Уншиж байна ...

Украинд үзүүлэх $61 тэрбумын тусламжийг АНУ-ын төлөөлөгчдийн танхим дэмжлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Олон сар саатсан Украинд үзүүлэх $61 тэрбумын тусламжийн багцыг АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим Бямба гарагт дэмжлээ.

Санал хураалтын дараа төлөөлөгчдийн танхимын гишүүд алга ташиж, зарим нь Украины далбааг намируулж байлаа.

Гишүүдийн 311 нь дэмжиж, 112 нь эсэргүүцжээ.

Хэдийгээр намынх нь хатуу чиг шугам баримтлагчид албан тушаалаас нь огцруулах асуудлыг дэвшүүлэхээр сүрдүүлж байсан ч Бүгд Найрамдах Намын спикер Майк Жонсон төлөөлөгчдийн

танхимаар уг хуулийн төслийг амжилттай дэмжүүлж чадлаа.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский санал хураалтын дараа “Түүхийг зөв замд нь үлдээх шийдвэр гаргасанд би АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим, хоёр намд болон хувь хүнийх нь хувьд спикер Майк Жонсонд талархаж байна. Ардчилал, Эрх чөлөө дэлхий нийтэд үргэлж чухал ач холбогдолтой байх бөгөөд АНУ түүнийг хамгаалж байгаа цагт хэзээ ч ухрахгүй. Өнөөдөр конгрессын танхимын баталсан АНУ-ын тусламжийн тухай хуулийн төсөл нь дайныг өргөжүүлэхээс сэргийлж, мянга мянган хүний амийг аварч, хоёр үндэстнийг хүчирхэгжүүлэхэд туслах болно” гэж мэдэгджээ.

Одоо хуулийн төслийг конгрессын дээд танхим Сенат дэмжвэл АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден баталснаар хүчин төгөлдөр болох юм.

Бямба гарагийн санал хураалтын дараа Байден хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг Сенатын танхимд уриалсан байна.

Өчигдөр ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова уг тусламжийг “террорист үйл ажиллагааг шууд дэмжсэн үйлдэл” гэж буруутгажээ.

Сүүлийн саруудад Украины арми сум хэрэгслийн хомсдолд орж, 1,200 км гаруй урт фронтын шугам дээр Оросын армийн давшилтыг тогтоон барихад улам бүр хэцүү болж байгаа.

Бямба гарагийн санал хураалтад оролцсон Ардчилсан Намын 210 гишүүн бүгд дэмжсэн бол Бүгд Найрамдах Намын гишүүдийн 101 нь дэмжиж, 112 нь эсэргүүцжээ.

Бүгд Найрамдах Намын гишүүдийн энэ байр суурь тус намын спикер Майк Жонсоны хувь заяаг бүрхэг болгож байна.

Одоогоор тус намын гурван гишүүн спикерийг албан тушаалаас нь огцруулах уриалга гаргаад байгаа. Ирэх долоо хоногт уг асуудал хүчтэй яригдах төлөвтэй байна.

Бүгд Найрамдах Намын гишүүдийн энэ хандлагыг сонгуулийн жил сонгогчдын саналыг татах зорилготой гэж ажиглагчид үзэж байгаа. Олон тэрбумаар гадаад улс орнуудад туслахын оронд дотоодын асуудалдаа зарцуулах нь Америкийн олон нийтэд таалагдана гэж тэд тооцож буй бололтой.

Өчигдөр төлөөлөгчдийн танхим бас Израильд үзүүлэх $26.4 тэрбум, Тайвань зэрэг Энэтхэг-Номхон далайн бүсийн түншүүддээ үзүүлэх $8.1 тэрбумын тусламжийн багцыг тус тус дэмжсэн юм.

Дэмжсэн бас нэг асуудал нь Хятадын толгой компани нь эзэмшлээ зараагүй тохиолдолд ТикТок сошиал үйлчилгээг АНУ-ын зах зээлд хориглох тухай хууль байлаа.

Мөн Хятад, Орос, Ираны эсрэг авах шинэ хориг арга хэмжээнүүд, Оросын битүүмжлэгдсэн хөрөнгийг зарах замаар Украинд санхүүгийн тусламж үзүүлэх хуулийн төслийг төлөөлөгчдийн танхимын олонх дэмжжээ.

 

Эх сурвалж: BBC