Уншиж байна ...
Зураг
Зураг

Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт хүрсэн Францын тамирчин олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт Франц улсын иргэн эмэгтэй Эйфелийн цамхгийн хоёрдугаар давхарт авирч хүрснээр олсонд авиралтын дэлхийн дээд амжилтыг эвджээ.

34 настай Анук Гарньер 110 метрийн өндөрт 18 минутын хугацаанд авирсан юм. Энэ үйлдлээрээ тэр хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлсэд хандив цуглуулжээ.

“Миний мөрөөдөл биеллээ. Энэ бол гайхамшиг. Би өөрийн чадах зүйлд хэзээ ч эргэлзэж байгаагүй” гэж дээрх өндөрт төсөөлж байснаас хоёр минутаар илүү хурдтай авирсан Гарьнер ярьсан байна.

Өмнөх дэлхийн дээд амжилтыг 2020 онд Йоханнесбург хотын алдарт Совето цамхгуудын дунд дүүжилсэн 90 метр урт олсонд авирсан Өмнөд Африкийн тамирчин Ван Тондер эзэмшиж байжээ.

Эмэгтэй тамирчдын дээд амжилтыг 2022 онд Копенхаген хотын дуурийн ордноос дүүжилсэн 26 метр урт олсонд авирсан Данийн тамирчин Ида Матилде Стенсгард эзэмшиж байсан юм.

Харин Гарньерын хувьд эрэгтэй, эмэгтэй аль аль төрлийн хамгийн урт олсонд авирсан дээд амжилтыг тогтоож байна.

Тэрбээр 2022 онд саадтай уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснийхээ дараа олсонд авиралтын дээд амжилтыг эвдэх зорилго тавьж байжээ.

Стенсгардын дээд амжилт түүнийг зоригжуулж байсан гэнэ.

“Тухайн үед би өөртөө 26 метр бол надад тийм ч урт биш юм. Харин ямар байгууламжийг сонгох вэ? гэж хэлж байсан” гэж Гарньер дурсжээ.

Тэрбээр амжилтаа ахиулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

“Миний бэлтгэл маш сайн байгаа тул ойрын 10 жилийн дотор ахиулах бодолтой байна” гэж Гарньер ярьжээ.

Эх сурвалж: Associated Press