Уншиж байна ...

СУДАЛГАА: 2045 он гэхэд нийт хүн амын 60% нь Улаанбаатарт оршин суух хандлагатай байна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 4 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд" сэдэвт Үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. 

Энэ үеэр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Ц.Отгонхүүгийн танилцуулсан "Монгол Улсын хүн амын дотоод шилжих хөдөлгөөн, түүнд нөлөөлөх татах, түлхэх хүчин зүйлийн газар зүйн судалгаа"-ны урьдчилсан дүнгээс дараах зүйлсийг онцолж байна. 


1990-2045 он хүртэл нийт хүн амын өсөлтийг тооцсон тооцооллоос харахад: 

  • 1990 онд нийт хүн амын 27 орчим хувь нь Улаанбаатарт байсан 
  • 2020 онд нийт хүн амын 46 орчим хувь Улаанбаатарт байсан 
  • 2045 он гэхэд нийт хүн амын 60 хувь нь Улаанбаатарт оршин суух хандлагатай байгаа аж. 

"Сүүлийн 30 жилд Улаанбаатарт нүүж ирсэн хүний тоо хотын нийт хүн амын 45 хувьтай тэнцэнэ"

Уг өсөлтөд дотоод шилжих хөдөлгөөн хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг бөгөөд сүүлийн 30 жилийн хугацаанд хөдөө орон нутгаас нийтдээ 728,3 мянган хүн Улаанбаатар хотод шилжин ирсэн байдаг аж. Энэ нь 2021 оны байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын 45 хувьтай тэнцэх үзүүлэлт юм байна. 

Монгол Улсад ган, зуд тохиолдсон 2000-2002 он, 2009-2010 он мөн 2020 онд хүн амын шилжилт хөдөлгөөн эрчимжсэн байна. Жилд дунджаар 95,000 хүн шилжих хөдөлгөөнд оролцдог бол эдгээр жилүүдэд үүнээс өндөр байжээ. Ган, зуд, цөлжилт, бэлчээрийн доройтол нь хүн амыг хөдөөгөөс түлхэх хүчин зүйлс болж байна гэдгийг судлаач онцолж байв. 

  • 2000 онд 191.5 мянган малчин өрхтэй байсан бол дөрөвхөн жилийн хугацаанд 22.5 мянгаар буурсан. 
  • 2009-2010 онд 171 мянга байсан малчин өрхийн тоо 24 мянгаар буурч байжээ. 

Түүнчлэн энэ жилийн зудын нөлөөгөөр Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа гэдгийг судлаач онцлов. 

"Аймгийн төвдөө хамгийн ойр сумдад боловсролын үйлчилгээ, чанараас шалтгаалсан шилжих хөдөлгөөн өндөр байна"

1990-2000, 2000-2010, 2010-2020 гэсэн үечлэлээр аймаг сумдын түвшин хүн амын шилжилт ямар байсныг тооцоход 30 жилийн хугацаанд Орхон, Өмнөговь аймаг болон 21 сумдад хүн амын шилжин ирэх давамгайлсан. Бусад аймаг сумдад хүн ам шилжин явах нь давамгайлсан байжээ. 

Монгол Улсын хүн амын өсөлт сүүлийн 25 жилийн хугацаанд ганцхан цэгт буюу Улаанбаатар хотод эрчимтэй /80-90%/ явагдсан бол бусад хөдөө орон нутагт хүн амын өсөлт бараг ажиглагдаагүй гэв. 

Түүнчлэн ердийн сургуулиудын ихэнх нь хөдөө байхад төрөлжсөн, гүнзгийрүүлсэн, тусгай, олон улсын хөтөлбөртэй сургуулиудын ихэнх нь Улаанбаатар хотод байгаа аж. Аймгийн төвдөө хамгийн ойр байгаа 50 гаруй сумдад боловсролын үйлчилгээ, чанараас шалтгаалсан шилжих хөдөлгөөн өндөр байгаа аж.

Мөн замтай болохоос өмнөх 10 жилд хүн амын бууралттай байсан аймаг, сумдад зам ашиглалтад орсон дараагийн 10 жилд хүн ам нь тогтвортой өсөж байгаа ерөнхий зүй тогтол гарсан байна. 

Зураг
13 | 18 | 18 цаг