Уншиж байна ...

Я.Өнөртүвшин: Таван шарын төмөр зам доогуурх гарц 160 метр урт, таван метрийн өндөр. Борооны болон үерийн ус зайлуулах шугамтай

Б.Манлай
2024 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Таван шарын 396 дугаар гармын орчимд төмөр зам доогуур тавьж байгаа нүхэн гарцын ажлын явцын талаар хариуцсан инженер, техникийн ажилтнууд өнөөдөр/2024.04.19/ мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер Я.Өнөртүвшин "Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Таван шарын төмөр зам доогуур авто замыг олон түвшинд, огтлолцуулах ажлын бүтээн байгуулалтыг 2022 оноос эхлүүлсэн. Уг бүтээн байгуулалт нь ажлын зураг боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, түлхүүр гардуулж өгөх гэрээний нөхцөлтэйгөөр хийгдэж байна.

Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниуд ажиллаж байгаа юм.

Түр барилга байгууламжийн ажил 2023 оны наймдугаар сард эхэлсэн бол төмөр замтай огтлолцох хэсгийн үндсэн барилгын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна.

Гэрээний хүрээнд дөрвөн байршилд баригдах нүхэн гарцаас хамгийн том нь Таван шарын төмөр зам доогуурх гарц. Тодруулбал нүхэн гарц буюу туннелийн урт 160 метр, зорчих хэсгийн чөлөөт зайн өндөр таван метр. Борооны болон үерийн усыг зайлуулах хоёр төрлийн насос суурилуулна.

Нүхэн гарцыг барихдаа төмөр замын хөдөлгөөнийг зогсоохгүйгээр угсралтын ажлыг хийх технологийг ашиглаж байгаа юм. Өмнө нь төмөр замын хөдөлгөөнийг 8-9 цаг хааж, барилга угсралтын ажлыг хийдэг байлаа.

Зураг төслийг найман сар, барилга угсралтын ажлыг 18 сарын хугацаанд хийх нөхцөлтэй. Авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын дунд үед нээхээр төлөвлөсөн. 

Төлөвлөсөн зураг төслийн хүрээнд баригдах барилга, байгууламжуудыг 2024 оны гуравдугаар улиралд багтааж, ашиглалтад оруулах хуваарьтай. 

Хермес, Геологийн төв лаборатори, Нарантуул гэсэн байршилд баригдах нүхэн гарцад борооны ус зайлуулах байгууламж төлөвлөгдсөн" гэж ярилаа.

Зураг
14 | 18 | 19 цаг