Уншиж байна ...

Б.Золбоо: ТОП 100 аж ахуйн нэгж хөрөнгийн зах зээлд гарснаар санхүүгийн зах зээлд томоохон реформ бий болно

ikon.mn
2024 оны 4 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

“Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК Андеррайтер, зөвлөх үйлчилгээний хэлтсийн захирал Б.Золбоотой ярилцлаа. 

- Өөрийнхөө тухай товч танилцуулбал?

- Намайг Золбоо гэдэг. Би “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-д Андеррайтер, зөвлөх үйлчилгээний хэлтсийн захирал албан тушаалыг хашиж байгаа бөгөөд тус компанид андеррайтер, зөвлөх үйлчилгээний чиглэлээр 7 дахь жилдээ ажиллаж байна.

Миний хувьд тус хугацаанд 2 орчим их наяд төгрөгийн 20 гаруй гадаад, дотоодын зах зээлд үнэт цаас гаргах, зөвлөх үйлчилгээний төслүүд дээр ажилласан туршлагатай. Боловсролын хувьд би ОХУ-ын Москва хотод ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн Санхүүгийн зах зээлийн тэнхимийг амжилттай дүүргэж, төгссөн.

зураг
 

- Хөрөнгийн зах зээлийн чиг хандлага дотоод зах зээл дээр хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ?

- Монгол Улсын хувьд санхүүгийн салбарын 90 гаруй хувийг эзэлж буй гол тоглогчид нь арилжааны банкнууд байдаг ба энэ нь банкнаас бусад санхүүгийн зах зээл, тэр дундаа хөрөнгийн зах зээлийн хөгжил харьцангуй сул байгааг илтгэж байна. Нөгөө талаас Монгол Улсын хөрөнгийн зах зээлд хөгжих орон зай их байгааг харуулж байгаа юм.

Сүүлийн 5 жилийн хугацаанд дотоодын хөрөнгийн зах зээл хурдацтай өсөж, түүнд оролцох иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо нэмэгдэж байна. Тухайлбал 2005 оноос хойш хөрөнгийн зах зээлд 3 төрлийн 38 үнэт цаас гаргасан бол 2023 оноос хойш 6 төрлийн 48 үнэт цаас гарчээ. Ингэснээр 2018 оноос 2023 оны хугацаанд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд төгрөгөөс 11.7 их наяд болж өссөн байна. Түүнчлэн системийн нөлөө бүхий 5 банк IPO буюу хувьцаагаа олон нийтэд анх удаа санал болгосноор нийт 447 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт татсан бол 2021 оноос биржийн бус зах зээл зохицуулалттай болсноор ААН-үүд өнгөрсөн хугацаанд уг зах зээлээс нийт 2.5 гаруй их наяд төгрөгийн санхүүжилтийг татсан байна. Өөрөөр хэлбэл хөрөнгийн зах зээлд ийм хэмжээний санхүүжилт татах боломж, багтаамж байгааг илэрхийлж байгаа юм.

Засгийн газрын тогтоолоор төрийн өмчит компаниудын хувьцааг биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжаалан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн бирж өөрийн хувьцааны 34 хувийг олон нийтэд санал болгосон байгаа бөгөөд Монголын цахилгаан холбоо ТӨХК нь 2024 онд  хувьцаагаа олон нийтэд нэмж гаргах  зөвшөөрлөө авсан байна. Цаашид төрийн өмчит байгууллагуудыг хувьчлах ажиллагаа үргэлжлэн хийгдэх хүлээлттэй байна.

Монгол Улсын томоохон аж ахуйн нэгжүүд үнэт цаасаа хөрөнгийн зах зээлд санал болгож, санхүүгийн зах зээлд томоохон реформ болно

Цаашид эрх бүхий байгууллагуудаас дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого зохицуулалтын арга хэмжээг авч, дэмжсэнээр хөрөнгийн зах зээл улам тэлэхээр байна. Тухайлбал “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль” болон “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-д орох нэмэлт, өөрчлөлт ихээхэн дэмжлэг болж, хөрөнгийн зах зээлд эерэг дохио өгнө гэж найдаж байна. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо болон бусад эрх бүхий зохицуулагч байгууллагууд Монгол Улсын ТОП-100 ААН-үүдэд үнэт цаасны бүртгэлийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг бий болгож өгсөн. Ингэснээр Монгол Улсын томоохон аж ахуйн нэгжүүд үнэт цаасаа хөрөнгийн зах зээлд санал болгож, санхүүгийн зах зээлд томоохон реформ болно гэж бодож байна.

Мөн дотоодын хөрөнгийн зах зээлд үнэт цаасаа санал болгосон томоохон аж ахуйн нэгжүүд, банкнууд нь дараагийн шатанд гадаадын зах зээлд үнэт цаасаа гаргах болов уу гэсэн хүлээлттэй байна. Манай компани гадаадын зах зээлд үнэт цаас гаргах ажиллагаанд оролцож, зөвлөх үйлчилгээг үзүүлж ирсэн бөгөөд үүний хүрээнд уг үйлчилгээг цаашид өргөжүүлэх ажлууд хийгдэж байна.

- ТОП 100 аж ахуйн нэгж хөрөнгийн зах зээлд орох нь тэдэнд ямар давуу талуудыг авчрах вэ?

- Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлд 2 төрлөөр оролцох боломжтой. Нэгт ААН-үүд хөрөнгө оруулагчийн хувиар оролцох боломжтой. Тухайлбал өөрсдийн сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг өндөр өгөөжтэй үнэт цаасанд байршуулж, мөнгөн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх эсхүл урт хугацаанд хөрөнгө оруулж ашигтай бизнесийг эзэмших ч боломжтой.

Хоёрт үнэт цаасаа санал болгох замаар хөрөнгө татан төвлөрүүлж төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх, нээлттэй компани болж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийн төрлүүдээ нэмэгдүүлж, эх үүсвэрийн өртгөө бууруулах, өөрийн компанийг зах зээл дээр бодитойгоор үнэлүүлэх, компаниа болон өөрийн үйл ажиллагааг олон нийтэд болон гадаадын зах зээлд эергээр таниулах, ажилтнуудаа хувьцаа эзэмшигч болгох замаар бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон төрлийн ач холбогдолтой.

Үүнээс гадна өмнөх асуултад дурдсаны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”, “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ын холбогдох заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулж, ТОП-100 аж ахуй нэгжүүдээс олон нийтэд санал болгон хувьцаа гаргахад хөрөнгийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүй байх, нээлттэй болон хаалттай хүрээнд тодорхой дүнгээр жилээс бага хугацаатай бонд гаргахад аливаа барьцаа, батлан даалт шаардахгүй байх, мөн нийтэд санал болгон гаргаж буй хувьцааг бүртгүүлэх тухай хүсэлтийг хялбаршуулсан горимоор хянаж, бүртгэх шийдвэрийг ажлын 10 хоногийн дотор гаргах давуу талуудыг бий болгож өгч байна.

Тухайлбал хувьцаагаа олон нийтэд нээлттэй хүрээнд санал болгож буй хуулийн этгээд нь сүүлийн нэг жилээс дээшгүй хугацааны дотор хийлгэсэн хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан байх шаардлагатай байдаг бол ТОП-100 ААН-үүд энэхүү шаардлагаас чөлөөлөгдөж байна. Ингэснээр үнэт цаас санал болгох ажиллагаанд тодорхой хэмжээний хугацаа болон зардал хэмнэж байгаа юм.

Дотоодын зах зээлд нээлттэй болон хаалттай хүрээнд бонд гаргах тохиолдолд заавал барьцаа, баталгаа, батлан даалтыг шаарддаг бөгөөд зарим тохиолдолд эдгээр нь бондын үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийн зардлыг бүрэн төлөх боломжтой хэмжээнд байх шаардлагатай байдаг. Харин ТОП-100 ААН-үүддээ тодорхой дүнгээр жилээс бага хугацаатай бонд гаргахад аливаа барьцаа, батлан даалт шаардахгүй байх зохицуулалт орж байгаа нь мөн л үнэт цаас гаргах ажиллагааг хялбаршуулж, зардлыг тодорхой хэмжээгээр бууруулах боломж олгож байна.

Мөн Санхүүгийн зохицуулах хороо нь одоогийн журмын дагуу аж ахуйн нэгжүүдийн нийтэд санал болгон гаргаж буй хувьцааг бүртгүүлэх хүсэлтийг ажлын 20 өдөрт багтаан хянаж, бүртгэх эсэх шийдвэрийг гаргахаар заасан байдаг. Харин ТОП-100 ААН-үүдэд зориулан уг ажиллагааг хялбаршуулсан горимоор гүйцэтгэж, бүртгэх шийдвэрийг ажлын 10 хоногийн дотор гаргаж байгаа нь үнэт цаас гаргах хугацааг багасгаж байна.

- Танай компанийн зүгээс хөрөнгийн зах зээлд гарах ТОП 100 аж ахуйн нэгжүүдэд өгөх зөвлөгөө байна уу?

- Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн их танхим, Улаанбаатар үнэт цаасны бирж хамтран явуулсан 2022 оны судалгаагаар “Компани үнэт цаасаа анх удаа олон нийтэд санал болгоход тулгарч буй бэрхшээл, дэмжлэг” судалгаагаар аж ахуйн нэгжүүдийн 70 орчим хувь арилжааны банкны зээлээр санхүүжилтээ авдаг, 71 орчим хувь нь хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах талаар дунд зэргийн мэдээлэлтэй болон огт мэдээлэлгүй, 63 орчим хувь олон нийтэд хувьцаагаа анх удаа санал болгох буюу IPO талаар хангалттай мэдээлэлгүй болон ямар ч мэдээлэлгүй гэсэн үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл дотоодын аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлд үнэт цаасаа санал болгож, санхүүжилт татах сонирхолгүйдээ бус үнэт цаас гаргах ажлыг хэрхэн, юунаас эхлэх талаар хангалттай мэдээлэлгүй байгаагаас хөрөнгийн зах зээлд оролцдоггүй байна.

ТОП-100 аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлд хөрөнгөө байршуулах эсхүл хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татах ажиллагаагаа хэрхэн, яаж, юунаас эхлэхээ мэдэхгүй байвал манай компанид хандахыг зөвлөж байна.

Мэдээж хөрөнгийн зах зээлд гарах нь ААН-үүдэд олон боломжийг нээж өгөх хэдий ч үүнийгээ дагаад чамгүй ажиллагаа шаарддаг. Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах аж ахуйн нэгжүүдийн хувьд эхний ээлжид стратеги, зорилгоо эрт тодорхойлох, компанийн давуу талаа нэмэгдүүлж, сул талаа багасгах шаардлагатай бөгөөд цаашлаад чадварлаг зөвлөхүүдтэй хамтран ажиллах нь үнэт цаасаа амжилттай гаргах гол үндэс юм.

Иймд ТОП-100 аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлд хөрөнгөө байршуулах эсхүл хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татах ажиллагаагаа хэрхэн, яаж, юунаас эхлэхээ мэдэхгүй байвал манай компанид хандахыг зөвлөж байна. Бид гэрээний хүрээнд компани бүрийн нууцыг чанд хадгалж, аль төрлийн санхүүжилт татах боломжтой, ямар бэлтгэл ажил хангах шаардлагатай зэрэг шаардлагатай бүх мэдээллийг өгч, хамтран ажиллахад үргэлж нээлттэй байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.