлох төлөвлөгөө гарчээ. 

Үйлдвэр Нийт боловсруулах хүдэр сая.тн Баяжуулах баяжмал мян.тн Зэсийн агуулга % Зэс мян.тн Алт мян.унци Мөнгө мян.унци Молибден мян.тн
Оюу Толгой  33.9 692.3 25.3 175.6 771.3 1318.1  
Эрдэнэт 26 530 24 127.2     4.5

 

    2013 оны арванхоёрдугаар сарын эхний хагасын байдлаар, ОТ-н долдугаар сараас эхэлж олборлосон баяжмал 252.2 мян.тн –ийн хэмжээнд хүрсэн бол "Эрдэнэт үйлдвэр" энэ жил нийт 530 мян.тн баяжмал олборложээ. 

Өнөөдөр Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-аар ОТ ТУЗ-ийн гишүүд тус төслийн талаар мэдээлэл хийсэн бөгөөд Ерөнхий сайд, Уул уурхайн сайд тэднээс сонирхсон асуултандаа хариулт авсан юм. 

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Да.Ганболд ярихдаа “Оюутолгой төслийн төсвийг сар сардаа эсвэл улирал бүр хэлэлцэн шийддэг байсан бол бид энэ удаад жилээр нь төсвийг хоёр тал баталлаа. 2014 онд ОТ төслийн нийт зардал, хөрөнгө оруулалт 1,2 тэрбум ам.доллар байх бол орлого 2,6 тэрбум ам.доллар байхаар төсөвлөгдлөө” гэлээ. 

"2014 онд ОТ төслийн нийт зардал, хөрөнгө оруулалт 1,2 тэрбум ам.доллар байх бол орлого 2,6 тэрбум ам.доллар байхаар төсөвлөгдлөө"

Дээрх 1,2 тэрбум ам.долларын дийлэнх нь энэ жил зогсонг байдалд орсон далд уурхайн хөрөнгө оруулалтад зориулагдах юм байна. 

2,6 тэрбум ам.долларын орлогоос дээрх хөрөнгө оруулалт болоод бусад зардлыг хасахад 1,4 орчим тэрбум ам.долларын цэвэр ашиг гарах тооцоо гарч байгаа юм. 

Энэхүү цэвэр ашиг нь манай улсын төсөвт шууд орж ирэхгүй бөгөөд манайд харгалзах хэсэг нь бидний өмнө нь хөрөнгө оруулагчдад тавьсан өрнөөсөө дарах нэг хэсэг мөнгө болох учиртай. 

Монгол Улсын Засгийн газар болоод хөрөнгө оруулагчдын зүгээс хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой болон нийт 30 гаруй асуудлаас 21-д нь хоёр тал зарчмын хувьд санал нэгдээд байгаа. Харин Монгол улсын төлөх ёстой хөрөнгө оруулалтын хэмжээний хувьд хоёр тал ямар нэгэн эцсийн шийдэлд хүрсэн эсэх нь тодорхойгүй байна.

Одоогоор ОТ төслийн бүтээн байгуулалтын эхний үе шатанд нийт хөрөнгө оруулалт 6,2 тэрбум ам.доллар болоод байгаа юм. Харин хоёр дахь бүтээн байгуулалтын ажилд дахин 6 орчим тэрбум ам.доллар шаардлагатай гэж байсан билээ. Үүнээс Монгол улс өөрт ногдох 34 хувийн хөрөнгө оруулалтыг хийх ёстой. 

Мөн бид хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа төлбөр болгож авсан зээлээ ч төлөх ёстой байгаа билээ. 

Хэдийгээр ОТ төслөөс ирэх орлого бүтээн байгуулалт, үйлдвэрийн хөрөнгө оруулалтанд зарцуулагдаж байгаа ч ирэх жил манай улсын эдийн засагт 2,6 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлнэ гэдэг нь макро болон микро түвшинд асар том ач холбогдолтой гэж эдийн засаг судлаачид үзэж байгаа.

Тус төсөл цахилгаан болон усны асуудалд ч тодорхой шийдэлд хүрч чадсан талаар Д.Ганболд онцоллоо.

Тухайлбал, Оюу Толгой төсөл Тавантолгой цахилгаан станцийг ашиглалтанд орсны дараагаар тус станциас цахилгаанаа түрээслэхээр болжээ. 

Өнөөдрийн байдлаар Оюу Толгой ХХК-д 2587 Монгол хүн ажиллаж байна. Харин энэхүү төслийн хэмжээнд нийт 7743 Монгол хүн ажиллаж байгаа бөгөөд энэ нь нийт ажилчдын 93,3 хувийг эзэлж байна.