Уншиж байна ...
Зураг
Зураг

Иранаас харвасан 200 гаруй пуужин, дроны ихэнхийг устгаснаа Израилийн тал мэдээлэв

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө Ираны нутаг дэвсгэрээс харвасан 200 гаруй пуужин, нисгэгчгүй онгоцны ихэнх хэсгийг өөрийн холбоотнуудын хамтаар устгаж чадсанаа Израилийн эрх баригчид саяхан мэдэгдлээ.

Цөөн тооны пуужин Израилийн нутаг дэвсгэрт хүрч чадсаны нэг нь тус улсын өмнөд хэсэг дэх зэвсэгт хүчний агаарын баазад бага хэмжээний хохирол учруулсныг мэдээлсэн байна. Энэ үеэр нэг хүн шархадсан гэжээ.

Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Сирийн нийслэл Дамаск хот дахь консулын газарт нь халдсаны хариу арга хэмжээг Тегераны эрх баригчид Израилийн талаас авахаа амлаж байсан нь өнөөдөр ийнхүү хэрэгжиж байна.

Иран улс анх удаагаа өөрийн нутаг дэвсгэрээс Израиль улс руу довтолсон нь энэ юм.

АНУ-ын бүс нутаг дахь зэвсэгт хүчин Израилийн газар нутгийг чиглэсэн Ираны дронуудыг устгаснаа мэдээлсэн байна.

“Манай зэвсэгт хүчний бэлэн байдал, онцгой ур чадварын үр дүнд бид Израилийн нутаг дэвсгэрийг чиглэсэн бараг бүх пуужин, дронуудыг устгаж чадлаа” гэж ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.

Ираны довтолгоон өнгөрсний дараа Израилийн нутаг дэвсгэрт тавигдаад байсан иргэдийн шилжилт хөдөлгөөний хоригийг цуцалсан тухай тус улсын зэвсэгт хүчний командлал мэдээлсэн байна. Бүх төрлийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд тавьсан хоригийг зөвхөн хэвээр үлдээжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнөөдөр буюу Ням гарагт Их Долоогийн бүлгийн удирдагчдын шуурхай уулзалтыг зохион байгуулахаар зарласан байна.

Уг уулзалтаар Ираны халдлагын хариуд нэгдсэн дипломат хариу арга хэмжээ авах асуудлыг ярилцах гэнэ.

 

Эх сурвалж: BBC