Уншиж байна ...

Австри Улсын Засгийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн үнэ бүхий 141 тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

ikon.mn
2024 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хамтран "АШУҮИС-ийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл"-ийг амжилттай хэрэгжүүллээ. 

Төслийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх арга хэмжээ Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн Төв эмнэлэгт өчигдөр болсон юм.

Тодруулбал АШУҮИС-ийн Төв эмнэлэгт 70 төрлийн 87 ширхэг, Нүүр ам судлалын Төв эмнэлэгт 17 төрлийн 24 ширхэг, Монгол анагаах ухааны төв эмнэлэгт 23 төрлийн 30 ширхэг буюу нийт 110 төрлийн 141 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээн авч байгаа юм. 

Тус арга хэмжээнд Монгол Улсад хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Австри Улсын Элчин сайд Андреас Рикен, дипломат төлөөлөгч нар, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан зэрэг албаны хүн оролцлоо.

Ташрамд дурдахад Монгол Улс 1963 онд Австри Улстай дипломат харилцаа тогтоож байв. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт олон удаагийн хөрөнгө оруулалт хийсний нэгээхэн хэсэг нь энэхүү АШУҮИС-ийн эмнэлгүүдийг тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл болж байна. Төслийн санхүүжилт 7.5 сая евро юм.

"Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэнээр АШУҮИС цогцолбор хэлбэрээр хөгжихөд чухал ач холбогдолтой"

зураг
 

Мөн АШУҮИС-ийн багш, Анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар "АШУҮИС төр засгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад анх удаа их дээд сургуулиудын эмнэлгийн тогтолцоог бий болгож, хөгжүүлж чадлаа. Манай сургуулийн харьяа найман эмнэлэг байгаа бөгөөд тав нь Улаанбаатарт, гурав нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. 

Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэнээр АШУҮИС цогцолбор хэлбэрээр хөгжихөд чухал ач холбогдолтой. Мөн олон улсын стандартад тохирсон сургалтын чанарыг нэвтрүүлэхэд нөлөөлнө" хэмээн ярилаа.

"Эрсдэл учрах үед АШУҮИС-ийн хүний нөөцийг маш сайн бэлтгэх шаардлагатай"

зураг
 

Төслийн ач холбогдлын талаар сайд Л.Энх-Амгалан "Монгол Улс өмнө нь их сургуулийн эмнэлгийн тогтолцоогүй байв. Тиймээс Монгол Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяа болгосон. Энэ нь дээд боловсролын салбарт хийж буй том төсөл. 

Энэ эмнэлэгт маш нарийн тоног төхөөрөмж хэрэгтэй. Цар тахлын үеэр монголчууд эрүүл мэндийн сайн тогтолцоотой байсны үр дүнд бусад улсаас тав дахин бага хохиролтой давж гарсан. Иймэрхүү эрсдэл учрах үед АШУҮИС-ийн хүний нөөцийг маш сайн бэлтгэх шаардлагатай. 

Ерөнхий сайд БНСУ-д айлчлах үеэр тус улсын их дээд сургуулиудтай хамтран 1,000 эрүүл мэндийн ажилтан бэлтгэхээр болсон. Ойрын хугацаанд БНСУ-тай хэлэлцээрийг үргэлжлүүлнэ. 

Энэ хөтөлбөрт сурсан оюутан эхний гурван жилд Монголд сурна. Тиймээс дотооддоо орчин үеийн тоног төхөөрөмж дээр ажиллаж сурах боломж нь АШУҮИС-ийн харьяа гурван эмнэлгээр бий болж байна" гэв. 

"Хүн амд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тодорхой хэмжээгээр сайжирна хэмээн үзэж байна"

зураг
 

Үргэлжлүүлэн Бүгд Найрамдах Австри Улсын Элчин сайд Андреас Рикен "АШУҮИС-ийн эмнэлгүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаанд уригдсандаа баярлаж байна. Хэзээ нэгэн цагт хүн ямар нэгэн байдлаар өвддөг. Тиймээс эмнэлгүүдийн чадал, чанарыг сайжруулах нь маш чухал. 

Энэхүү төслийг хэрэгжүүлсний үр дүнд хүн амд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тодорхой хэмжээгээр сайжирна хэмээн үзэж байна" хэмээн онцлов. 

Гэрэл зургуудаас: