Уншиж байна ...
Зураг
Зураг

Иран улсын арми Израилийн нутаг дэвсгэр рүү агаараас довтолж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Ираны хувьсгалт гвард өнгөрсөн шөнө Израилийн нутаг дэвсгэр рүү олон арван пуужин, нисгэгчгүй онгоц хөөргөсөн тухай Ираны төв хэвлэл мэдээллээ.

Харвасан зэвсгүүд байндаа хүрэхэд хэдэн цагийн хугацаа шаардлагатай гэж Цагаан ордон мэдээлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээсээ байнга мэдээлэл авч, Израилийн албаныхан болон холбоотнуудтайгаа харилцаатай байгааг Цагаан ордноос бас мэдээлсэн байна.

Иракийн эх сурвалжуудын мэдээлснээр Иранын талаас Иракийн нутаг дээгүүр олон тооны пуужин, нисгэгчгүй онгоц Израилийн зүгт харважээ. Израилийн Channel 12 телевиз мэдээлэхдээ Ираны талаас 100 орчим далавчит пуужин, дрон харвасны заримыг Сири, Йорданы агаарт устгасан гэсэн байна.

Тегераны эрх баригчид дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Сирийн нийслэл Дамаск хот дахь консулын газрын байрыг нь агаарын цохилтоор устгасан Израиль улсаас хариугаа авахаар бэлдэж байсан юм.

Дээрх цохилтын үеэр Ираны хувьсгалт гвардын долоон гишүүн алагдсаны хоёр нь өндөр албан тушаалын генералууд байжээ.

Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Байден хариу довтлохгүй байхыг Ираны эрх баригчдад анхааруулж, ингэсэн тохиолдолд Израилийг хамгаалахаа амлаж байв.

Ираны дронууд тус бүрдээ 20 кг орчим тэсрэх бодис тээвэрлэж буйг Израилийн чөлөөнд гарсан генерал Амос Ядлин хэвлэлд ярьжээ.

Израиль, Иракийн дунд оршдог Йордан улс агаарын орон зайгаа хааж буйг өчигдөр зарласан байна.

Израилийн арми Ираны агаарын довтолгоо илэрсэн тохиолдолд бүс нутаг бүрд түгшүүрийн дуут дохио зарлаж, хариу арга хэмжээ авахад бэлэн болсноо мэдэгджээ.

Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху ямар ч нөхцөл байдал үүсэхэд бүрэн бэлтгэлтэй байгаагаа зарласан байна.

Долоо дахь сардаа үргэлжилж буй Газын дайны турш Ливан, Йемен, Ирак дахь Ираны дэмждэг зэвсэгт бүлэглэлүүд Израилийн нутаг дэвсгэрт агаараас довтолж байсан. Гэхдээ Ираны зэвсэгт хүчин үүнд шууд оролцдоггүй байсан юм.

Харин Дамаск дахь дипломат төлөөлөгчийн газрыг нь устгасан явдлыг тэвчихгүйгээ Ираны эрх баригчид мэдэгдээд байгаа.

 

Эх сурвалж: BBC