Уншиж байна ...
Зураг
Зураг

Э.Батшугар: Хэрэглээний зээл аваад чанаргүй зээлдэгчийн тоонд орсон иргэдэд том сангаас зээл авсан хүмүүстэй ижил хориг тавьж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Чуулганаар “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар "Саяхан Монголбанкнаас мэдэгдэл гаргасан. Бидний ярьдгаар хар жагсаалтад орсон болон эргэлзээтэй зээлдэгч нарыг өршөөсөн тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарсан гэдгийг бүгд мэдэж буй.

Үүнтэй холбоотойгоор хэдэн асуулт байна. Эхнийх нь иргэдийн хэрэглээний зээлийг Хөгжлийн банк болон бусад Засгийн газрын тусгай сангаас авсан зээлдэгч нарын хэргээс ялгаж байгаа юу, энэ хоёр бол тусдаа асуудал гэдгийг тодотгож хэлье.

Зээлийн мэдээллийн сангийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Энэ бол 2011 онд батлагдсан хуулиар зохицуулагдаж байна. Энэ хугацаанд манай банк, санхүүгийн салбар хэд дахин томорсон, мөн дэлхийн чиг хандлага ч өөрчлөгдөж байна. 

Учир нь хэрэглээний зээл аваад чанаргүй зээлдэгчийн тоонд орсон нөхдөд том сангаас зээл авсан хүмүүстэй ижил санхүүгийн зургаан жилийн хориг тавьж буй. Үүнийг илүү уян хатан болгох шаардлагатай. Хоёрдугаарт боловсролын зээлийн сангийн асуудал бий. Хоёр сая төгрөгийн сургалтын зээл аваад цар тахал гэх мэт янз бүрийн шалтгаанаар ажил төрөл олдоогүй, зээлээ төлж чадаагүй хүмүүсийг гадаадын том сургуульд суралцах зээл авчхаад төлөөгүй хүмүүсийг энэ хоригт оруулдаггүй. Энэ бол шударга бус зүйл.

Мөн зээлээ цаг тухайд нь төлж байгаа иргэдийг урамшуулах бодлого байдаггүй. Тиймээс зээлийн мэдээллийн сангийн аргачлалыг өөрчлөх шаардлагатай байна. Санхүүгийн хувьд хариуцлагатай иргэдийг үнэлдэг системийг манайд нутагшуулах шаардлагатай байна.

Монголбанкнаас гаргасан өршөөлд нийт хэдэн иргэн хамрагдаж байгаа вэ, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүсье" гэв.

Түүний асуултад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван "Монголбанканд хар жагсаалт гэсэн зүйл байдаггүй. Харин 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, муу зээлийн ангилалтай боловч зээл нь бүрэн төлөгдсөн иргэдийн мэдээллийг уг санд тусгахгүй байх шийдвэр гарсан. Тиймээс зээлээ бүрэн төлж дууссан боловч эдгээр ангилалд бүртгэгдсэн иргэдийн мэдээллийг арилгасан гэж ойлгож болно.

Боловсролын зээлийн сангаас дотоодын их дээд сургуулиудад зээл авсан оюутнуудын мэдээллийг зээлийн санд өгөх журамтай. Энэ хүрээнд 2018-2023 оны хооронд 24,578 оюутны зээлийн мэдээллийг өгсөн. Харин гадаадад сурсан оюутнуудын мэдээллийг манайд өгөөгүй. 

Гадаад, дотоод гэж ялгалгүйгээр бүх л сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг санд нийлүүлэх ёстой. Ингэснээр илүү хариуцлагатай иргэн болж төлөвшүүлэхэд нь хэрэгтэй юм. 

Санхүүгийн хувьд тогтвортой, зээлээ цаг тухайд нь төлдөг иргэдэд үнэлгээ тогтоох систем рүү цаашид шилжих төлөвлөгөө бий" гэж хариуллаа.  

УИХ-ын гишүүн Э.Батшугар үргэлжлүүлэн "Байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоор гадаад валютын бууралттай холбоотойгоор валютын орлоготой компаниудтай Монгол Банк шууд харилцаж эхэлсэн. Өнөөдөр нөхцөл байдал арай өөрчлөгдсөн ч гадаад валютын ханш буурахгүй байна. Энэ талаар тодруулга авъя" гэсэн юм.

Түүний тодруулгад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван "Гадаад валютын хэмжээ сүүлийн 26 сарын хугацаанд 5.2 тэрбум ам.долларт хүрсэн. Төлбөрийн тэнцэл ашигтай гарснаар манай улсын гадаад валютын албан нөөц нэмэгдсэн. Цаашдаа арилжааны банкуудаар дамжуулах чиглэл барьж байгаа. Гэхдээ Монгол банкнаас тодорхой хүрээнд асуудал үүсгэхгүйн тулд бага хэмжээний валютыг барьж байна. Цаашид энэ арилжааны банк руу шилжүүлэхээр төлөвлөж байна" гэсэн юм.